Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ дахь Монголчуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг ‘’Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Бельгийн Монголчуудын “Сүлд холбоо”, Элчин сайдын яам хамтран Бельгийн Вант улсын Гент хотноо хоёр  өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
 
Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Оч тэмцээнийг нээж баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж үг хэллээ. Энэ удаагийн тэмцээн нь Монгол улсад гар бөмбөгийн спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын “Волейболын Холбоо”-ны 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Монголын “Волейболын холбоо”-ны Европ дахь салбар зөвлөл байгуулагдсан байна.
Тэмцээнд нийт 8 орны 15 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа гарган өрсөлдсөнөөс
эрэгтэй багуудаас: 1-р байранд Бельги улсын  “Belgium” баг,
2-р байранд Чех улсын  “ЭСЯ-Прага” баг,
3-р байранд Австри-Чех улсын  “ILT” баг,
 
эмэгтэй багуудаас: 1-р байранд Австри улсын  “Монгол зүрх” баг,
2-р байранд Герман улсын  “DMV” баг,
3-р байранд Чех улсын “ILT” баг шалгарч цом, хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд боллоо. Дараагийн тэмцээнийг Австри улсад зохион байгуулах шийдвэр гарч шилжин явах дарцгийг гардуулан өгсөн юм.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг