sonin.mn
Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, бэлтгэл хурандаа О.Балжиннямтай ярилцлаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор шагнуулсанд баяр хүргэе?
 
-Баярлалаа. Миний амжилт бүтээл, амьдралын түүх бүхэн Зэвсэгт хүчинтэй холбоотой.
 
-Та жүдо, самбо, үндэсний бөх, чөлөөт бөх гээд цөөнгүй спортын ноён оргил болон гялалзаж явсан. Хошигнож хэлэхэд шатар даамаас бусдаар нь хичээллэж, тив дэлхийд амжилт гаргасан байна шүү...
 
-Тийм ээ, би олон төрлийн спортоор хичээллэж, өөрийн чадах хэмжээндээ амжилт гаргасан. Хөдөөний хүүхэд болоод ч тэр үү ямар ч зүйлд хурдан шаламгай сурна. Эхлээд үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед монгол хүн бүр бөх барилдах дуртай, бөх болох юм сан гэж мөрөөддөг ч байж. Намайг хүүхэд байхад зурагт гэж байсан биш бөхийн барилдааныг радиогоор л сонсдог. Аав тэмдэглэлт баяр болохоор л радиондоо наалдах шахам ойрхон суугаад бөхийн барилдааны оноолтыг сонсоход нь дагаж сонирхсоор байгаад “Би бөх болох ёстой” гэдэг ухагдахуун миний тархинд бат сууж. Өөр ч олон зүйл нөлөөлсөн байх. Манай аймагт болсон 32 бөхийн тойргийн барилдаанд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэндээ урамшаад жүдо, чөлөөт бөх, самбогоор хичээллэж эхэлсэн юмдаг. Ер нь намайг залуу байхад одоогийнх шиг дагнадаг байсангүй. Самбо, жүдо, чөлөөт бөх бүгдээр нь л хичээллэнэ. Нэг жилд нь самбо, жүдо, дараагийн жилд чөлөөт бөх гэх мэт ээлжилж тэмцээнд орно. Аль сайн байгаа төрлөөрөө л тэмцээнд оролцдог байсан.
 
-Үндэсний бөхөөр амжилттай барилдахын хажуугаар спортын олон төрлөөр ээлжлэн амжилт үзүүлж байсан нь таны бэлтгэл сургуулилт сайн байсных биз?
 
-Үндэсний бөхийн улсын аварга болж, жүдо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, самбогоор дэлхийн аваргад гурав түрүүлж, сонирхогчдын сумогийн дэлхийн аваргаас мөнгө, хоёр хүрэл медаль авсан гээд амжилтаа тоочвол бишгүй бий. Өнөөдөр миний шавь нар жүдо, самбо бөхөөр олимп болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгаж байгаа нь бахархал юм даа.
 
-Та Хөдөлмөрийн баатар болох тэр агшинд гэр бүлийнхээ хүнийг дурссан. “Энэ сайхан цолыг авахад нэг л хүнийг хамгийн ихээр үгүйллээ” гэж... 
 
-Амжилтын маань 80-90 хувь нь миний ханьтай холбоотой. Надад 5 сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Сайн ч эмэгтэй, сайхан ч бүсгүй байлаа. Монгол бөхийн дэг жаяг, үлгэр дууриал, аварга хүний гэргийн ёс жудгийг маш сайн мэддэг тийм л хүн байсан. Харамсалтай нь хүнд өвчлөөд түүнийгээ дийлээгүй. Хөдөлмөрийн баатар хэмээх сайхан цол авахыг минь миний хань тэнгэрээс хараад баярласан байх аа. Амьд сэрүүн байсан бол ямар их баярлах байсан бол доо.
 
-Тэгэлгүй яах вэ. Та Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар 13 жил ажилласан. Энэ тухайгаа хуучлахгүй юу?
 
-Саяхан “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Надад их сайхан санагдлаа. Бүх дурсамж, цаг хугацаа маань сэргэх шиг дотно мэдрэмж төрсөн. Энэ завшааныг ашиглаж “Алдар”-ын бие бүрэлдэхүүндээ баярласнаа илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 
Миний амьдралын 13 жил “Алдар”-тай салшгүй холбоотой. 1997-2011 он хүртэл тус спорт хорооны даргаар нь ажилласан. Анх намайг 1997 онд даргаар томилогдох үед манай улсын эдийн засаг амаргүй тэр дундаа спортын байгууллагад оруулах хөрөнгө оруулалт муу байсан үе л дээ. “Алдар” нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийн харьяанд шилжсэн, 5 хуруунд багтах цөөхөн тамирчинтай. Нэгэнт “Алдар” нийгэмлэг хэмээх хүчтэй байсан үе рүү нь дөхүүлэхийн тулд томоохон өөрчлөлт хийх хариуцлагатай үүрэг надад оногдсон. Үүнийхээ төлөө ч багагүй хичээж ажилласан гэж бодож явдаг. Эхний өөрчлөлт нь БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай уулзаж, тэдний дэмжлэгээр ЦНДС-ийн харьяанаас салгаж, өмнөх жишиг рүү нь шилжүүллээ. Тухайн үедээ л гэхэд 50 гаруй жилийн түүхтэй байгууллага байсан үе шүү дээ. Хоёрдугаарт бэлтгэл сургуулилт явуулах орчныг нь боломжийн хэмжээнд хүргэж, спортын 13 төрлөөр тамирчдаа бэлтгэж эхэлсэн. Тодруулбал, уурын зуухны барилгыг чөлөөт бөх, жүдогийн заал болгон засч сайжруулаад 100 гаруй орон тоотой байгууллага болгон өргөжүүлснээр өмнөх “Алдар” нийгэмлэг хэмээх утгандаа орсон.
 
-Богино хугацаанд сэргэсэн байна?
 
-Тэр үе богино хугацаа биш, өндөр ачаалал дунд ажилласан цаг үе байсан. Хурдан сэргэсэн гол шалтгаан нь сайн тамирчдыг нэг дор цуглуулж чадсанд оршино. Учир юу гэхээр 1997 онд шигшээ багууд тарж, клубын системд шилжсэн үе байлаа. Тэр үед шигшээ багийн дасгалжуулагч байсан болохоор жүдо, байт харваа, буудлагын зарим сайн тамирчныг “Алдар”-таа авчирсан. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, дэд хурандаа О.Гүндэгмаа байна. Энэ цаг үед улсын шигшээ баг “Алдар” спорт хорооноос хамааралтай байсан гээд хэлчихэд хилсдэхгүй. Харин дархан аварга Г.Өсөхбаяр спорт хорооны даргаар томилогдсоноос хойш үүнээс ч их ажлыг амжуулжээ. “Алдар”-ыг үндсэндээ Монгол Улсын жишиг спортын хороо болгожээ. Бэлтгэл сургалтын баазыг жинхэнэ утгаар нь бүрдүүлж, тамирчдынхаа бэлтгэл сургалтыг өндөр түвшинд базааж эхэлсэн байна. Миний сэтгэл хангалуун байгаа өөр нэг зүйл нь материаллаг баазаа түшиглэн хүүхэд багачуудыг биеийн тамираар хичээллэх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байна. Ингэснээр олимп, тив, дэлхийд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах, унаган тамирчнаа бэлтгэх өндөр ач холбогдолтой. Энэ хүүхдүүдээс л ирээдүйн аваргууд төрнө. Хоёрдугаарт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэр дундаа бие бялдар, сэтгэл зүйн төлөвшилтэй иргэнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгааг хараад өөрийн эрхгүй бахархлаа. Ер нь олон улсын жишиг ч ийм болж. Саяхан Өвөр Монголд очиход спортын байгууллагууд нь үндсэн тамирчдаас гадна хүүхэд багачууд спортоор хичээллэх гол бааз болсон байна лээ. Монгол Улсад үүнийг хэрэгжүүлж байгаа спорт хороо нь “Алдар” юм.
 
-Цаашид юунд анхаараарай гэж захих вэ?
 
-Зэвсэгт хүчний анги, байгууллагын офицер, ахлагч нарын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүлжүүлэхэд нь хамтран ажиллах ёстой. Намайг дарга байх үед энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчдын биеийн тамирын сургуулилтыг хариуцдаг байлаа. Би хүртэл “Энхийн төлөө” медаль хүртсэн. Энэ нь НҮБ-ын болон Олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг сайн бэлтгэлээ гэж тэр. Цаашид энэ чиглэл рүү орох хэрэгтэй.
 
-Таниас хөндлөн гэмээр зүйл асууя. Өнөөдрийн халуун сэдэв нь бөхчүүдийн хуваагдал болоод байна. Та ямар бодолтой байна вэ?
 
-Өнгөрсөн сард шадар сайд аваргуудыг хүлээж авч уулзсан. Баяр наадмаа уламжлал ёсоор сайхан явуулахыг уриалсан. Миний хувьд асуудал байгаа бол баяр наадмын дараа хууль дүрмийнхээ дагуу шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.
 
Дэслэгч Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин