sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно.
Энэхүү эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд манай улсын 20 бөх хүч, ур чадвараа сорин барилдахаар бэлтгэлээ базааж байгаа юм. “Будапешт-2018” ДАШТ-ий дэвжээн дээр гарч зодоглох бөхчүүдийг танилцуулбал: Эрэгтэй бөхчүүдээс 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо тус тус барилдана.
Эмэгтэй тамирчдаас 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумьяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д Г.Наранчимэг  нар хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна.
ДАШТ-д оролцох баг тамирчдыг өнгөрсөн наймдугаар сорилго тэмцээн явуулж, тодруулсан юм. Харин энэ сорилго тэмцээнд түрүүлсэн П.Орхон, Ш.Түмэнцэцэг нарын оронд Э.Гантуяа, С.Батцэцэг нарыг ДАШТ-д сойхоор болсон билээ. Учир нь Азийн спортын 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д түрүүлсэн П.Орхоноос допингийн төрөлд багтах хориотой бодис илэрсэн бөгөөд П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон. Харин Ш.Түмэнцэцэгийн хувьд бэртэл гэмтэлтэй байгаа учраас энэ удаад гэртээ үлдэхээр болжээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг