sonin.mn

Монголын анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер гээд маш олон зүйлийн анхдагч болсон энэ бүсгүйг Б.Сугарсүрэн гэнэ. Тэрбээр Европын фитнесс миссээр шалгарч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, Турк улсын фитнесс мисс, Монгол Улсын фитнесс миссийн хошой аварга зэрэг олон шагналуудыг хүртэж байсан гавъяатай нэгэн.

Үүний зэрэгцээ Олон улсын тэмцээнд Монголынхоо эмэгтэй тамирчдыг дасгалжуулан бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр оролцдог аж. Ингээд 74 жилийн түүхтэй "Эх орны манаа" сониныхоо энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны фитнессийн ОУХМ, Монгол Улсын хошой фитнесс мисс Б.Сугарсүрэнг урин ярилцлаа. Магадгүй зуу зуун хилчин түүний тууштай, хөдөлмөрч зан чанараас үлгэр дуурайл аваасай гэж хүснэ...

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Юуны өмнө намайг дугаарынхаа зочноор урин оролцуулж буйд таатай байна. Нийт хилчиддээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Батбуянгийн Сугарсүрэн гэдэг. Би ОХУ-ын Москва хотод арван жилийн боловсрол эзэмшсэн. Дараа нь Туркт багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн МУБИС-ийн Тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс. Москвад оюутан байхад нь хамт явсан нь их азтай явдал болсон.

Тухайн үед хүүхдээ авч явахыг зөвшөөрдөггүй байсан юм билээ. Би анх зургаан настайгаасаа уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн. Оросын сургалт маш чанга. Тэндээс л хатуужил гэдэг зүйлийг яс махандаа тултал мэдэрсэн гэх үү дээ. Ингээд 2000 оноос бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн. Манайд энэ спорт одоо л хөгжиж байгаа шүү дээ. Тэр үед Орост арай өөр байсан. 1994 онд Москвад Мадонна тоглолтоо хийсэн юм.

Түүний биеийг хараад одоогийн залуусын адил булчинтай эмэгтэй хүн ямар гоё юм гэдэг бодолд автаж байлаа. Тэгээд л Мадонна шиг болохын тулд фитнессээр хичээллэхээр шийдсэн. Энэ спортоор хичээллэж 2004 онд Европын бодифитнесс мисс болсон. Ингээд өөрийгөө харсан чинь юун Мадонна, түүнээс "аймаар" боди болчихсон байсан. Маш их хөдөлмөр гаргаж бэлтгэл хийдэг байсан болохоор анхны тэмцээнд ороод Европын мисс, дараа нь Турк улсын бодифитнесс мисс болсон. Хаалттай оронд Монгол охин түрүүлнэ гэдэг үнэхээр ховор завшаан. Түүнээсээ их урам авч энэ чиглэлээр тууштай хичээллэх болсон доо.

-Таны бага нас тэгэхээр Орост өнгөрч. Тухайн үедээ хүүхдийн хүсэл мөрөөдөл, хор шараар энэ спортоор уйгагүй хичээллэснээр өнөөдрийн амжилтад хүрсэн гэж ойлгож болох уу?

-Анх бодибилдингээр хичээллэхэд хүнд байгаагүй. Орост уран сайхны гимнастикаар хичээллэж байсан. Балет гэдэг утгаараа маш их шахуу хичээллэдэг байсан юм. Шөрмөс татаад бэлтгэлийн заалаар дүүрэн уйлаан, майлаан болно. Орой үдэш хоол идүүлэхгүй, өдөрт зөвхөн нэг л аяга ус уулгана. Норм нь тийм. Бидний бэлхүүс хоёр гарын атганд багтдаг байв.

Тийм хүнд зүйлийг үзсэн болохоор бодибилдингийн спорт надад хэцүү санагдаагүй. Гэхдээ хүнд, хэцүү биш гэж хэлж болохгүй л дээ. Энэ спортоор хичээллэхэд маш их тэвчээр шаардагдана. Хөлс их урсгахаар амжилт аяндаа ирдэг. Тэгээд балетаа орхисон. Анхандаа бодибилдингээр эмэгтэйлэг, өв тэгш бие бялдартай болно л гэж хичээллэсэн.

-Манайхан бодифитнесс мисс гэдэг нэр томъёог их шинэлэг гэж хүлээн авч байгаа энэ цаг үед та юу хэлэх вэ?

-Манайхан бодибилдингийг ганцхан төрлөөр буюу нийтлэг утгаараа булчин шөрмөс нь зангирсан, эрэгтэйлэг спорт гэж ойлгодог. Сүүлийн үед дэлхийн аваргад модель төрөл гэж шинээр гарсан. Энэ төрөлд модель шиг биетэй, өндөр сайхан охид оролцдог. Одоо спорт модель гэдэг төрөл шинээр гарч ирж байна.

Бодибилдинг, фитнес мисс, фигур атлетик, модель гэж төрөл мөн бий. Миний чиглэл бодибилдинг биш. Энэ төрлийн тамирчид тайзан дээр хөл нүцгэн, жингээрээ зогсдог. Харин миний хичээллэдэг мисс төрөл арай өөр. Оролцогч фигур фитнес, мисс фитнесс гэсэн хэд хэдэн төрөлд оролцож болдог. Миний хувьд өнгөрсөн оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны спорт модель төрөлд VIII байранд шалгарсан.

-Миний хувьд ч гэсэн таныг фитнессмисс гэхээр хав дөрвөлжин биетэй, бөөн булчин шөрмөс болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа. Гэтэл тэс өөр юм. Та биеийнхээ аль хэсгийг нь түлхүү хөгжүүлдэг вэ?

-Тамирчин хүний стандарт гэж бий. Түүнийгээ барих ёстой. Тэрнээс биш яг тэр, энэ хэсгээ илүү хөгжүүлнэ гэж байдаггүй. Тэмцээний үеэр оролцогч нарын ерөнхий биеийг нь харж дүгнэдэг. Бодифитнесс мисс гэдэг утгаараа хэт эрэгтэйлэг байж болохгүй. Гадаадын айхтар боди хүүхнүүд байдаг даа. Тэдний зааг руу нэвтэрч болохгүй. Түүний дунд шатыг баримтална. Хамгийн хэцүү төрөл нь миний хичээллэдэг бодифитнесс гэж би хувьдаа боддог. Хүний шуналд хязгаар байдаггүй шүү дээ.

Дасгал сургууль хийгээд ирэхээр хүн илүү шунадаг. Өөрөө өөрийгөө гаднаас нь хараад мэдэрдэггүй. Энэ утгаараа фигур, модель чанарыг барина гэдэг энэ спортын хамгийн хэцүү зүйл байдаг. Яагаад гэхээр бодибилдингийн эрчүүд хүндийн өргөлт их хийдэг. Харин бид хүндийн өргөлт хийхдээ бүгдийг зохицуулаад, эмэгтэйлэг чанараа авч үлдэн, булчинлаг болно гэдэг өөрөө нарийн шинжлэх ухаан юм.

-Тэгвэл энэ спортоор хичээллэхэд сайн дасгалжуулагч зайлшгүй хэрэгтэй юм байна. Таны анхны дасгалжуулагч хэн байв. Одоо хэний удирдлага дор хичээллэдэг вэ?

-Сайн дасгалжуулагчтай байж л тамирчин хүн амжилт гаргадаг. Миний түүх эсрэгээрээ. Өөрийн сонирхолоор энэ спортод анх дурлаж, суралцаад дасгалжуулагч, багшийн мэргэжил эзэмшсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд би өөрөө өөрийгөө дасгалжуулж ирсэн. Багш, дасгалжуулагчгүй байж ийнхүү том ярих нь сонин л доо. Ийм хүн амжилт гаргана гэдэг тун ховор.

Өөр дээрээ дасгалжуулагч хийнэ гэдэг түүнээсээ байнга суралцаж байхыг хэлдэг юм. Хүн хүний физилоги ондоо. Ер нь тамирчин хүн өөрийгөө байнга эмч шиг чагнадаг. Орчин үед надтай адилхан явна гэдэг хэцүү. Учир нь хүний сонирхол тодорхой хугацааны дараа буурдаг. Тиймээс би бусдад аль болох дасгалжуулагчтай бол гэж зөвлөдөг. Гурван жил бие даан бэлтгэл хийснээс гуравхан cap дасгалжуулагчтай бэлтгэл, сургуулиалт хийсэн нь дээр биз дээ. Цаг хугацаа алдахгүйгээр л суралцах хэрэгтэй.

-Манай залуучууд энэ спортыг хэр их сонирхож байна. Мэдээж тантай адил болмоор байна, дасгалжуулаач гэдэг санал их ирдэг байх?

-Фэйсбүүкээр маш их хүн над руу ханддаг. Тэднээс урмын гоё, сайхан үгнүүдийг ч хүлээж авдаг. Эрэгтэй хүмүүс хөдөлмөрийг минь ойлгодог. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс илүү намайг дэмждэг шүү. Би энэ спортыг сонирходог олон охидыг хот, улс, дэлхийн аваргад дасгалжуулан бэлтгэж байна. Өнгөрсөн жил миний шавь Дэлхийн аваргын тэмцээний залуучуудын ангиллаас шилдэг наймд шалгарсанд үнэхээр баяртай байгаа.

Охидуудад зөвлөхөд бодибилдинг фитнессээс айж болохгүй. Манайхан нэрнээс нь хүртэл айгаад байдаг. Хүн бүр эрүүл байя гэж ярьдаг хэрнээ энэ спортыг ойлгодоггүй. Бүх спортын хаан нь бодибилдинг юм шүү. Манай охидууд их гоё. Ази эмэгтэйчүүдээс тэс ондоо бие хаа, царай зүстэй. Би дасгалжуулагч хүн болохоор гадуур явахдаа хүртэл энэ хүнийг ингэж хөгжүүлбэл болох юм байна гэж хардаг.

-Манайд амжилт гаргах болов уу гэмээр залуус хэр олон харагддаг бол?

-Манай залуус бүгд л тэгж харагддаг. Харин биеэ л дасгалжуулах хэрэгтэй. Хүн заавал мэргэжлийн тамирчин болох албагүй. Ийм гоё байж нэг л их завтай хүмүүс байх юм. Завтай амьдралыг би хүлээн зөвшөөрдөггүй. Сайхан сургуультай, дээд боловсролтой залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй байна гэж ярьдаг хэрнээ өөртөө бэлтгэл хийх цаг гаргаж чадахгүй байна.

Гэтэл бэлтгэл хийхэд 2-3 цаг л зарцуулагдана. Зөв амьдрал гэдэг ааг амьсгаагүй хөдөлмөр шаарддаг. Хоногийн 24 цаг надад хүрэлцдэггүй. Би спортоор хичээллэдэггүй хүнийг бас ойлгодоггүй. Амьдралдаа ямар ч спортоор хичээллэж байгаагүй хүмүүсийн талаар бодоод үзээрэй. Тэр хүн ямар ч аз жаргалыг мэдрэхгүй, хажуугаараа өнгөрөөж байна шүү дээ.

-Таны хэлсэн тэр сайхан аз жаргалыг мэдрэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай санагдаж байна. Бидний ярилцлагыг уншиж байгаа хилчдэд хандаад спортоор хичээллэхийн үр ашиг, аз жаргалыг та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Миний амьдрал өглөө бүр шинээр эхэлдэг. Яагаад гэвэл би эрүүл хүн. Унтаж сэрээд л нарнаас эрч хүчээ авч байна. Хилийн алба маш хэцүү. Зовсон хүн л бусдын зовлонг ойлгодог. Спортлог байж, хүч хөдөлмөрөө гаргасан хүний хувьд би хилчдийн эрхэлдэг албыг хөндлөнгөөс нь мэдэрдэг. Харин одоогийн залуус бол ойлгохгүй. Хэдэн цагаар хилийн манаанд зогсоно гэдэг маш их тэсвэр тэвчээр шаардана. Биднийг жаахан байхад "алив чи хөдөлгөөнгүй зогс" гэхэд л тэсч чаддаггүй шүү дээ.

Ингэж зогсч байна гэдэг чинь өөрөө спорт. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь заавал бие бялдар нь гоё хөгжихдөө бус, тэсвэр хатуужил суухдаа байдаг. Зөвхөн хилчид гэлтгүй хүчний байгууллагын хүмүүсийг би хайрлаж явдаг юм. Зовсон хүнд бүх зүйл аз жаргалтай харагддаг. Эмээ маань ЦЕГ-т насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Тэрбээр 75 настай гэхэд автобусны хойноос шууд л гүйнэ. Гэтэл түүний насны ихэнх хөгшчүүл гэртээ ач гучаа хараад, солонгос кино үзээд, гэрээсээ ч гарч чадахгүй сууж байна. Ингээд бодохоор тэсвэр, тэвчээр цэргийнхний цусанд нь шингэчихсэн байдаг юм болов уу.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Хүмүүс ямар ч зорилгогүй амьдарч, өнөөдөр их завтай байна гэдэг. Надад төлөвлөөгүй ажилд зарцуулах цаг гардаггүй. Би жилийнхээ төлөвлөгөөг урьдчилан гаргаж улирал, cap, долоо хоногт нь хуваадаг. Ингээд төлөвлөгөөгөө дэвтэртээ бичдэг юм. Бодибилдинг фитнессдэр хичээллэдэг болсноос хойш үргэлж төлөвлөдөг болсон. Яагаад гэвэл цагийн хоолтой, өглөө оройдоо дөрвөн цагийн бэлтгэл хийгээд ирэхээр арын ажил амждаггүй юм. Урьдчилан төлөвлөгөө ийнхүү гаргаснаар ажлаа амжуулдаг болсон. Оюутан байхын л би тийм хүүхэд байсан. Найз нөхөдтэйгээ нийлдэггүй, их зожиг.

Хичээлээ тараад зааланд бэлтгэл хийнэ. Тэндээсээ гарч бассейнд ороод, дараа нь хичээлээ давтана. Орой гэртээ хариад өрөөнийхөө хаалгыг сайн гэгч нь хаана. Ингээд сая миний аз жаргал эхэлнэ шүү дээ. "Мэдрэл муутай" юм шиг ийнхүү явсан өдрүүдээ сүүлд бодоход өөрөө ч гайхдаг. Харин ингэж төлөвлөгөөтэй амьдарч байсан минь өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн. Монголоор дүүрэн гоё охидууд байна. Хамгийн гол нь төлөвлөгөөтэй, өөрийгөө дайчилж чаддаг байх ёстой.

Саяхан манай ангийн охин надад, "Сугараа би чамайг ер ойлгодоггүй байжээ" гэсэн юм. Яасан гэсэн, "Чамайг дандаа л зааланд байж байдаг болохоор их гайхдаг байсан. Гэтэл одоо хүн бүр фитнессээр хичээллэхээр хамгийн моодны хүүхэн чинь чи байна шүү дээ. Тэр үед хичээллэж байхгүй яав даа" гэж хэлэхэд би өөрийгөө ямар их хөдөлмөрлөснөө ойлгосон. Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс болоод ч тэр үү би урлагийн сонирхолтой, бас мэдрэмжтэй. Бодибилдинг ч гэсэн өөрөө урлаг, тайзны спорт болохоор би сонирхож, бүх зүйлээ түүнд зориулсан. Одоо ч түүнийгээ хөгжүүлээд явж байна.

-Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд дэргэд тань тусалж, дэмжиж байсан аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Манай аавыг Г.Батбуян гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумынх. Харин ээжийг маань Б.Болдмаа гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. Би харин Улаанбаатар хотод төрсөн. Намайг хүмүүс барууны аялгатай ярьдаг гэдэг юм. Москвад сургуулиа төгсч, Туркт ажиллаж, амьдарч байсан болохоор яалт ч үгүй аялга байгаа байх. Монголдоо анх ирсэн үеэ бодвол одоо их сайн ярьдаг болсон шүү.

-Туркт өнгөрүүлсэн он жилүүд таны хувьд ямар цаг үе байсан бэ?

-Миний амьдралын их сайхан үе Туркт өнгөрсөн. Тухайн үед Европын аварга болж, 2004 оны Туркийн бодифитнесс мисс гэж намайг цоллосон болохоор одоо ч гэсэн би тэр улсын тамирчин гэж явдаг. Тэгээд хөгжил нь ч арай илүү болохоор намайг илүү сайн ойлгодог, надад ээлтэй байдаг юм. Би зун бүр Туркт очдог.

-Турк улсын тамирчин гэж явдаг гэлээ. Харин олон улсын тэмцээнд Монголынхоо нэрээр оролцдог гэж сонссон юм байна?

-Би эх орондоо хайртай. Улс эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргахын тулд би тэмцээн уралдаанд оролцдог. Тэмцээнд оролцоход бэрхшээлтэй асуудал манайд их бий. Найз нөхөд Турк улсын нэр дээр оролцох нь илүү дэмжлэг сайтай юм биш үү гэж надад зөвлөдөг. Тэнд ямар ч тэмцээнд оролцсон бүх талаас нь дэмждэг. Би энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш хувийнхаа зардлаар тэмцээн уралдаануудад оролцсоор ирсэн.

Тив, дэлхийн уралдаан тэмцээний тайзан дээр "Монголиа" гээд зарлахаар өөрийн эрхгүй огшдог. Харин манайд бодибилдинг фитнессийг бүх нийтийн спорт болгох талаас нь огт дэмждэггүй. Нийтийн спорт болгож чадвал манайхан эрүүлжинэ шүү дээ. Би Туркт багшилж байхдаа Иранд уригдаж зургаан cap багшилсан юм. Тэнд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж хичээл заасан. Тухайн оронд нэгдүгээрт хөл бөмбөг, хоёрдугаарт чөлөөт бөх, гуравдугаарт нийтийг хамарсан спорт болох бодибилдингээр хичээллэдэг юм билээ.

Хаалттай орон хэрнээ таван хүн тутмын нэг нь бодибилдингээр хичээллэж байна. Манайх яагаад бодибилдингийг нийтийн спорт болгож болохгүй гэж. Харин Туркт би долоон жил дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед Стамбул хот 14 дүүрэгтэй байсан. Тус бүрдээ спортын цогцолбор төвтэй. Тэнд эцэг, эхчүүд сардаа нэг удаа бага хэмжээний мөнгө төлөөд хүүхдүүдээ хүссэн спортынх нь төрлөөр хичээллүүлдэг. Намайг тус улсаас спортын апь ч цогцолборт нь багшлах эрхээр шагнасан.

-Олон жилийн туршид спортыг эрхэм болгосон хүний хувьд таны амьдралын гол утга юунд оршдог вэ?

-Монголдоо би бали дасгалжуулагчаар ажиллаж байна. Залуу хүн учир надад маш их мөрөөдөл бий. Том юм мөрөөдөж, бага юманд унана гэж боддог. Миний мөрөөдөл эхнээсээ биелж байна. Би 2006 онд Азийн аваргад анх удаа оролцоод шагналт байранд шалгарсан. Анхны Олон улсын мастер цолыг хүртсэн. Төрөөс бодибилдингийн спортыг дэмжихгүй байгаа ч миний хөдөлмөрийг үнэлж Биеийн тамирын тэргүүний ажилтан болгосонд баяртай байна. Мөрөөдөл гэж хязгааргүй шүү дээ.

Одоо дахиад хэдэн жил зүтгэж, улс орныхоо нэрийг өндөрт гаргахуйц сайн дасгалжуулагч болъё гэж боддог. Миний хувьд өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэн нэгнээс 100 төгрөгийн ч дэмжлэг авч үзээгүй. Олон улсын уралдаан тэмцээнд оролцоход хөрөнгө мөнгө их шаардагддаг учир хувийн багш, дасгалжуулагч хийдэг. Цаашид авах юмаа аваад, хүрэх цэгтээ хүрсэн хойноо маш том спорт заал нээнэ гэсэн мөрөөдөлтэй явдаг. Аав, ээж минь хүнийг ялгаж харьцахгүй байх хүмүүжлийг надад олгосон.

Би хүнд хэлье гэсэн үгээ шулуухан хэлчихдэг. Манай улсад спорт заал олноор байгуулагдаж байна. Сарынх нь төлбөр өндөр болохоор тэр бүр залуучууд хамрагдах боломжгүй байдаг. Манайхан чинь хэдэн төгрөгийн орлоготой билээ дээ. Миний мөрөөдөл спорт заалтай болоод тэндээ бүх зүйлийг бүрдүүлж, цөөн хэдхэн төгрөгөөр бүртгүүлдэг, бас өөрөө хичээлээ зааж, чанартай сургалт явуулдаг болох.

Тэндээ нийгмийн бүх давхаргын айлын хүүхдүүдэд хичээллэх боломжийг нь бүрдүүлж өгнө. Бодибилдинг фитнессийг хөгжүүлбэл бусад бүх спортын төрлөөр олон улс, тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн мөнгөтэй айпын хүүхдүүд биш спортоор хичээллэхийг хүссэн хүн бүгдийг хамруулна. Би дасгалжуулагч хүний хувьд энэ хүүхэд цаашид спортоор хоолоо олж идэж чадах уу, үгүй юу гэдгийг нь хэлж, чиглүүлж өтө.

-Нэгэн сайхан өдөр миний болон олон аав, ээжийн хүүхдүүд таны мөрөөдлийн спорт зааланд хичээллэж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлээ зохиож амжсан уу. Ийм сайхан эмэгтэйд олон эрчүүд хайраа илчилдэг байх?

-Өмнөө маш том зорилго тавьсан болохоор одоохондоо гэр бүл зохиож амжаагүй явна. Мэргэжил минь тайзан дээр усны хувцастай гарах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Харин би тайзан дээр харагдаж байгаагаасаа тэс ондоо хүн. Орост сургууль төгссөн болоод ч тэр үү, нүүрэмгий талдаа. Залуучуудаас, "Чи үнэхээр гоё, сайхан шүү" гэдэг үгийг их сонсдог. Гэхдээ манай залуучууд тэр бүр сэтгэлээ илчилж зүрхэлдэггүй юм болов уу.

-Та аль клубт багшилдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар холбооны А зэрэглэлийн шүүгч, багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний хажуугаар хувийн багш дасгалжуулагч хийдэг. Цаашдаа бодибилдинг фитнесс чиглэлээр эрэгтэй, эмэгтэй олон арван чадварлаг тамирчдыг бэлтгэн гаргана гэж бодож явдаг.

-Бодибилдинг фитнессээр хичээллэхэд насны хязгаар бий юу?

-Эрэгтэй хуний бие 40 гараад ирэхээрээ хөгжихөө больдог. Харин 30 гарсан хойноо энэ спортоор хичээллээд 50,60 насандаа 40-тэй юм шиг харагддаг хүмүүс ч бий. Ид өсөлтийнхөө үед сайн багшийн удирдлагаар хичээллэх юм бол бүр гоё жигд хөгждөг. Бодибилдингийн спортоор эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 20 наснаас эхэлж хичээллэвэл тохиромжтой гэж би хувьдаа үздэг. Учир нь энэ бол их хүнд слорт шүү дээ.

-Та хилийн отряд, заставт очиж үзсэн үү. Үзээгүй бол хэрхэн төсөөлдөг вэ. Хилчид бодибилдингээр хичээллэхэд юунд анхаарах хзрэгтэй гэж бодож байна. Таныг сургалт явуулаач гэдэг санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?

-Бодибилдингийг ямар ч газар хийж болно. Заавал мэргэжлийн төхөөрөмж гэлтгүй лаазанд элс хийгээд түүгээрээ хүндрүүлэгчтэй штанг болгон хичээллэж болно. Би хил дээр очиж үзээгүй ч цаг наргүй улсынхаа хилийг сахин хамгаалж буй хилчид цагаа тулахаар спортынхон биднээс илүү тэвчээртэй байх гэж боддог. Надад хичээл заах санал ирвэл би дуртайяа зөвшөөрнө.

Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчидтэй илүү ихээр дотносч, өөрийн өчүүхэн чадварыг тэдэндээ хуваалцаж, бие бялдараа хэрхэн зөв хөгжүүлэх талаар хэлж өгөхийг хүсч байна. Ингэснээр магадгүй миний нэг мөрөөдөл биелэж, эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг оруулснаараа бахархах болно.

-Хил дээр очиж үзээгүй хэрнээ тэнд алба хааж буй хилчдийн талаар очоод үзчихсэн юм шиг ярихад тань эхлээд их гайхаж байлаа. Та түрүүнд, "Зовж үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог" гэж байсан. Спорт өөрөө их хөлс, хүчээр хэмжигддэг учраас тзр л хөлс, хөдөлмөрийг ойлгодог хүний хувиар манай хилчдийг мэдэрч байх шиг?

-Хил хамгаална гэдэг ямар хариуцлагатай, хүнд хэцүү алба юм бэ гэдгийг би үнэхээр мэдрээд байгаа. Яагаад гэвэл миний фэйсбүүкийн 4000 гаруй найзуудын дийлэнх нь цэргийн хүмүүс, тэр дундаа бүр хилчид байдаг. Надад өдөр бүр урам өгдөг хүмүүс бол хилчид. "Та ямар тэсвэр, хатуужилтай хөдөлмөрч юм бэ, таны сайхан зургуудыг хараад их урам авдаг шүү" гэж тэд хэлдэг.

Би өөрийгөө ингэж үнэлээгүй ч тэд намайг үнэлж байдаг агууяа. Миний зовлонг мэдэрсэн болоод л тэр шүү дээ. Залуучуудын сэтгэгдэлийг уншихад дийлэнх нь хилчдийнх байдаг. Яагаад гэвэл тэд спортын амжилт ямар их хөлс хүч, үнэ цэнээр олддог гэдгийн зовлонг өөрсдөө мэдэрсэн болохоор Та яаж ингэж чаддаг байна аа. Тань шиг болох юмсан, эмэгтэй хүн ингэж хөгждөг юм уу?" гэх мэтээр хандахад миний хоолой зангираад өөрийн эрхгүй огшиж, омогшдог. Үүнээс би зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгодог юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд би хилчдэд их хайртай байдаг.

-Амьдрал дээр хилчин найзууд олон бий юу?

-Спортын салбарт болон зарим нэг найз нөхөд бий.

-Та 10 гаруй жил гадаадад ажиллаж, амьдарчихаад тэндээ үлдэж болох л байсан. Гэхдээ өөрийн эр орноо гээд ирсэн таны хувьд үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ?

-Гадаадад байсан хүн өөрийн эрхгүй эх орноо үнэлэх, хамгаалах, харамлах сэтгэлтэй болдог. Ямар нэгэн таагүй мэдээ сонсохоороо "даварсан гадаадынхан" гэж өөрийн эрхгүй эх нутгаа харамлах сэтгэл төрдөг юм билээ. Нэгэнтээ надад, "Хүн болгон эмэгтэйчүүдийн байгууллага байгуулаад байхад яагаад эрчүүдийнхийг байгуулж болохгүй юм" гэдэг санаа төрж байлаа.

Эх орон гэж бодохоор л дотор дүрэлзэж байсан. Харин эх орноо санасан сэтгэл маань эргэж ирсэн хойно л гайгүй намдаж байна даа. Хятадууд хилийн доогуур нүх ухаж манай улсын баялгийг гаргаж байна гэдэг сул яриаг анх дуулчихаад хилээ хүч нэмэн хамгаалахсан гэж бодож явлаа. Тэр үед ёстой өөрийн эрхгүй хилээ хамгаалъя гэж бодогдсон шүү.

-Гадаадад олон жил болчихоор эх орноо гэх сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг байх даа?

-Зарим нэг хүмүүс "гадаад, дотоод явж галуу, шувууны мах идээд ирэхээрээ хүн их маягтай болдог" гэсэн бодлоо надад тулгах гэж үздэг. Намайг бараг л хүн тоохгүй ганц бие явдаг гэж хүртэл ярина. Тийм биш.Би ингэж их хөдөлмөрлөснийх монгол сайхан залуутай ханилна гэж дотроо боддог. Миний үр эх орныхоо төлөө зүтгэдэг байх ёстой. Эмс ариун байвал төр ариун гэдэг.

Би чинь өөрөө эх оронч үзэлтэй хүн. Тэр ч үүднээс "Даяар Монгол" хөдөлгөөнийхнийг маш их дэмждэг. Манайхан тэднийг буруу талаас нь хараад байдаг болохоос угтаа их зөв зүйл хийдэг гэж боддог. Манай бөхчүүд удам сайтай гэж ярьдаг нь цаанаа их учир жанцантай. Бүх улс үндэстэн өөрсдийн хил, соёлоо хамгаалах ёстой биз дээ.

-Өөрийн нэр хүнд, ирээдүйн алдар цолыг бодсон бол та эх орондоо эргэж ирэх байсан уу?

-Би нэг юмандаа тууштай ханддаг. Биеэ оторлоод, өөрийн аз жаргалаа хөөгөөд явж болох л байсан. Гэхдээ надад тийм сэтгэл байхгүй. Миний энэ олон жил хийсэн хөдөлмөр надад буцаад жаргал болж ирдэг. Хүн дуртай юмандаа бүх зүйлээ золиосолдог биз дээ. Үүнийхээ эцсийг нь үзэж Монголдоо амьдарч, үр хүүхэддээ өвлүүлнэ. Эхэлсэн бол дуусгана гэдэг зорилго миний өмнө бий. Би Соёлын дээд сургуульд найруулагчийн ангид суралцаж байгаа.

Цаашид залуучуудыг хамарсан спортын олон сайхан нэвтрүүлэг найруулах санаа надад бий. Ер нь би өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэлтэй. Урлагийн гэр бүлээс гаралтай, Урлагийг хүсч мөрөөддөг хэрнээ спортод нэгэнт хөл тавьчихсан хүн. Үнэхээр цаг зав надад гардаггүй л дээ. Спорт залуу насны сонирхол. Нэг л өдөр дуусна. Харин тэр үедээ би урлагаар амьдарна.

-Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

-Дүрэмт хувцас өмссөн хүнийг харахаар их гоё харагддаг. Тэр тусмаа ажил, гэр бүл, үр хүүхэд гээд маш олон зүйлийг амжуулахын хажуугаар хилчин хэмээх нэр хүндтэй албанд ажиллаж буй бүсгүйчүүдээр үнэхээр бахархаж байна. Та бүхэн запууст үргэлж үлгэр дуурайлал болж байдаг юм шүү. Хилчид зүгээр л агуу хүмүүс.

Харин спортлог байгаарай гэж хүсэх байна. Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчиддээ Монгол цэргийн баярын мэндийг хүргэе. Бас энэ завшааныг тохиолдуулаад насаараа цэргийн байгууллагад ажилласан эмээ Н.Чулуундуламдаа Монгол цэргийн баярын өдрийн мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан ахлагч О.Алтанцэцэг

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин