sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 16 /DW/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой баасан гарагт утсаар ярьсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн TruthSocial сүлжээний хуудсандаа бичжээ.




“Беларусийн эрхэм ерөнхийлөгч А.Лукашенкотой гайхалтай сайхан яриа өрнүүллээ. Утасдсаны учир нь, 16 хоригдлыг сулласных нь төлөө түүнд талархал илэрхийлэх явдал байлаа. Бид мөн цаашид 1300 хоригдлыг суллах асуудлыг хэлэлцэж байна” гэж Трамп дурдсан байна. Тэд мөн В.Путиний Аляскт хийх айлчлалын талаар ярилцжээ.




Түүнчлэн "Ерөнхийлөгч Лукашенкотой уулзахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Трамп бичсэн байна. Беларусийн төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснээр, Лукашенко Трампыг Минскт айлчлахыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авчээ. Харин АНУ-ын тал энэ талаар мэдээлсэнгүй.




Д.Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүрэн эрхийнхээ эхний хугацаанд А.Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Энэ онд Беларусьт болох сонгууль нь “өнөөгийн залхаан цээрлүүлэлтийн нөхцөлд шударга чөлөөтэй сонгууль болж чадахгүй” гэж АНУ-ын Төрийн Департамент энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байв.

Ташрамд дурдахад, энэ оны зургаадугаар сарын сүүлчээр Д.Трампын тусгай элч Кит Келлог Минск хотноо А.Лукашенкотой уулзсаны дараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Сергей Тихановский болон улс төрийн бусад 13 хоригдол суллагдсан юм.  



Б.Адъяахүү