
Өдий хүртэл хадгалагдаж байсан Данзан-Бодоо нарын хүчний тэнцвэрт байдал Хүрээнд ардын засаг байгуулагдсан өдрөөс эхлэн алдагджээ. Бодоог Засгийн газрын тэргүүн болоход Данзан намын тэргүүнээ Бодоогийн талын хүн болох Ажвайн Данзанд шилжүүллээ. Бодоогийн талынхан ялалт байгуулсан нь Эрхүүгийн Коминтернийхэнтэй холбоотой. Бодоо бусдаас илүү боловсролтойдоо биш, харин Зөвлөлт маягийн засаглалыг илүү талархдагтаа Эрхүүгийнхэнд, тэр дундаа Шумяцкийд таалагдсан аж. Шумяцкий 1921 оны аравдугаар сарын 19-нд Ринчинод ирүүлсэн цахилгаандаа “…Та ардын Засгийн газар ирээд зүүний ажил явууллага өрнүүлэхийг албан ёсны бодлого болго! Энд хэрэглэгдэх хоёр хүн нь Бодоо, Ажвайн Данзан хоёр юм”[i] гэсэн байдаг.
Харин С.Данзан намын ажлаа өгчихөөд ердөө л Сангийн сайд болсон нь яаж ч бодоод Бодоогийн шууд захиргааны хүн болчихжээ. Зан аашны хувьд Данзан ийм “доромжлолыг” тэсэх хүн биш. Иймээс тэрээр Бодоогийн хөдөлгөөн бүрийг хянаж байх үүргийг өөртөө авсан бололтой.
Тэрээр Бодоог албан тушаалаас нь зайлуулах янз бүрийн арга сүвэгчлэн, “Ерөнхий сайд түргэн бөгөөд зөөлдөж байна”, “Манай Ерөнхий сайд арай хөнгөн хүн болох тул өөр хүнээр солино” хэмээн нөлөө бүхий хүмүүстэй сэм ярилцаж, Москвад Элчингээр суулгах буюу Ховдын хязгаарт явуулахаар өөрт нь туршин үг шургуулж байв.[ii] Бодоогоос Данзантай муудалцдаг өөр нэг хэрэг бол “Ардын хуралтай бүгд найрамдах улс байгуулъя гэсэн зурвасыг нуун дарагдуулсан” гэх хэрүүл. Үнэндээ Монголыг бүгд найрамдах засаглалтай болгох санаа эхнээсээ Бодоогийнх юм. Бодоо нь хурал бүхий бүгд найрамдах улсын Үндсэн хуулийн төслийг Монголд анх боловсруулсан ба 5 бүлэг 27 зүйлтэй уул төслийн[iii]“Богд хааны тухай зүйлүүд” гэсэн нэгдүгээр бүлгийг тэр чигээр нь Богдтой хийх “Тангаргийн гэрээ” болгосон нь 1924 он хүртэлх Монголын төрийн тогтолцооны ерөнхий хууль болж байв. Японы эрдэмтэн М.Аокигийн судалснаар Бодоог огцруулсан, дараа нь буудан хороосон явдал нь Данзан, Ринчинотой гэхээсээ Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч А.Охтинтой холбоотой бололтой. Аоки Оросын гадаад бодлогын архиваас Монголд суугаа дэд төлөөлөгч А.Охтин, Дотоодыг хамгаалах газрын зөвлөх А.Сорокин нарын бичсэн тайлан илтгэлүүдийг олжээ. 1921 оны намар Данзан нар Москвад очих үеэр Бодоо нутагтаа төрийн хэрэг хариуцан үлдсэн. Тэрээр энэ үеэр Зөвлөлт Орос болон Коминтерний зөвлөхүүд Монголын хэрэгт хэт хутгалдан орж байгаад дургүйцсэн байна. 1921 оны арванхоёрдугаар сард Бодоо нь МАН ба Монголын Засгийн газарт орос зөвлөхүүдийн асуудлыг авч ярилцахыг хичээсэн боловч Ринчино, Данзан нарын зүгээс дэмжлэг олоогүй юм байна. Бодоог огцруулсны дараа А.Охтин түүний үйл ажиллагааг байнга мөшгин тагнаж төвдөө мэдээлж байжээ. Бодоог Зөвлөлт Оросын нөлөөнөөс гарч Монголын төр улсыг зарим ван, гүн болон АНУ, Хятад, Япон зэрэг улстай холбоо барихаар төлөвлөж байна хэмээн Охтин төв рүүгээ бичиж байв. Тийм ч учраас төвөөсөө авсан зааврын дагуу Хувьсгалт цэргийн зөвлөлтэй хамтран 1922 оны наймдугаар сарын 3-нд Бодоог баривчилжээ. Бодоог хоригдож байхад Дотоодыг хамгаалахын зөвлөх А.Сорокин өөрөө биечлэн байцаасан байдаг.
Хэлмэгдүүлэлтийн драм Бодоогоор дууссангүй, харин Бодоогоор эхэллээ. Монголын хамгийн нөлөө бүхий хутагтын нэг Дамдинбазарыг Бодоогийн оронд Ерөнхий сайд болгосныг түүний нэр нөлөөг ашиглан сүсэгтэн олныг Ардын засгийн зүг хандуулах, элдэв эсэргүүцлийн цуурхлыг дарах зорилготой гэж тэр үедээ тайлбарлаж байлаа.
Гэвч үнэн учир нь, Бодоог ялсан үндэсний үзэлт Данзангийн “төр, шашнаа мандуулах” гэж зүтгэсний дүн байж болох юм. Түүнийг энэ тушаалд тавих санал угаасаа Данзан, Сүхбаатар нарынх ба хутагтыг Данзан өөрөө очиж залж ирсэн байна.[iv] Бодоо, Данзан нарын хооронд эвлэршгүй дайсагнал байсан боловч үүнийг “хувьсгалт аллага” болтол нь дэвэргэсэн явдал мэдээж зөвлөлтүүд ба тэдний зөвлөлтжүүлэх бодлоготой холбоотой нь гарцаагүй. Аллагыг Ринчино, Баторун нар идэвхтэй зохион байгуулсан төдийгүй, Дотоодын хамгаалах газрын сургагч Сорокин хэмээгч орос Бодоог гардан байцааж, эрүүдэж байлаа. Ингээд 1920 онд байгуулагдсан Монгол ардын намын хоёр бүлгийн нэг Ардын нам улс төрийн тавцангаас арчигдлаа. Түшмэдийн нам нь Ноёдын намтай хамтарчээ. Ерөнхий сайд Дамдинбазар, дараа нь түүний орыг Цэрэндорж авлаа. 1921 оны ЗОУ-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу Монгол-Оросын банкны төсөл, Монгол-Оросын цахилгаан мэдээний тохиролцоо хэрэгжиж эхэллээ.
1924 оны зургадугаар сард Хүрээнд Монголын Үйлдвэр, худалдааны банк байгуулагдсан ба удалгүй Ховд, Улиастай, Алтанбулагт салбараа нээв. Уул банк монополь статустай ба хувь нийлүүлэгч нь нэг талаас Монголын Засгийн газар нөгөө талаас Зөвлөлтийн улсын банк, Сангийн ардын комиссариат юм. Удирдлага нь бүгд орос, харин дотор нь нэг монгол хүн оруулсан аж.
Үүнээс өмнө монгол валют гаргах хэд хэдэн удаагийн оролдлого байжээ. Барон Унгерний үед болзоот хэмээх цаасан тэмдэгт гаргасан ба тэр нь хонь, үхэр, адуу, тэмээгээр үнэлэгдсэн ханштай байв. Дараа нь Сангийн сайд Данзан монгол доллар гаргажээ. Харин эргэлтэнд гарахаас өмнөхөн нь сайд алагдсан тул доллар хамт шатаагдсан байна. Энэ доллар эдүгээ цуглуулагчдын дунд тун ховор зүйлд тооцогддог. 1924 онд Бээжинд Зөвлөлтийн талаас Карахан, Хятадын талаас Кү нар албан ёсны бус тохиролцоонд хүрч хоёр талын гэрээ хийлээ. Гэрээний 5 дугаар зүйлд Зөвлөлт Орос нь Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын салшгүй нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байгаа ба Гадаад Монгол дахь Хятадын суверенитетийг хүндэтгэн үзэхээс гадна өөрийн цэргээ тун удахгүй Монголын нутгаас гаргахаа амласан байна. Энэ мэдээлэл ирэнгүүт МАН-ын ТХ, Засгийн газрын яаралтай хуралдаан зарлагдаж халуун яриа шүүмжлэл өрнөв. Сангийн сайд С.Данзан, Гэгээрлийн сайд Жамсрано, ГЯЯ-ы сайд А.Амар зэрэг хүмүүс Бээжингийн гэрээг СССР-ийн зүгээс урвалт гэж шууд нэрлэлээ. Намын Төв Хорооны дарга япон Данзан* уг хэлэлцээрт дургүйцэж буйгаа илээр илэрхийлж байсан ба олон хүний сэтгэлд сэв сууж, Орост итгэх итгэл алдарч эхэлсэн байна. ГЯЯ-ны сайд А.Амар* “Би өөрийн чихэнд итгэхгүй байна, арай ч тийм юм болоогүй биз дээ”[v] хэмээн “дипломат” зангаар гомдлоо илэрхийлсэн бол Ринчинотой нэгэнт муудалцчихаад байсан Бүх цэргийн жанжин С.Данзан бараг л боож үхэх дөхжээ.
Данзан 1921 онд чухам яг Карахантай өөртэй нь уулзаж Зөвлөлт–Хятадын харилцааны асуудлыг шийдвэрлэхдээ Монголын тухай хэргийг орхигдуулахгүй байхыг хичээнгүйлэн гуйж байсан ба энэ тухай хоёр гурван удаа захидал бичиж байжээ[vi].
Мөн үүнтэй давхцаад өөрийнх нь биечлэн ихэд хөөцөлдсөн Урианхайн асуудлыг зөвлөлтүүд яг эсрэгээр нь шийдэж дуусч байлаа. Москва Ринчинод нэг талаас Монголын нөхцөл байдал, хүн ардын хүсэл эрмэлзлэлийг сайн мэддэг, МАХН-ын “тууштай зүүний” өрсөлдөгчгүй хошуучлагч хэмээн итгэл хүлээлгэх боловч нөгөө талаас “үндсэрхэг үзэлтэн”, “нармай Монголын үзэлтэн” хэмээн хардаж “монголчуудыг Ринчиногийн хорт нөлөөллөөс аажмаар холдуулах хэрэгтэй” хэмээн түүнд үл итгэнэ. Тэрээр С.Данзан, Д.Сүхбаатар нартай хавсайдаж Д.Бодоог унагаж авсныхаа дараа өөр бусадтай нийлж Данзанг унагах бэлтгэл хийж байжээ. Энэ нь Данзан ямар нэг хэлбэрээр өөртэй нь шөргөөцөлдөх болсон шалтгаан бийгээс гадна энэ орны дотор бүгдийг хяналтандаа байлгаж, хэлж засч явахыг өөрийн үүргээ гэж үзсэн түүний хувьд хувийн бизнес рүү хөл тавьсан Бүх цэргийн жанжин Данзан коммунист суртлын үүднээс таашаагдсангүй. Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын мэдээллийн албанаас Данзанг тодорхойлохдоо Ринчино, Данзан хоёрыг 1924 оны дөрөвдүгээр сараас эхлэн зөрчилдөх болсон гэж мэдээлжээ[vii]. Чухамдаа энэхүү Ринчино тэргүүтэй Зөвлөлтийн комиссар нарт Монголын нийгмийн хөгжлийн ирээдүйн дүр зургийг гаргах үүрэг ноогджээ. Рыскуловын өөрийнх нь нотлож буйгаар мөнөөх капитализмыг алгасах мөрийн хөтөлбөрийг “…эдгээрийг Рыскулов би төлөвлөсөн…”[viii] гэж буй боловч Ринчино мөн голлох үүрэг гүйцэтгэсэн баримт бий.
Капитализмыг алгасах намын мөрийн хөтөлбөрийг бүр хойтон жил нь 1925 онд МАХН-ын IV их хурлаар батлаж, харин тус орныг капитализмыг алгасуулахаар нэгэнт шийдсэнийгээ 1924 оны наймдугаар сарын 4-31-нд хуралдсан МАН-ын III их хурлаар зарлан тунхаглажээ:
…МАН-ын эцсийн зорилт нь эв хамтын ёс мөн бөгөөд нам капиталын хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилгод хүрэхээр урагшаа давшин явж байна… Монгол улс бүх дэлхийн олон улстай адил харгис капиталтан хөрөнгөтний дарлал зовлонг үл амсан... жинхэнэ ардын ёсыг баримтлан зоривол зүйтэй[ix]. Ийнхүү Монгол орон тэр үед дөнгөж буй болоод байсан коммунист ертөнцийн салшгүй нэг хэсэг боллоо.
Урьд нь хэн ч замнаж байгаагүй гэгдэх энэхүү “капиталист бус хөгжлийн зам” хэмээн нэрлэсэн нийгмийн тогтолцоо нь Зөвлөлт төрийн машинаас өөрийн Азийн үндэстэнд явуулж байсан цагдаагийн системийн нэгэн өвөрмөц хэлбэр байсан юм.
МАХН-ын III их хурал нь Гадаад Монгол дахь Зөвлөлтийн эзэмшил эрхийг Монголоор өөрөөр нь de facto хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр байлаа. Одоо үүнийг олон улсын хэмжээнд бус гагцхүү Монголд л de jure болгохын тулд Үндсэн хууль зохиох хэрэгтэй. III их хурлын үед маш тод илрэлээ олсон бас нэг зүйл бол төрийн эрх мэдлийн төлөөх хурц ширүүн тэмцэл байлаа. Энэ нь нэг талаас жанжин Данзан ба Засгийн газрын сургагч комиссар Ринчино нарын хооронд, нөгөө талаас мөнөөх Ринчино ба Коминтерний төлөөлөгч Рыскулов нарын хооронд өрнөсөн зөрчилдөөн ажээ. Ринчино энэ үед Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн байсан атал үнэн хэрэгтээ төрийн эзний үүрэг гүйцэтгэж байв. Бүгдийг хяналтандаа байлган дураар авирлахад нь хэн ч саад хийж чадахгүй байжээ. Ринчино Бодоог нухаж авсныхаа дөнгөж дараахнаас л олон жилийн найз Данзантайгаа түнжин хагарч эхэлсэн байна. Чухам 1923 оны үеэс Данзан капитализмыг алгасах үзэлд өөрийн бодолтой болжээ. Өдөр ирэх тутам төрийн хэрэгт нь улам илэрхий оролцох болсон зөвлөлтийн зөвлөхүүд, түүний биет төлөөлөгч Ринчино, тэдний тулгаж буй үзэл суртал зэрэг нь Данзанд улам бүр таалагдахыг больжээ. Нийгмийн тодорхой үе шатыг дамжиж хүн төрөлхтөн хөгждөг гэсэн марксист ойлголтыг авсан Данзан Ринчиногийн яриад байгаа алгасч хөгжих онолыг огтоос ойлгосонгүй, хүлээж авсангүй.
Монгол орон нэгэнтээ л феодализмд яваа юм бол заавал капитализмаар нь дайрч хожим хэзээ нэгэн цагт социалист хувьсгалд хүрэх ёстой гэсэн үзэл аяндаа түүнд төлөвшсөн юм. Ертөнцийн хүн төрөлхтөнд илэрхий тэнэмэл ба нүүдэлчин, суурьшсан ба боловсон мэтийн олон зэрэг дэс дараалал байх бөгөөд үлгэрлэвээс авирах гишгүүрт нэгээс үүсгэн давших ба усанд гүехнээс гүнд орохоор одохын адил буй. Үүний зэрэг дэс солигдвоос үл болох буюу… гэж тэрээр бичиж байснаас үзэхэд капиталист бус хөгжлийн зам гэдэг түүний хувьд үнэхээр хүлээн авшгүй[x]. Тэрээр шат алгасалгүйгээр капитализмд орохыг өөрийн ганц бие дээр хүртэл туршжээ. Хүрээ-Жанчхүү-Хаалганы замын “Фу Лай Хо” хэмээх авто тээврийн пүүст хувь нийлүүлэгчээр элсч, Англи-Америкийн “Бөрдман”, “Смит”, “Виллиам” зэрэг пүүстэй холбоотой ажилласны үр шимийг чамгүй хүртэн, тэр дороо л хувьдаа гурван том байшин бариулж амины хэдэн авто машинтай болсон байна[xi]. Мөн тэрээр Ардын засгийн хүчингүй болгосон Хятад пүүсийн өрийг төлүүлж эхэлсэн нь худалдааны шударга зарчим баримтлах, итгэл сэргээх замаар доголдож эхэлж буй гадаад худалдааг сэргээн улсдаа нэмж зээл олгуулах зорилготой байв. Чухам энэ “алдааг” нь Ринчино шүүрээд авав.Тэгээд ч энэ хоёр хүн хэдийгээр хамтарч Бодоог нухсан боловч дараа нь өөр асуудлаас болж хоорондоо таарахаа больжээ.
Ерөнхий сайд Жалханз хутагт нас барсны дараа хэнийг оронд нь тавих талаар маргаан болсон байна. Ринчино нэгэнт гадаадын иргэн учир “дэвшилтэт үзэлтэй”, “дуулгавартай” лам хутагт хүнийг дахин олж тавъя гэсэн санал гаргав. Данзанг МХЗЭ нэрийг нь дэвшүүлжээ.
Аль аль нь явсангүй[xii]. Ингээд гурав дахь хүн болох Баолингийн Цэрэндорж Ерөнхий сайд боллоо. Өрсөлдөгч хоёр үүний төлөө аль алиныгаа өршөөхгүйгээр шийдсэн бололтой. Өөрийнх нь үзэл бодлыг дэмждэггүйгээр барахгүй илэрхий эсэргүүцэн үзэл онолоо сөргүүлэн тавьдаг Монголын удирдлага Ринчинод төдийлөн хэрэг байсангүй. Иймээс Данзан хэмээх “капиталист элементийн төлөөлөгчийг” дарж авахын тулд тэрээр холбоотон хайсан байна. Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ц.Дамбадорж* энэ үүрэгт тун зохиж байлаа. Дөнгөж 25-тай боловч зэгсэн боловсролтой, бичих авьяастай энэ залуу МАХН-ын удирдлага доторх хамгийн тууштай марксист нь байлаа. “Багш Ленин ба Маркс лугаа адил мөнх зул үгүй…” гэж бичиж байсан Дамбадоржийн хувьд улс орныг дэс шатаар нь капитализм руу оруулах гээд байгаа Данзан ангийн гол дайсан нь байлаа. Чухам л үзэл суртлын ийм ижилсэлээрээ Ринчино, Дамбадорж хоёр биенээ олж, хоршсон “ангийн тэмцэл” явуулж эхэлжээ. Ринчино Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл (МХЗЭ)-ийг холбоотноороо татаж чадлаа. Энэ байгууллага оросуудын зүгээс намд хяналт тавих үр дүнтэй хэрэгсэл болсон юм. МХЗЭ нь МАХН-аасаа илүү хувьсгалч дайчин, илүү хөдөөжсөн, илүү “коммунист”, илүү Оросын талыг баримтлагч, нийгмийн дэвшлийг илүү хүлээж авамтгай, илүү боловсорсон, илүү зохион байгуулагдсан хүчин байсан ба Монгол дахь зөвлөлтүүд болон арми, нууц цагдаагийн байгууллага энэхүү залуучуудын байгуулагыг илүү нөлөөтэй, гарын дор ажиллуулж чадаж байсан юм[xiii]. Ийнхүү Ринчино, Дамбадорж нар МХЗЭ-ийг ангийн тэмцлийн зэвсэг болгон сонгож авлаа. Харин “цаад эзэд” өөрийг нь 4 жилийн дараа мөн л энэ коммунист залуучуудын тэр байгууллагаар арчуулна гэж Дамбадорж төсөөлөөгүй биз. Намын III их хурлын өмнө Данзан Ринчино нарын тэмцэл хурцдахын цаагуур хурцадсан ба Бүх цэргийн жанжин маань Хүрээний намын гишүүдийг цуглуулж хийлгэсэн нэгэн хуралд “Элбэгдорж бол Оросын суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм байна. Намайг Элбэгдорж зайдалж байна. Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод маргааш Та нарыг тонилгох болно” гэж хэлсэн нь[xiv] хэдийгээр уурласан хүний давчидсан үг авч хожмын түүхээр авч үзвэл аргагүй үнэнийг зөгнөсөн мэт.
Намын их хурал бараг л тэр хоёрын хоорондын хэрүүлийн тоглолт болжээ. Хурлын даргаар сонгогдсон Данзан энэ үүргээ арай чүү гэж 22 хоног гүйцэтгэжээ.
Ринчиногийн дэвшүүлсэн “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв” гэсэн нэртэй капитализмыг алгасуулах 6 зүйлт сэдвийг өшт Данзан нь шууд эсэргүүцэж “Өнөөдөр манайд өөрийн хөрөнгөтөн (тэмцээд байх?) байхгүй учир энэ нь одоо хэлэлцэх зүйл биш. Эрмэлзэх 10 зүйл бол Ринчино нарын зэрэг хүнээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм амар зүйл бишээ” хэмээсэн Данзангийн басамжлангуй дуу танхимд хадахад Ринчино шурхийн гарч одон, туслах хүчин болсон МХЗЭ рүүгээ гүйжээ. Коммунист үзэлд тархи нь эргэсэн залуучууд уухайлан дайрч очоод Данзангийн хамсаатан гэгдэх Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасанг барьж авсан төдийгүй өөрсдийнхөө зөвийг батлуулахаар Ерөнхий сайд Цэрэндоржоос асуувал цаадах нь нэлээд зориг гаргасан бололтой “Та нар залуу улс байна, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зүйл хийх ёсгүй, мэдэхгүй юмаа бүү хийж бай. Монгол улсаа бодох хэрэгтэй. Орос, буриад нарын үгийг сохроор битгий дага… Элбэгдоржийн юу хэлснийг сохроор дагаж, юм болгонд түүнд итгэж болохгүй”[xv] хэмээн төрийн хашир хүний хувьд сургамжилсан байна. Данзан асуудал хүндэрснийг мэдээд хуралд ирэхээ больчихсон ба энэ үед Ринчинод элсэгдсэн Чойбалсан хурлыг завсарлах санал гаргангуут эсрэг этгээдээ хөнөөхийн аданд хөтлөгдсөн Ринчино шууд дэмжсэнээр барахгүй “Бидэнд бас урьдчилан хэлэлцэх зүйл байна” хэмээн ам алдсаныг хурлын протоколд тэмдэглэн үлдээжээ.
Ринчиногоос илтгэсэн нь:
Намайг Данзангийн эсрэг өдөөхийн тулд Эвлэлтэй үг нэгссэн мэтээр Цэрэндорж зэмлэх янзтай байна. Энэ бол худал үг. Данзан манай намаас урвасан ба задлан буталж төрийн ажлыг унагаах замд шилжин орсон… Та бүхэн Данзанг дагаж ард түмний гамшиг, үндэсний гутамшиг сүйрлийн хар там руу орох уу, эсвэл зүүнийг эрхэмлэн эрх чөлөө, үнэнхүү ардын эрхт ёсны гэгээн тунгалаг нар өөд замнах уу гэдэг хоёрын нэгийг сонгох ёстой… Хэрэв Та бүхэн Данзанг дагавал Монгол орон Хятадын хойноос орно гэсэн үг.. Монголын ард түмний үйл хэрэг мөхөх болно! Данзан бол хулгайч, урвагч. Данзан засгийн эрхэнд байгаа цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй…[xvi] Хэрэв хурлын протоколд үнэмших юм бол Ринчиног ингэж хэлэнгүүт хуралдагсад уриа цуурайтуулан нижгэнэтэл алга ташсан аж. Ринчиногийн хамсаатан Дамбадорж яг энэ агшинг тааруулан “Жанжин Данзанг барихыг Элбэгдоржид даалгах хэрэгтэй” гэснээр Данзан хууль эрхийн хувьд Ринчиногийн гарт бүрэн оржээ. Ердөө 24 цагийн дотор Данзанг баривчлан Баваасангийн хамт Шар хадны өвөрт аваачин буудаж хороолоо. Баваасанг Сундуйжав хэмээгч буудсан ба Данзанг Дамбадаржаа гэгч цааш харуулжээ[xvii].
Харин их хурлын гишүүдэд хэрхэн гүйцэтгэсэн ба ямар учраас чингэсэн болохыг Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгч Васильеваас их хуралд төлөөлөгчдөд тайлбарласан нь:
Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засч залруулж дэг журмыг сахиуллаа. Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Та нар их зөв юм хийлээ… Олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн энэ үйл хэрэг Монгол-СССР хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж ач тусаа үзүүлэх болно хэмээн би бодном[xviii]. Ийнхүү цаашид коммунист түүхч болон үзэл сурталч нарын дотроос нь хачин хачин дүгнэлт, таамаглал, мэргэн үг байнга “олж тогтоосоор” ирсэн түүхэн их хурал амжилттай өндөрлөжээ. Намын III их хурлаар Монгол орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг сонгосон мэтээр дүгнэгдэх нь нэн түгээмэл явж ирсэн ойлголт. Данзанг дагасан бол хөрөнгөтний замаар орох байсан боловч Дамбадоржийг (Ринчино гэхээ больё л доо!) дагаснаар капиталист бус хөгжлийн замаар орсон гэдэг дүгнэлт ч дэндүү гоомой үзэл бодол. Үнэндээ өөр ямар ч сонголт хийх боломж монголчуудад байсангүй. Яагаад гэвэл сонголтыг монголчууд хийгээгүй. Нөгөөтээгүүр түүхийг “тэгсэн бол тэгэх байсан” гэж үздэггүй, нэгэнт л “тэгээд” өнгөрсөн болохоор түүнээс болж юу болов гэж л дүгнэдэг.
МАН-ын III их хурлын дүнд Монгол орон дэлхийн коммунист ертөнцийн салшгүй нэг хэсэг л болсон хэрэг. Данзангийн оронд Дамбадорж очиж, төр улсыг Ринчино тэргүүлсэн хэвээр. Хурал дөнгөж дуусахын алдад Коминтерноос Турар Рыскулов суурин төлөөлөгчөөр томилогдон ирлээ. Ийнхүү Ринчино-Рыскуловын хооронд эрх мэдлийн төлөөх түүхэн тулалдаан эхэлсэн ажгуу.
МХЗЭ-ээр Түшмэдийн намын бүлгийг шахуулж, МАН-ын III их хурлаар бүрэн дуусгаж авав. Гол толгойлогч нь болох Данзан, Сүхбаатар нар хорвоогоос оджээ. Ийнхүү 1920 онл байгуулагдсан Монгол ардын намын бүрэлдэхүүнд багтах Түшмэдийн нам улс төрийн тавцангаас үүрд арчигдсанаар үнэн хэрэгтээ МАН хэмээх улс төрийн хүчин байхгүй болсон юм. Ингээд 1925 онд хуралдсан МАХН-ын IV их хурлаас шинээр эвсэлдэн буй болсон улс төрийн хүчнээ Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) гэж нэрлэхээр шийдэв. Энэ нь 1920 онд Ардын ба Түшмэдийн бүлэглэлийнхний байгуулсан улс төрийн намаас нэрийн хувьд ч, зорилго зорилтын хувьд ч, бүрэлдэхүүний хувьд ч тэс өмнөө улс төрийн хүчин байлаа. Магадгүй МАН-ыг МАХН болгон нэрийг нь хувиргасан нь МХЗЭ-ийн нэрнээс “хувьсгалт” гэсэн үгийг зориуд авч суулгасан, түүхийн даажин хийсэн ч байж болох юм. Данзан нар 1921 онд Москвад хэлэлцээ хийхдээ хил давж суурьшсан буриадуудыг монголын харьяат болгохыг гуйж байсан ба үүнээс цааш шаргуу шалсаар 1924 оны есдүгээр сарын 5-нд ГЯЯ-ны сайд Амар, Монголд суугаа Зөвлөлтийн Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Васильев нар гарын үсэг зурсан хэлэлцээрээр хил давж ирж суурьшсан 4 000 өрхийн 15 800 буриад иргэнийг Монголын харьяат болгов. Түүгээр барахгүй Ижил мөрний халимагуудад онцгой анхаарал тавин, өлсгөлөнгийн үед тэдэнд 15 мянган лан мөнгө, 4 190 алтан рублийн тусламж олгосон ба 1924-1925 онд халимагуудыг Монголд нүүлгэх тухай Халимагийн төлөөлөгчтэй ярилцан СССР улсын Засгийн газарт хүсэлт гаргаж байлаа[xix]. Мөн Барга, Өвөр Монголд буй болсон үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжин Баргын 44, Өвөр Монголын 50 хүнийг Улаанбаатарт сургав[xx].
“Зүүнтэн”, “баруунтан” гэж хэн нь юугаа хэлээд байгаа, тэр нь үзэл бодлын ямар ялгаатай зэрэг нь логикоор огт ойлгогддоггүй, гол төлөв биесээ буруутгахад хэрэглэдэг яллах нэр томьёо байлаа. Анх Шумяцкий өөрийнхөө ойлголтоор Ардын намынхныг дотор нь ангилж Бодоог “зүүний”, Данзанг “барууны” гэж тодорхойлжээ.
Улс төр судлалд тодорхой утга агуулга илэрхийлдэг энэ нэр томьёо ХХ зууны Монголын хувьсгалын түүхийн турш үл ойлгогдох зүйл болж, тухайлбал 1924 онд “зүүнтэн”-ий толгойлогч гэгдэж байсан Дамбадорж 4 жилийн дараа “баруунтан”-ы толгойлогч болчих жишээтэй. Хүмүүс хоорондын хувийн харилцаа, эрх мэдлийн төлөөх тэмцэл, түүнд тулгуурласан улс төрийн яллагаа, энэ нь даамжирсаар коммунист түүх судлалын хэрэглэгдэхүүн, итгэл үнэмшил болон өргөжиж байсан бололтой. Данзан алагдсаны дараа МАН-ы эсрэг оросуудын байгуулсан Бошгыг харагч залуучууд арай ухаан орон Ноёдын намтай эвсэн Засгийн эрхэнд гарчээ. Энэ нам 1928 он хүртэл тогтсон юм. Эд үндэсний үзэлтнүүдийн цуглуулга болчиж, яагаад ч улс орондоо большевик өөрчлөлт хийхгүй юм байна гэсэн дүгнэлтэд Коминтерн ба СССР- большевикууд ойлгосон учир тэднийг төрийн эргэлтээр унагав. Ийнхүү 1920 оноос гадаадын түрэмгийллийг эсэргүүцэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгдсэн улс төрийн гурван хүчин түүхийн хуудаснаас эгнэгт арчигдан, төлөөлөгчид нь “түүхийн хогд” шидэгдсэн. Ингээд оросууд дараагийн улс төрийн хүчин - намыг шинээр байгуулсан нь Худонская фракция. Энэ шинэ нам Монголд 1928 - 1932 онд төр барьж байсан. Эдний эрх 1932 оны ард түмний эсэргүүцэл, иргэний дайнаар дуусгавар болсон. Сталины шууд санаачлагаар тэр онд Монголд дараагийн цоо шинэ улс төрийн хүчин – бас нэг шинэ нам байгуулагдав. 1990 оны 5-р саын 20-нд энэ МАХН-ыг Монгол улсын дээд шүүх бүртгэн авснаар тус улсын нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг Монгол төр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү монголчуудын гадны оролцоогүйгээр өөрснөө бие дааж байгуулсан улс төрийн анхны нам нь МАХН боллоо. Зорилго, үйл ажиллагаа, хандлага чиглэлээр энэхүү олон ургалч үзэлтэй, ардчилсан хүмүүнлэг улс төрийн хүчин нь урьд байгуулагдсан бүх намуудаас тэс өөр билээ.
Баабар