sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн 11 дүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно.
Энэхүү зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубын нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордлоо. Тухайлбал, 57 кг-д спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзнэ.
Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэн шүүх юм. Д.Кунаевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013 онд, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд тус тус түрүүлж байсан юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг