
САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын 20 /AFP/. Британи-Австралийн “Rio Tinto” компанитай хамтран литийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог давсны талбайгаас уг металлыг олборлохоор шийдвэрлэснээ Чилийн төрийн өмчит “Codelco” компани даваа гарагт мэдэгджээ.
Уул уурхайн компаниуд цахилгаан машин, ухаалаг утасны батерейны гол түүхий эд болох литийг гартаа оруулахаар яаравчилж буй үед дээрх гэрээг байгуулсан байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, "Литийн гурвалжин" гэгддэг Аргентин, Боливи, Чилид уг металлын дэлхийн нөөцийн 60 хувь нь байдаг ажээ. Чилийн хойд нутагт орших Марикунга давсны талбай нь давсны уусмалд агуулагдах литийн агууламжаараа Чилийн Боливитай залгаа хилийн ойролцоох Атакама давсны талбайн дараа хоёрдугаарт ордог.
“Rio Tinto” компани “Salar Maricunga SpA” нэртэй хамтарсан үйлдвэрийн 49.99 хувийг эзэмшихийн тулд 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж дэлхийн хамгийн том зэс олборлогч “Codelco” компани мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тус компани 50.01 хувийн хяналтын багцыг цаашид эзэмшинэ гэдгээ дурдсан байна. Чили бол “цагаан алт” гэгддэг металлын олборлолтоор Австралийн дараа ордог хоёрдугаарт ордог улс юм. Одоогийн байдлаар Чилийн бүх литийг Атакама давсны талбайгаас олборлодог. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борикийн санаачилгаар 2023 оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, бусад орд газруудыг ашиглах замаар олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Британи-Австралийн үндэстэн дамнасан “Rio Tinto” компани дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Австралийн “BHP”-ийн дараа ордог дэлхийн хоёр дахь том уул уурхайн конгломерат юм. “Rio Tinto” мөн Аргентин, Серби дэх литийн төслүүдэд хувь эзэмшдэг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Зөвхөн оргүй цаас мөнгөний төлөө эх дэлхийгээ нөхөн сэргэхээргүй болтол сүйтгэж бохирдуулж байгаа нь харамсалтай.
Оюунтолгойн УИХ дах нууц тавиулууд пиараа хийж байна уу