сонин mn
“Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 248 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Уг хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжүүлж, холбогдох тогтоолын 2.1-т “Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах...” зорилтыг тавьж, тогтоолын 4.1.2-т заасан “зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, тэдэнд хөнгөлөлт үзүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх...” зэргийг тодорхой тусгасан.
 
 
Энэ дагуу салбарын яам, холбогдох байгууллагын шийдвэрүүд гарч, 2017 оны наймдугаар сараас сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан зорилтот бүлгийн иргэд ТОСК-тай түрээсийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Хангай хотхон”-д нийтдээ 221 өрх орж, өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Улмаар 2019 онд Засгийн газрын 138 дугаар тогтоол гарч, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” батлагдаж, үүгэзр дээрх зорилтот бүлгийн иргэд түрээcэлж буй орон сууцаа өмчлөх эрхтэй болсон.
 
Ийнхүү өмчлүүлэх асуудал яригдаж эхлэхэд буюу 2020 онд ТОСК-аас “Өмчлөх гэрээ”-ний төслийг иргэдэд танилцуулсан бөгөөд үүнд орон сууцны нэг метр, квадратын үнийг 1 880 000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөг байна гэж тусгасан. Гэтэл анх ТОСК нь төрийг төлөөлж иргэдтэй түрээсийн гэрээг байгуулахдаа тухайн орон сууцны нэг метр, квадратын үнийг 1 280 000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг гэж тогтоосон байдаг. Таван жилийн турш түрээслэн амьдарч байсан иргэд төрөөс гаргасан шийдвэрт баярлаж, амьдарч буй орон сууцаа өмчлөх болоход метр, квадрат тутамдаа 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг нэмж төлөх, таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн мөнгийг орон сууцны үнэд тооцоогүй зэрэг гэнэтийн шударга бус тулгалттай нүүр тулсан.
Гэнэтийн гэдэг нь ТОСК Хангай хотхоны байрны метр, квадратын үнийг 1 880 000 хэмээн нэмсэн үндэслэлээ Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоол хэмээн танилцуулсан бөгөөд уг тогтоолыг хуулийн нэдсэн сайтад тавиагүй, олон нийтэд мэдээлээгүй тул түрээслэгчид энэхүү тогтоолын талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Энэхүү тогтоол нь “Бэрэн” ХХК-ийн барьсан Хангай хотхон дахь 221 айлын орон сууцыг Монгол Улсын Засгийн газар 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах харилцааг зохицуулж, журамласан бөгөөд орон сууц түрээслэх болон цаашид түрээслэгчид өмчлүүлэх тохиолдолд үнийг хэрхэн тогтоох, хэдээр тооцох тухай ямар нэг зохицуулалт дурдагдаагүй.
Засгийн газрын 2019 оны 138 тогтоолын 2.2.1-т “Түрээслэгч нь түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх”, 22.2-т “...орон сууцны үнийг ...хүртэлх жилийн хугацаанд тус тус сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх” гэж тус тус зохицуулсан. Энэ тогтоол болон холбогдох хуулиар түрээслэгчийн төлсөн төлбөрийг орон сууцны үнэд тооцох асуудлыг хориглоогүй.
 
Иймд Хангай хотхоны түрээслэгчдийн нэгдсэн иргэдийн төлөөлөл “Амжилт ялалт” НҮТББ-ыг үүсгэн байгуулж, 2020 оны тавдугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, БХБЯ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн юм.
 
 
Уг шаардлагад:  
“Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууцны нэг метр, квадратын үнийг 1 880 000 /нэг сая найман зуун ная/ төгрөгөөр тогтоосон шийдвэрийг цуцлах,
-Түрээслэгчдийн ТОСК-тай байгуулсан 2017 онд хийсэн “Орон сууц түрээслэх гэрээгээр” тохиролцсон үнэ буюу нэг метр, квадратыг 1 280 000 /нэг сая хоёр зуун ная/ төгрөгөөр тооцож өмчлөх,
-Түрээслэгчийн тухайн өдөр хүртэл төлсөн төлбөрийг түрээслээд өмчлөх холбогдох журмын жишигт нийцүүлэн орон сууцны үнэд тооцож, өмчлөх асуудлыг шийдвэрлэх тухайн тусгасан.
 
Тус шаардлагатай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 48 тоот захирамж гарган уг шаардлагыг шийдвэрлэхээр тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулсан байдаг.
 
Энэхүү ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 15-нд холбогдох асуудлаар тайланг хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 01-нд Засгийн Газраар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч асуудлыг удаа дараа хойшлуулсаар иргэдийн гэрээ дуусах хугацаатай тулж ирээд байна. Уг асуудлыг иргэндээ ээлтэйгээр шийдэхгүй бол өнөөдөр залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нийлсэн 221 өрх орох оронгүй болох, цаашлаад яндангийн тоог нэмж, зарим нь гудамжинд гарах бодит нөхцөл үүсээд байна.
Хэдийгээр тус ажлын хэсэг 2021 оны зургадугаар сарын 15-нд хуралдаж дүгнэлтээ танилцуулсан боловч иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалтыг өөрчлөх талаар ямар ч ахицгүй, иргэнээ хөсөр хаясан тайлан болсон юм.
 
Иймд Хангай хотхоны 221 өрхийн оршин суугчид дээрх шаардлагыг хангаж, иргэндээ ээлтэй шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагаас шаардаж байна.
Уг шаардлагыг биелүүлж зорилтот бүлгийн иргэдийн эрх ашгийг хангах нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дундаж давхаргыг дэмжих, иргэдийг өмчтэй болгох Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын хэрэгжилтийн нэг хэсэг юм. “Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”-д орон сууцны бодлого нь нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг мөн гэж тодорхойлсон бөгөөд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр” өөрөө төлбөрийн чадвар сул, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах үндсэн зорилготой тул түрээслэгчдийн энэхүү хүсэлт, шаардлагыг буруутгах үндэслэлгүй юм.ТӨРИЙН ОРОН СУУЦ КОРПОРАЦЫН ХАНГАЙ ХОТХОНЫ ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭГЧИД” гэжээ.