Монгол эр хүн бүр барилдаж өсдөг. Харин барилдаанч хөвгүүд дундаас засуул болсон нь тун цөөн байх шүү?

-Тийм ч байж мэдэх л юм байна шүү. Миний хувьд бол 1966 онд тойргийн барилдааны оноолт хийж өгөөч гэж хүссэн цагаас л хойш бөхтэй холбогдсон доо. Тэр үед Октябрийн районд зохион байгуулагч хийж байсан юм. Энд ажиллахаасаа өмнө барилгын нэгдүгээр ТМС-д ажилладаг байлаа. Тухайн үед байгуулагдсан “Замчин" нийгэмлэг нь чөлөөт бөхөөр анхны спорт хороо байсан болохоор спортын хорхойтон хүний хувьд дуртай нь аргагүй яваад орчихгүй юу.



-Спортод шимтэх сонирхол таныг наадмын талбай руу хөтөлсөн байх нь ээ?

-Бараг л тийм юм даа. Би ер нь спортын төрөлд багаасаа “хорхойтой”. Воллейболын улсын шүүгч ч хийдэг байлаа. Хамгийн гол нь “Замчин” нийгэмлэгт улсын цолтой бөх олон байсан нь миний сонирхлыг татсан байх.



-Улсын цолтой бөхчүүд гэхээр тэр үед төмөрзамд ажиллаж байсан хүмүүс үү?

Тухайн үед “Замчин” нийгэмлэгт харьяалагдаж байсан улсын цолтой бөхчүүдийн ихэнх нь баазын жолооч нар байлаа шүү дээ. Улсын заан Д.Долгорсүрэн, Ц.Амартүншин, Ё.Ишгэн Говь-Алтай аймгийн харьяат У.Пүрвээ, улсын начин З.Даваасүрэн, Ц.Юүвээ, Ц.Ванчигцэрэн, сүүлд харцага болсон Д.Одсүрэн гээд л. Даян аварга Ц.Чимэд- Очир гуай хүртэл төмөр замд амьдарч байсан болохоор энэ нийгэмлэгт бэлтгэл сургуулилтаа хийж барилддаг байсан юм билээ.

 


-Тэр үед “Замчин” нийгэмлэгээр овоглодог бөх олон байсан бол өнөөдөр төмөр замаас төрөн гарч буй бөхчүүдийн маань бяр чац, өсөх ирээдүй хэр байна гэж та боддог вэ?

-Төмөр замд олон бөх байдгийн учир гэвэл Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг бөхийн удам угсаа сайтай бүхий л газруудад зангилаад байдаг болохоор тэндээс хөдөөний бяр чадал нь багтаж ядсан аймаг, цэргийн цолтой олон сайхан бөх ирж барилддагт байгаа юм болов уу. Хоёрдугаарт замчдын ажил нь хүнд, хүч тэнхээ шаарддаг болохоор ажлын талбар дээрээ бие бялдар нь задарсан олон залуус бөх болж байна. Одоо Сэлэнгэ аймагт аймгийн заан Отгонбаатараас эхлээд л төмөр замд ажилладаг аймаг цэргийн цолтой бөхчүүд, сумын заанууд тодорч байна. Ингээд бодохоор төмөр замаас улсын цолтой бөх төрөх магадлал өндөр гэж боддог.

 


-Засуулчийн тухай яриа руугаа хоёулаа эргээд оръё. Бөхийн цол дуудахад ой тогтоолт, хоолой гээд багагүй чадвар шаардана биз?

Бөхийн цол дуудаж сурахад нэн тэргүүний шаардлага бол хоолойн чадал сайтай байх ёстой л доо. Би залуудаа ард түмний спартакиадад ардын болон зохиолын дууны төрлөөр оролцож тэргүүн, дэд байр эзэлдэг байсан. Магадгүй энэ чадвар нөлөөлсөн байх. Намайг анх үндэсний бөхийн дэвжээ рүү ороод гарын да хийгээд явж байтал Лүгдэн гэж алдартай цолч хүн намайг дуудаад “Чи дуу дуулж байна энэ тэр гэж хэрэггүй яваад байх юм. Чамайг засуулаар ажиллуулъя” гээд цол дуудахыг зааж өгсөн. Зүгээр нэг дуу дуулахад нэлээд сургуулилт хийдэг дээ, түүнээс ч илүү бэлтгэл хийсний хүчинд боломжийн хэмжээнд цол дуудаж сурдаг юм билээ. Мөн хоолой байвч маш их ур чадвар шаарддаг. Ерөөл магтаалын чанартай зүйл болохоор үндсэн үг хэллэгээс гадна тухайн бөхийнхөө онцлогт тохируулан маш богинохон хугацаанд өөрөө сэтгэн бодож үг оруулахаас эхлээд. Тэгээд л би 1967 оноос өнөөг хүртэл төрийнхөө наадамд бөхийн цол дуудаж байна даа.

 


-Дуу дуулах гэснээс та “Монгол бөхийн дэвжээ” дууны үгийг зохиосон гэл үү?

Тийм ээ. Тэр үед чинь яг цагаан cap болох гэж байсан юмдаг. Би дууны үг биччихээд ая зохиогч Т.Нямдоржид өгтөл маргааш нь билүү дээ дуу болгоод С.Жавхлан дуулсан байсан. Ер нь, бөхийн ногоон дэвжээн дээр олон жил ажилласан хүний хувьд сэтгэлд онгод орох үе тохиосон юм шиг байгаа юм. Өмнө Э.Бүрнээбаярын дуулсан “Хайрын заяа” дууны үгийг зохиосон. Мөн “Бөхийн өргөө”, “Бөхийн холбоо” гээд хоёр магтаалын үгийг бичсэн.

 


-Анх том цолтой бөх цоллохдоо сандарсан уу?

Нэг удаа “Хөдөлмөр” ниймгэмлэгийн зааланд өглөө 10.00 цагт болсон барилдаан дээр хоёрын даваа эхлэх дөхөөд байтал гэнэт Лүгдэв багш маань “Чи одоо Цэрэнтогтох аваргын цолыг дуудна шүү гэдэг байгаа. Тэгээд л эхэндээ бага зэрэг сандарсан. Тэгж сандарахыг минь мэдсэн бололтой эхлэхийн өмнө Д.Цэрэнтогтох  аварга над руу харснаа “Биеэ барилгүй чөлөөтэй, сайхан дуудаарай” гэхээр нь тайвшраад явчихсан.

Тэрнээс хойш том цолтой бөхчүүдийн цолыг олон дуудсан. Х.Баянмөнх аваргын цолыг л гэхэд дөрвөн удаа дуудсан. Харин Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Дамдин нарын цолыг дуудаж үзээгүй. Газар газраас ирсэн, өөр өөр ажил мэргэжпийн бөхчүүдийн цолыг дуудахад мэдээж амаргүй. Зарим нь хэл эвлэхээргүй, хоолойны цар хүрээ, амьсгааны хуваарилалтад таарамж муутай үг, өгүүлбэр ч гарна. Харин Говь Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат, “Замчин” нийгэмлэгийн бөх, Улсын заан З.Пүрэвээ гэх мэтээр “Замчин" нийгэмлэгийн нэрийг оруулаад дуудахаар яагаад ч юм өнгө аяс нь нэг их сайхан нийцдэг. Гуравхан үгнээс шалтгаалаад л тэс өөр чимэг болж байдаг нь сонин шүү.



-Олон жил засуул хийсэн хүний хувьд орчин цагийн засуулуудын чадвар хэр байна гэж боддог вэ?

Засуул хийхэд хамгийн чухал нь цол сайн дуудаж сурах. Эхний, гуншингийн, амлалтын гээд гурван үндсэн хэсгийнхээ үгийг цээжлээд дараа нь амьсгаагаа зөв хуваарилахаас эхлээд чадвар шаардана шүү. Үгийнхээ хуваарилалтыг зөв хийхгүй бол наадамчин олны дунд гацна шүү дээ. Нэг үе бөхийн засуул цөөхөн байсан бол одоо олон болжээ.

Гэхдээ орчин цагийн зарим засуул үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу цол гуншингаа бүрэн дуудахгүй байна. Заримдаа ч, ор нэр төдий үгийг нь хагаслаад дуудчих юм. Тэглээ гээд нэг ч удаа хариуцлага тооцдоггүй болохоор энэ алдаа улам лавширсаар л байна даа. Цаашид энэ мэтээр яваад байвал үндэсний бөхийн цол дуудах гэдэг том ёс уламжлал алдагдаж гүйцэх нь.

Түрүү үед багш нар нь залуу засуулынхаа алдааг тэр дор нь хэлж өгдөг байлаа шүү дээ. Одоо тийм зүйл байхгүй болчихсонд л сэтгэл эмзэглэдэг. Өнөө цагт бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа бага хийдэг. Мэх муутай болж байна гээд л ярих болж. Үнэндээ, манайхан алив юмыг хялбарчлах гээд уламжлалаа гээгээд байна уу гэсэн бодол төрдөг юм шүү?


-1980-аад оныг бодвол төмөр замын бөхчүүд өсөж байна. Яг энэ үед нь Замын захиргаанаас дэмжлэг үзүүлчихвэл зүйтэй юм шиг санагддаг. Жишээлбэл, өмсгөл, дэвжээнээс өгсүүлээд материаллаг баазыг нь сайжруулж өгөх хэрэгтэй л дээ. Ер нь, тэгээд үндэсний бөх гэлтгүй, самбо, чөлөөт гээд төрөл тус бүрд нь дэмжих хэрэгтэй юм болов уу. Материаллаг бааз нь бэлэн болчихсон ийм үед дасгалжуулагчийн чадвар, бэлтгэл сургуулилт хийх орчноос амжилт шалтгаалдаг болж.


Шүүмжлэлтэй талаас нь харвал үндэсний бөхийн дүрмийг чанд баримталж барилдахын зэрэгцээ арга техник, мэхний ур чадварт суралцах хэрэгтэй байна. Сүүлийн үед барьц булаалдах барилдаан болж байна шүү дээ. Мэх мэдэхгүйгээсэ болоод барьц авах гээд л дайраад байдаг. Тэгсэн хэр нь, барьцаа авч чадахгүй. Хүч шаардсан бэлтгэл хийхгүй байна гэдэг ч үнэн. Наадмын бэлтгэлд гарсан нэртэй амралтын маягтай байж байгаад ирдэг болсон.


Энэ их буруу. Магадгүй, төмөр замчин залуус сайн барилдаж байна аа гэдэг нь тэд байнга хүнд хүчир ажил хийж, товчдоо байнгьн бэлтгэлтэй байдаг болохоо тэр л дээ. Уламжлалт бэлтгэл болох хүч тамирын бэлтгэл мартагдаж, Монгол ахуйгаасаа тасарч байна л гэсэн үг.
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж:”Ган Зам”