
Дархан-Уул аймгийн Дархан сумын ахмадуудтай уулзаж ярилцаж байхад Дархан хотын анхны шавыг тавьсан цэргүүд бол энэ хотын анхдагчид болох тухай, бас Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн Ч.Жанчив ахлагчтай залуучуудын бригад”-ын тухай олон удаа сонсов. Жаран жилийн тэртээх залуусын гялалзсан хөдөлмөр, бүтээл нь энэ цагт эргэн дурсах сайхан түүх болжээ. Энэ түүхийн эзэд болох С.Цагаан, Ч.Жанчив нартай уулзаж ярилцаад бахархах сэтгэл төрөв. Дарханы түүхийг бүтээлцсэн сайхан гэр бүлийн түүхийг “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булан уншигчдадаа хүргэж байна.
ДАРХАНЫ АНХДАГЧДЫН НЭГ С.ЦАГААН
1960-аад оны залуучууд. Ч.Жанчивын "Ухаарч амьдрах хорвоо" номноос.
Гэрийн эзэн С.Цагаан Ховд аймгийн Дарви сумын уугуул. 1961 онд цэрэгт татагдан, алба хаах хугацаандаа 200 гаруй нөхдийн хамт Дархан хотын шавыг тавилцсан. Халагдахдаа МАХН-ын уриалга, МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн шинэ байгуулж буй хотод ажиллаж, амьдрахаар үлджээ.
Цахилгаан станцад зуухны машинистын мэргэжил эзэмшин шинэ хотын гал голомтыг бадраахад гар бие оролцон зүтгэсэн тэрбээр станцын ажил мэргэжлийн аваргаар найман удаа шалгарч, шинэ бүтээл оновчтой санаачилга буюу ШБОС-10-ыг гаргаж нэвтрүүлсэн бүтээлч хөдөлмөрч нэгэн.
Цахилгаан станцаас Дулааны шугам сүлжээ тасарч гарахад анхны ажилчдынх нь нэг болж тийш шилжсэн анхдагчдын нэг. Өөрийн сурсан мэргэжлээрээ 20 гаруй шавь бэлтгэж сургасан гээд нийтийн сайн сайхны төлөө даруухан хөдөлмөрөө зориулсан С.Цагаан гуай Дархан хотын суурийг тавилцсан анхдагчдаас цөөхөн үлдсэн улсын нэг.
Гэргий Ч.Жанчив нь Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн. Анагаахын дунд сургууль төгсөөд 1965 онд Дарханд иржээ. Эмнэлэгт ажиллаж байсан тэрээр шинээр байгуулагдаж байсан Нэхий эдлэлийн үйлдвэрт ажиллах хүсэлтэй залуусыг сургаж авахад орж суралцаад энэ үйлдвэрийн ажилчин болжээ.
1960-1970 он гэдэг бол улс орны өнцөг булан бүрээс залуус илгээлтээр ирж ирээдүйн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцохоор хуран цугласан төв цэг болж байсан. Энэ дунд нэг нь Ховдоос, нөгөө нь Булганаас ирсэн хоёр залуу учирчээ.
Анх танилцсан тухайгаа Ч.Жанчив гуай “Дарханд ирээд удаагүй байхдаа ирээдүйн ханьтайгаа танилцсан юм. Би тэгэхэд эмнэлэгт ажиллаж байлаа. Нэг өдөр шөнийн ээлжинд гарахаар явж байсан станцын ажилчин залуу руу танхай этгээд дайрч, толгой руу нь цохиж гэмтээснээс болоод манай эмнэлэгт ирж эмчлүүлж байсан” хэмээн дурсав. Тэд 1965 онд танилцаж, 1966 онд гэр бүл болж, 1967 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны хүү нь төржээ. Гурван хүүхэд, арав гаруй ач зээтэй өнөр гэр бүлийн өвөө эмээ болсон буурлууд ирэх жил хуримын 60 жилийн ойгоо тэмдэглэнэ.
НЭХИЙ ЭДЛЭЛИЙН УЛСДАА ЦУУТАЙ БРИГАДЫН АХЛАГЧ Ч.ЖАНЧИВ
Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэр Болгар улсын тусламжаар байгуулагдсан. Анхны ажилчдаа Болгарт сургаж бэлтгэсэн, улсдаа гадаад валютаар орлого оруулдаг сайхан үйлдвэр байсан билээ. Энэ үйлдвэрт ажиллахаар эх баригч-сувилагчийн мэргэжлээ оёдолчноор сольсон Ч.Жанчив “Миний ажил хөдөлмөрийн оргилуун сайхан үе Нэхий эдлэлийн үйлдвэрээс эхэлсэн. Тэр үед манайх бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг том үйлдвэр байлаа.
Би Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит залуучуудын гавшгайч бригадыг ахалж, 90 гаруй залуусыг удирдан ажиллаж байв. Манай бригад ажлаараа улсад хоёр, хотдоо таван удаа аваргалсан түүхтэй.
Би ч хувьдаа улсын чанарын аварга цол тэмдэг авч, мастер, цехийн дарга, чанар шалгагчаар гээд үйлдвэрийнхээ шат шатанд нь ажилласан” хэмээн хуучилж байна. Тэр үед 16, 17-хон настай, сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд үйлдвэрийн ажилчин болохоор эвлэлийн илгээлтээр ирдэг байж. Тэднийг экспортын бүтээгдэхүүн оёдог нарийн мэргэжилд сургахаас гадна ээж, аавынх нь оронд ээж аав болж, амьдрал ахуйд нь хүртэл санаа тавьж, хүмүүжүүлэх нь үндсэн ажлаас илүү чухал үүрэг хариуцлага байсан гэж Ч.Жанчив гуай дурсаж байна. Ажил үйлсээрээ гялалзаж явсныг мэддэг учраас дарханчууд түүнийг гавьяат болсон гэж боддог аж. Энэ тухай лавлахад тэрбээр “Хэдийгээр гавьяатад тодорхойлогдсон ч зарим нэг хүний харилцаа хандлагаас болоод хүрэх газартаа хүрэлгүй гацаж байсан, харин ард түмэн, хамт олон маань намайг "гавьяат" гэж хүндэлдэгт нь би баярладаг” хэмээн хариуллаа.
АМЬДРАЛЫН УТГА УЧИР ҮР ХҮҮХДҮҮД
"Баян-Балчир" ХХК-ийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээн дээр үр хүүхдүүд минь санаачлан 55 жил хамтран амьдарч, амьдралынхаа аз жаргалыг туулсан бидний "Алтан хурим"-ыг ахан дүүс анд, найзууд, хөдөлмөрийн хамт олонтой минь тэмдэглэх үеийн торгон агшин. 2021 он.
С.Цагаан, Ч.Жанчив гэж энэ хоёр буурал өнөөдөр “Бидний амьдралын хамгийн том бахархал бол үр хүүхдүүд минь” хэмээн сэтгэл дүүрэн хэлж сууна. С.Цагаан гуай залуудаа буюу 1960-аад оны сүүлч, далаад оны эхээр өглөө ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ өлгийдүүлж аваад “Өглөөний агаар эрүүл мэндэд сайн” гээд урд талын уул руу гарч агаарлуулдаг хариуцлагатай аав байжээ. “Арай томроод ирэхэд нь өвлийн орой Холбооны байшингийн хажуугийн мөсөн гулгуурын талбайд хүүхдүүдээ гулгуулна. Тэднийг гэртээ орж ирэхээс өмнө би шар тостой аарц буцалгаад тавьчихдаг байлаа. Халуун аарц уулгаад унтуулна. Өглөө хүүхдүүддээ заавал унд хоол хийж өгнө. Хоосон ходоодтой явж болохгүй гэдгийг манай хэд багаасаа ойлгодог болсон” гэж хүүхдээ эрүүл өсгөх их ухааныхаа заримаас Ч.Жанчив гуай хуваалцлаа.
С.Цагаан гуай станцад ажиллаж байхаасаа оросуудтай дотно нөхөрлөдөг байж. Түүнийхээ ачаар Оросоос хүүхдүүддээ тэшүүр захина, Дарханы орос дэлгүүрт шатрын сэтгүүл, тоо, англи орос хэлний ном гээд “ховрын бараа” ирэхэд хамгийн түрүүнд авч өгдөг байж.
Хүүхдүүдийнхээ эрүүл мэндээс гадна боловсрол, хүмүүжилд онцгойлон анхаардаг байсан талаараа “Манай гэр математикийн танхим, хичээлийн өрөө, шатрын клуб шиг л байлаа. Ханаар дүүрэн томьёо, химийн үелэх систем, ширээний тавцан дээрээ шатрын хөлөг зуруулаад хажууд нь шатар өрөөд тавьчихдаг байлаа. Хүүхдүүдийнхээ сурах хөгжихөд хэрэгтэй гэсэн зүйлсийг бүгдийг бэлтгэх гэж хичээдэг байсан” хэмээн ярьсан.
Наймдугаар сарын 31-ний орой хүүхдүүдийн хичээл ном, хувцас хунар гээд айл бүр сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хийдэг. Харин эднийх бусдын адил бэлтгэлээ хангахаас гадна хүүхдүүдийнхээ эрдэм номын аянд хүндэтгэл үзүүлэх баярын ширээ бэлтгэдэг уламжлалтай байж.
Өглөө нь баярын ширээндээ хүүхдүүдтэйгээ хамт сууж сайхан цайлаад “Аав ээж хоёр нь хичээл ном, хувцас хэрэглэл бүгдийг бэлтгээд өглөө. Одоо та нарын өөрсдийн чинь зүтгэл мэднэ. Шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье” гэж ерөөгөөд хичээлд нь явуулдаг байжээ. Төрсөн өдрийг төдийлөн өргөн тэмдэглэдэггүй байсан тэр үед эдний хүүхдүүд төрсөн өдрийн баяраа найзуудтайгаа хамтдаа тэмдэглээд сурчихсан байсан нь аав ээжийнх нь хүүхдүүдээ найз нөхөдтэй, нийгэм хамт олонтой болгох ёстой гэдэг зарчимтай холбоотой гэнэ.
Аав ээж нь ингэж анхаардаг байсан болоод ч тэр үү хүүхдүүд нь сурлага, хүмүүжил сайтай өссөн. Хүүхдүүдээ үлгэр жишээ хүмүүжүүлсэн айл гэж магтуулан туршлага нь “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлд гарч, 1980 онд хүүхдийн жилээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч С.Жалан-Аажав даргын гарын үсэгтэй батламж авч байжээ.
1980-аад оны эхээр хүүхэддээ гэрийн багшаар хичээл заалгаж байсан тухайгаа Ч.Жанчив гуай “Дарханд хүүхэддээ гэрийн багш авсан анхны айл манайх байх. Том хүүгээ долоо, наймдугаар ангид байхад нь Гомбосүрэн гэж мэргэжилдээ мундаг сайн багштай тусгайлан хичээллүүлж эхэлсэн. Хүү минь долоо хоногт хоёр удаа хичээллэхэд заримдаа аав нь хамт суудаг байсан. Ингэж хичээснийх хүү математикт их багаасаа сонирхолтой болсон. Англи хэл ч сайн сурсан” гэв.
Ээж аавынхаа энэ их анхаарал халамжийн үр дүнг хүү Ц.Баттогтох амжилт, ажил үйлсээрээ харуулжээ. Тодруулбал, Ц.Баттогтох нь 1985, 1986 онд математикийн улсын олимпиадын хүрэл, мөнгөн медаль хүртэж, ес, аравдугаар ангидаа олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлсөн багийн гишүүн байсан бол хожим Мэдээлэл зүйн олон улсын олимпиадуудад шавь нараа авч оролцдог багш болжээ. Дарханы анхны хувийн телевиз болох "RGB"-г үүсгэн байгуулалцаж, тус хотын 26 дугаар сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож, “Мандах” их сургуулийн салбарыг Дарханд байгуулан захирлаар нь ажиллаж байсан гээд түүний Дархандаа хийж хэрэгжүүлсэн анхдагч зүйлсийг нэрлэхэд чамлахааргүй урт жагсаалт гарна. Энэ бүхэн түүнийг ямархуу бүтээлч, хөдөлмөрч нэгэн байсныг батална.
Ц.Баттогтох багшийн “Хэсгийн бодлого бодох дугуйн арга” ном нь өдгөө математикийн багш нарын гарын авлага болдог сайн бүтээл. Өгүүлбэртэй бодлогыг хамгийн хялбараар бодох аргыг гаргаж ирсэн бүтээл нь түүний докторын судалгааны ажил байсан аж.
Нэрт математикч Ц.Баттогтохын нэрэмжит Дугуйн аргаар тоо бодох олимпиад дөрвөн жил дараалан Дархан-Уул аймагт болсон. Эхний хоёрыг энэ арга аргачлалыг бий болгосон Ц.Баттогтох өөрөө гардан зохион байгуулжээ. Шинэ бүхний түрүүнд явсан бүтээлч, хөдөлмөрч Ц.Баттогтох багш өнөөдөр бидний дунд үгүй ч түүний үйл хэргийг үр хүүхдүүд, шавь нар нь өвлөн үргэлжлүүлж байна. Өгүүлбэртэй бодлого бодох “Дугуйн арга” олимпиадын дараагийн хоёрыг гэр бүл, үр хүүхдүүд нь зохион байгуулж, багш сурагчдад өгөөжтэй энэ олимпиадыг Дархан-Уул аймгийн Засаг дарга ивээн тэтгэдэг аж. Монгол Улсын долоон удаагийн аварга, шатрын спортын олон улсын хэмжээний мастер Цагааны Батцэцэг бол энэ гэр бүлийн хоёр дахь охин.
Биеийн тамир, спортын улсын хорооны албан ёсны танилцуулгад Монгол Улсын шатрын 30 дахь аварга Ц.Батцэцэгийн талаар “Эмэгтэй шатарчдын хувьд түүний тогтоосон дээд амжилтуудыг эвдэхэд багагүй хугацаа шаардлагатай. Түүнийг шатарчин болоход аав Цагааных нь нөлөө их.
Тэрбээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 11 удаа (эрэгтэйчүүдийнхэд 1 удаа) оролцож хамгийн олон буюу 7 удаа түрүүлж, шигшээ тэмцээнд 127 өрөг тоглохдоо 81,4 хувийн амжилт үзүүлж, дөрвөн тэмцээн дараалан түрүүлж, хамгийн залуудаа түрүүлсэн Г.Баярмаа, Ө.Гэрэлмаа нарын амжилтыг давтан, гурван тэмцээнд нэг ч хожигдолгүй тэмцээнээ дуусгасан” гэж бичсэн байна. Гэрийнхээ ширээн дээр шатрын хөлөг зуруулж, шатар өрж суухдаа аав, ээж нь хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтыг сэтгэлдээ зурж байсан мэт. С.Цагаан гуайн өнөр гэр бүл зэрэгтэй шатарчин олонтойгоос гадна бага охин, хүргэн, бэр, ач зээ нийлсэн мэдээллийн технологийн 11 инженертэй аж. Тэдний нэг нь бага охин Ц.Батсүрэн. “Мандах” их сургуульд багшлахын зэрэгцээ аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Өлгий” брэндийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах хариуцлагатай үүрэг түүнд ногджээ.
"ӨЛГИЙ" БРЭНДИЙН ЭХЛЭЛ
1990-ээд он гарч нийгмийн харилцаа өөрчлөгдөж, хувийн өмчтэй болох эрх чөлөө бий болж байсан тэр үед “Нэхийгийн Жанчив хувьд гарчээ” гэдэг яриа Дархан хотоор нэг түгжээ. Хувьдаа үйлдвэр, аж ахуй байгуулаад гарна гэдэг тэр үед цоо шинэ зүйл байсан болохоор тэр.
Таван хуруутай нэхий бээлий оёхоос эхэлсэн хувийн компани нь өдгөө охин Ц.Батсүрэнгийнх нь хэлсэнчлэн хүмүүний заяаг олж төрвөөс анхлан өмсөх хувцас “Өлгий” болон өргөжин тэлсэн.
Ч.Жанчив гуай гучаад жилийн өмнө зориглон ийм алхам хийхэд хүргэсэн шалтгаанаа “Анхны зээгээ төрөхөд хүүхдийн өлгий хайгаад Дарханаас санаанд таарсан чанартай, аятайхан зүйл олоогүй нь надад санаа өгсөн юм. Ингээд анхны мэргэжил болох эх баригч, хоёр дахь мэргэжил болох оёдолчин хоёроо холбон "Өлгий" нэртэй брэндээ үүсгээд том хүүгийнхээ төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 16-нд дэлгүүрээ нээж байлаа” хэмээн ярьж байв. Ч.Жанчив гуай өөрөө байгуулж, 30 жил удирдсан гэр бүлийн бизнесээ хэдэн жилийн өмнө бага охиндоо өвлүүлэн өгсөн. Аав ээжийнхээ эхлүүлсэн ажлыг цааш авч явах үүрэг хүлээсэн П.Батсүрэн захирлын хэлснээр, эднийхээс Япон, Бельги гээд гадаадад амьдардаг монголчууд хүүхдийн өлгий захиалдаг нь чанарыг ямар түвшинд байлгаж байгааг харуулах нэг үзүүлэлт. “Өлгий” брэндийнхэн хүннү захтай хүүхдийн баривч хийж эхэлсэн нь бас л тэдний санаачилсан анхдагч ажил. Угаалга ариутгалтай бүх зүйлийг нь нярай хүүхдийн эрүүл ахуйд тааруулан хийдэг чанараараа танигдсан “Өлгий” хэрэглэгчдэд эрэлттэй байж, бас өөр бусад үйлчилгээ, худалдаа гээд хүрээгээ тэлжээ.
УРТ УДААН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН НУУЦ...
Ирэх жил хамтдаа амьдарсныхаа 60 жилийн ойг тэмдэглэх хоёр буурлаас “Урт удаан, аз жаргалтай амьдралын нууц юу вэ” гэж асуухад гэрийн эзэгтэй “Урт удаан хамт амьдрахын нууц бол ердөө л бие биеэ ойлгож, хүндэтгэх явдал юм. Амьдралын замд сайн, муу зүйл олон тохиолдоно. Тэр бүхний учрыг олж, хүлээцтэй хандах нь л чухал. Манай өвгөн түргэндүү зантай, харин би эсрэгээрээ тайван талдаа хүн. Энэ хоёр араншин маань нэг нэгнээ нөхөж тэнцвэржүүлж ирсэн байх” гээд инээж байв.
С.Цагаан гуай хүүхдүүддээ гэр бүлдээ, анд найзууддаа, ажил хөдөлмөр, амьдралдаа аль алинд нь зөв байх, зөв сэтгэлгээтэй байх хамгийн сайхан гэж хэлдэг бол Ч.Жанчив гуай “Хүн бусдад талархах сэтгэлтэй байж, түүнийгээ хэлж илэрхийлж байх ёстой” гэдэг зарчимтай.
Энэ талархлаа бага залуугаасаа дуртай байсан шүлгээрээ илэрхийлдэг. Бэрдээ, охиндоо, хүүхдүүддээ зориулсан олон шүлэгтэй Жанчив гуай утас зүүний ажлаа бичиг номоор сольсон гэж хэлж болохоор. Өөрийн болон нөхрийнхөө гэр бүлийн ургийн бичгийн номыг бичиж хэвлүүлсэн. Түүнчлэн ангийнхныхаа дурсамжийн номыг гаргаж, Нэхий эдлэлийн үйлдвэрийнхээ 40 жилийн ойд зориулан ном бичсэн. Хамгийн сүүлд хайртай хүүгийнхээ дурсгалд зориулан “Ухаарч амьдрах хорвоо” ном гаргажээ. Энэ номд түүний олон шүлэг багтжээ. Хүн хүний амьдрал өөр өөрийн баялаг түүхтэй. Хүмүүс нийгмийнхээ түүхийг бүтээдэг. Дархан хотын түүхийг бүтээлцсэн 1960-аад оны залуусын төлөөлөл, энэ цагийн эрхэм хүндтэй хоёр сайхан бууралдаа саяхан болж өнгөрсөн Олон улсын ахмадын өдрийн мэнд хүргэе.
Д.АРИУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Манай ах эгч хоёр ч мундаг хүндээ. Урт наслаж удаан жаргаарай.