sonin.mn
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Олон улсын хэмжээний мастер, Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн хос алтан медальт Г.Угалзцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
 
 
Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-нд Энэтхэг улсын Пунь хотноо болсон бөгөөд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт, дөрвөн цомтой эх орондоо ирсэн.
Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийн тухайд уг тэмцээний “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртсэнээр Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлж буй юм. Түүний амжилтаас дурдвал 2015 онд бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байв.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Юуны түрүүнд хувийн амжилт, хичээл зүтгэлээр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж буйд талархал илэрхийлье. Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар. Тиймээс салбар яамны зүгээс, эмэгтэй сайдын хувиар цаашид дэмжлэг үзүүлэх болно. Улам их амжилт хүсье” гээд “Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн”-д оролцохыг албан ёсоор урилаа.
Олон жил тасалдсан тус зөвлөгөөн  энэ сарын 18-ны Пүрэв гарагт Төрийн ордонд болох юм.