sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэлж, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Г.Ганцэцэг нар барилдаж манай хоёр эмэгтэй жүдочид хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн  48 кг-д М.Уранцэцэг Тайванийн тамирчин Гао Жунюнь 10:0-ээр хожиж хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жеонг Бокиеонд ялагдаж, хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Жон Юү Сантай барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ганцэцэг Хонконгийн жүдоч Цуи Шук Ки, Туркменистаны Бабамуратова Гулбадам нарыг тус тус ялж, БНСУ-ын Пак Дасолд ялагдаж хүрэл медалийн төлөө Тайландын жүдоч Варасиха Качакорнтой барилдахаар болов.
 
 
 
Медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 16 цагт эхэлнэ. Өнөөдөр манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар - Узбекстан,  64 кг-д Б.Чинзориг - Энэтхэг, эмэгтэйчүүдийн 51 кг-д  О.Жаргалан - Вьетнамын тамирчинтай тус тус тоглоно.
Мөн энэ өдөр хөнгөн атлетикийн эрэгтэй 1500 метрт Г.Одхүү уралдах бол  дугуйн эрэгтэй 4000 метрийн хувийн гараанд Т.Төгөлдөр, Параглидингийн эрэгтэй кросст эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид уралдана.
Яг одоо кураш бөхийн тэмцээн эхэлж байгаа бөгөөд эмэгтэй 63 кг-д Н.Ундрахзаяа, Б.Баасанжаргал, эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, М.Дагвадорж нар барилдана. Мөн ширээний теннисний манай холимог баг Балба, Хонконгийн багтай тоглосон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг