sonin.mn

МАЛАБО. /ВВС/. “Эбола” вирус тархаж болзошгүй гэж эмээн Марокко улс татгалзсаны дараа 2015 оны Африкийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах улсаар Экваторын Гвинейг сонголоо гэж Африкийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/ мэдэгдлээ.

АХБХ энэ тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг юм. Марокко улс уг тэмцээнийг ирэх оны 1-2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ. Гэхдээ Баруун Африкийн зарим хэсэгт ”Эбола” тархсантай холбогдуулан тус улсын хөл бөмбөгийн холбоо уг арга хэмжээг зохион байгуулахыг хойшлуулах хүсэлт тавьсан юм.

Харин энэ хүсэлтээс нь АХБХ татгалзаж, Мароккогийн шигшээ багийг тус тивийн АШТ-ээс хассан. Тэмцээн анх төлөвлөсний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 8-ны хооронд болно.

Экваторын Гвиней нь Африкийн хамгийн жижиг улсуудын нэг бөгөөд 700 орчим мянган хүн амтай юм. Тус улс нь тивийнхээ нефтийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг гэдгээрээ алдартай билээ. Экваторын Гвиней нь Африкийн хөл бөмбөгийн АШТ-ийг хөрш Габонтай хамтран урьд нь зохион байгуулж байсан түүхтэй.

Г.Доржханд

Эх сурвалж: