Б.Ганбат Дөрвөд далай хан аймгийн Илжгин ноёны хошуу Хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан Ханхөхий нурууны ар суга , одоогийн Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт 1976 оны улаан луу жил Батжаргалын гуравдугаар хүү болон төржээ.
 
Ганбатын аав Батжаргал бол нутагтаа "Өндөр" хэмээх хочийг авсан трактор , комбайны жолооч мэргэжилтэй , засвар хийж боосон тракторын моторыг хэний ч гар харалгүй өргөөд тавьчихдаг, нэлээд бяр тэнхээтэй, гар бөмбөг тоглож сумандаа шаггүй барилдчихдаг нэгэн байсан байна.
 
Б.Ганбат ч багаасаа барилдаж эхэлжээ. Тэрээр сумандаа 15-16 насандаа барилдаж шөвгийн дөрөвт үлдэж байжээ.
 
1994 оны Хяргас сумын төвд Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан болох сургаар аавтайгаа хамт мотоциклиор очиж, хоёрын даваанд дархан аваргын аманд гарч барилдсан нь аваргын нүдэнд тусч, Х.Баянмөнх аварга буцахдаа зориуд Батжаргалынхаар бууж аав, ээжтэй нь тохиролцож хотод бөх болгохоор ҮБТДС-д оруулж бөх болох зам мөрийг нь зааж өгсөн ачтан юм.
 
Б.Ганбат хотод ирснээс хойш сургуулийнхаа болон бусад заал танхимын барилдаанд тогтмол оролцож , богино хугацаанд амжилт гаргаж нэр төрийг олж , алдар нэрээ дуурсгаж эхэлжээ. Б.Ганбатыг билгийн нүдээр харж гарыг нь ганзаганд , хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол алдарт аварга Х.Баянмөнх юм.
 
Б.Ганбат 1996 онд Увс аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж аймгийн арслан цол авчээ.
 
1997 оны улсын баяр наадамд а/а цолтой анх удаа зодоглож хоёр давж у/з Ц.Цэрэнпунцагт унажээ.
 
1998 оны 6-р сарын 6 ,7 нд болсон хаврын их сорилгод УБ-ын хэсгээс шалгарсан шигшмэл 14 бөх тойргийн журмаар барилдахад гуравдугаар байр эзэлж байв.
 
1998 оны улсын баяр наадамд тав давж улсын начин цолыг 22 насандаа авчээ.
 
1999 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 23 насандаа авчээ.
 
1999 оны улсын баяр наадамд зургаа давж үлэмж бадрах чимэг.
 
2000 оны улсын баяр наадамд тав давж саруул сайжрах чимэг.
 
2001 оны улсын баяр наадамд зургаа давж үнэн зоригт чимэг.
 
Наадмын дараахан Баянхонгор аймагт болсон Даншиг наадамд түрүүлж УАЗ-469 маркийн машинаар байлуулж буцах замдаа авто осолд орж гэмтэл бэртэл авсан нь хэсэг хугацаанд барилдааны амжилт нь саарч муугаар нөлөөлжээ.
 
2000 оны улсын баяр наадамд гурав давж гэмтлээс болж а/а М.Цанлигт унажээ.
 
2000 оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.
 
2001 оны улсын баяр наадамд долоо давж өлзий бадрах чимэг.
 
2008 оны улсын баяр наадамд долоо давж хуурнин шуугигч чимэг.
 
2009 оны улсын баяр наадамд дөрөв давж у/н Ц.Сумъяабээст унасан боловч , у/н Ц.Сумъяабэйс сэргээшийн хэргээр авсан чимгээ хураалгаж , харин Б.Ганбат заанд улам нэмэх чимгийг нөхөн олгов.
 
2010 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж 34 насандаа улсын арслан цолыг хүртэв.
 
2011 оны улсын баяр наадамд зургаа давж цогт гарамгай чимэг тус тус аваад байна.
 
2003 ,2007, 2012, 2013 онуудын баяр наадамд дөрөв давж ц/з Ш.Уламбаяр а/а А.Цацавшир, у/н Т.Санчир, а/а Т.Баасанхүү нарт унажээ.
Б.Ганбат арслан 2001 онд Увс аймгийнхаа 70-н жилийн ойн баяр наадамд улсын аварга А.Сүхбатад унаж үзүүрлэж байсан бол 2011 онд 80-н жилийн ойгоор улсын улсын аварга С.Мөнхбатыг хаяж түрүүлж байв.
 
Үүнээс гадна сар шинийн барилдаанд 1998 онд а/а цолтой үзүүрлэж , 2009 онд у/з цолтой түрүүлж, 2005 ,2007 онуудад их шөвөгт үлдэж байлаа. Б.Ганбат арслан өндөр нуруутай , махлаг бадриун бие бялдартай , баруун талаараа голдуу барилддаг, тосгуулж хавсрах , шуудагдаж татах , өвдгөөрөө хашиж хавирах, хутгах мэхүүдийг чадамгай хийдэг, мөн жүдо бөхөөр хичээллэж амжилт гаргаж байснаас гадна Японы сонирхогчийн сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой бөх юм. Б.Ганбат арслан ҮБТДС-ийг багш дасгалжуулагч мзргэжлээр дүүргэжээ
 
Н.Батмөнх
 
Эх сурвалж: "Бөх" сонин