sonin.mn
Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт 7-р сарын 27-29-нд амжилттай явагдлаа. Тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсоноор урьд өмнө байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болсон юм. Байгаль цаг уурын янз бүрийн (бороо, салхи, хурц нартай) нөхцөлд тэмцээн болж, тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр сорив. Тэмцээнийг Р.Мөнхтөр захиралтай "HIGHBRIDGE" компани ивээн тэтгэсэн байна.
 
 
Эрэгтэй элитийн уралдаанд 24 тамирчин өрсөлдсөнөөс "Виста" клубийн 16 настай тамирчин Ганбаатарын Амарсанаа 1 цаг 00,50 секундын амжилтаар хол тасархай түрүүлэв. Удаах байрт туршлагатай мастер Ч.Гансүх (Орхон аймгийн Хангарьд, 34 настай) 1 цаг 06 минут 27 секундаар, дэд мастер М.Төрболд (Орхон-Хангарьд) 1 цаг 08 минут 38 секундаар шалгарлаа. Эмэгтэй элитийн уралдаан бороотой, хүйтэн нөхцөлд өрсөлдөөнтэй болж, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн залуу тамирчид эхний хоёр байрыг эзлэв.
500 метрийн сэлэлт-15 км дугуй-5 км гүйлтээс бүрдсэн замыг 15 настай Бат-оршихын Энхжин 1 цаг 19 минут 34 секундэд туулж аваргалсан бол 14 настай Ойдовмөнхийн Эрдэнэзул 1 цаг 20 минут 21 секундээр удаалжээ. 30 настай Эрдэнэбатын Уянга (Ironman клуб) 1 цаг 20 минут 53 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болж, Монгол Улсын спортын дэд мастерийн болзол хангалаа.
 
 
Багийн буухиа уралдаанд Орхон аймгийн “Хангарьд-1” (багийн бүрэлдэхүүнд М.Төрболд, Э.Сүрэнням, Ч.Гансүх) түрүүлж, “Хангарьд-2”, “Dream team” медальт байрт шалгарсан. Триатлоны УАШТ-д оролцсон тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийнхээ хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс байв. Байгууллага хамт олноороо оролцох явдал маш ихээр нэмэгдсэн харагдав.
 
 
Гэрэл зургуудыг Э.Харцага