sonin.mn

АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 16 /ТАСС/. Аляск муж улсын Анкориж хотноо болсон ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, Аляскт хийсэн тохиролцоо нь Украины асуудлыг шийдвэрлэх, Орос-Америкийн харилцааг сэргээхэд тулгуур цэг болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.




Тэрбээр цааш нь хэлэхдээ “Орос улс украинчуудыг ах дүү ард түмэн гэж үздэг бөгөөд одоо болж байгаа зүйл бол эмгэнэлт явдал, хүнд хэцүү зовлон шаналал юм. Украины хямралыг эцэслэхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.




“Орос улс Украины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. Украины аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэж Ерөнхийлөгч Д.Трамп хэлсэнтэй би санал нэг байгаа. Түүнтэй харилцан ойлголцсон нь Украинд энхийг тогтоох замыг нээнэ хэмээн би найддаг” гэж Оросын удирдагч хэлэв.


“Хэрвээ 2022 онд Трамп ерөнхийлөгч байсан бол дайн дэгдэхгүй байсан, тухайн үед АНУ-ын өмнөх засаг захиргаатай хамгийн сүүлд холбоо барих үеэрээ миний бие Жо Байденд хандан “байлдааны ажиллагаа хэлбэрээр хүнд үр дагаврыг авчрах хүртэл нь нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй шүү” хэмээн итгүүлэн үнэмшүүлэхийг оролдож байсан, энэ бол том алдаа шүү гэдгийг шулуухан хэлж байсан” гэж В.Путин ярилаа.

Өнөөдөр Ерөнхийлөгч Трамп “хэрвээ би ерөнхийлөгч байсан бол дайн дэгдэхгүй байх байсан” гэж хэлэхийг бид сонслоо. Миний бодлоор, үнэн хэрэгтээ ийм л байх байсан, үүнийг би батална гэж В.Путин хэлэв.  


Б.Адъяахүү