Одоогоос 14 жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь ийм цаг хугацаа нэг их удаагүй.
Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй хийгээд залгамж чанаргүй байдалтай холбодог юм.
Гэхдээ ихээхэн нэмэр тус болсон нэг шалтгаан бий. Монголын улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтынхан ч оролцож байгаад хөрөнгө оруулагчдыг хулхиддаг. Дээрэмддэг гэсэн ч болно. Ийм том, жижиг кэйс мөн ч олон дуулддаг. “Суруга Монгол”, “Засагчандмань майнз”, “Монгол Хьюндай” эмнэлгийн асуудал гээд хөвөрнө. Харин өнөөдөр Монголын төр энэ алдааг засахыг оролдож байна. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний хуралдаанаар энэ талаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтран хувьцаа эзэмшиж байсан нөхөд нь иргэний болон эрүүгийн хэргийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ чиглэлээр бид тодорхой судалгааг хийж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад энэ сарын 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтээ гардуулахаар бэлтгэж байна. Мөн 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон, хэн гэдэг прокурор хяналт тавьж хэрэг нь хаагдсан бэ гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ” гэсэн. Товлосон өдрөө зарим мэдээллийг ил болгосон. Дараа нь Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Түүгээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулахаар болжээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид хөгжлийнхөө тодорхой шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол Улсад бизнес хийгээчээ гэж урьдаг. Түүнд зориулж олон төрлийн хууль гаргасан. Үүнтэй нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулаад ажиллаж байсан ч зогсоогоод байсныг сэргээж байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих учиртай. Өнөөдрийг хүртэл Монголд хөрөнгө оруулчихсан байгаа гадаадын хөрөнгө оруулагч нар ихээхэн гомдол гаргадаг. Энэ бүх гомдлыг Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргалаа.
Гадаад харилцааны яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд давхардсан тоогоор гадаадын 38 аж ахуйн нэгжээс гомдол ирснээс зургаа нь шийдэгдсэн. Гомдлын талаарх тоон мэдээллийг дурдвал Герман улсын найм, Канадын дөрөв, Хятад, Өмнөд Солонгос, Японы тус бүр гурав, Тайланд, Австри, Казахстаны тус бүр хоёр, Их Британи, Франц, Америк, Болгар, Швейцарын тус бүр нэг аж ахуйн нэгжээс гомдол ирсэн. Бүх гомдлыг гаргаад холбогдох сайд, албаныханд шийдэж өгөх чиглэл өгсөн.
Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчихээд хамгаалуулах, найдвартай, тайван амгалан байдлаар бизнес хийхийг хүсэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн гаргасан шийдвэрийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулагч нарын асуудалд анхаарал тавина. Санаа зовж, тэдний хөрөнгө оруулсан эрхээ хамгаалуулах эрхийг гүйцэтгүүлэхэд хувь нэмэр оруулна. Монгол Улсад хөрөнгө оруулаарай, та бүхний эрх ашгийг хангаж явна гэдгээ харуулна. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын гомдлыг судалж, шийднэ” гэж байв.
Тэгвэл дээрхтэй ижил нэг кэйс байна. Австралийн иргэн Лим Кен Жин манай нэг “сайн эр”-д их хэмжээний мөнгөө алдчихжээ. Тэрбээр 2009 онд Монголд орж ирээд ITGM ХХК-ийг байгуулсан байгаа юм. Ингээд гүйцэтгэх захирлаар нь Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайханыг ажиллуулжээ.
П.Энхсайхан нь 2011-2013 оны хооронд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Австралийн иргэн Лим Кен Жинээс “Газрын төлбөр төлнө”, “Гэрээний төлбөр өгнө” гэхчлэн компанийн үйл ажиллагаанд зарцуулах нэрийдлээр, 13 удаагийн үйлдлээр 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг бэлнээр болон дансаар шилжүүлж авчээ.
Тодруулбал, Лим Кен Жин нь:
-2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар,
-2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар,
-2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар,
-2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар,
-2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар,
-2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар,
-2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар,
-2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар,
-2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар,
-2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар,
-2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар,
-2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар,
-2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг П.Энхсайханд өгөөд алдчихсан байгаа юм.
Гэвч эдгээр мөнгө нь П.Энхсайханы танилцуулаад байсан шиг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 8 914 000 ам.долларыг П.Энхсайхан хааш нь, юунд зарцуулсан нь тодорхойгүй болсон байна. Тиймээс Лим Кен Жин 2016 оноос мөнгөө нэхэмжилж эхэлжээ. Тэгсэн ч өнөөг хүртэл мөнгөө буцааж авч чадаагүй байна. Хуулиар заргалдсан ч хүч нь хүрэхгүй хэдэн жилийг өнгөрөөжээ. Тэрээр “Би Австралийн иргэн. Санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй. Дэлхийн топ 500 компанийн нэг болох сав баглаа боодлын компанийн Азийн зах зээлийг хариуцаж ажилладаг байсан. Тэр бизнест ажиллаж байхдаа Хонгконгод амьдарч байв. 1998 онд тэр компаниасаа гарсан. Анх бизнесийн зөвлөгөө өгдөг байв. Удалгүй хэсэг нөхдийн хамт хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн.
Энэ хугацаанд Хятад, Малайз, Америк, Европын улсуудад багагүй хөрөнгө оруулалт хийж ажилласан. Хятадад гэхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хятадын төслүүд маань голдуу барилгынх байдаг юм. Яагаад Хятадыг онцолж яриад байна гэхээр тус улсад ажиллаж байхдаа нэг найзынхаа нөлөөгөөр Монголыг сонирхож эхэлсэн. Тэгээд 2009 онд Монголд анх ирж байв.
Тэгэхэд Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдаж эхэлсэн байсан. Хамгийн гол нь би австрали хүн учраас Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн талаарх мэдээллийг маш сайн авдаг байсан. Хөрөнгө оруулагчид, гадаад ертөнцөд Монголыг дараагийн Дубай гэж байв. Тэр үеийн Монголын эдийн засаг ч өсч, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу хандаж байлаа. Миний тухайд 2010 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хөрөнгө оруулах гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, Монгол Улсыг ардчилсан орон, төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Хоёрдугаарт, хөгжиж буй улс учраас бизнесийн боломж өргөн. Гуравдугаарт, валютын шилжүүлэгт ямар нэг хязгаар тавьдаггүй. Ер нь Монголд хөрөнгө оруулах итгэл төрж байсан. Бизнесмэн хүний хувьд хөгжиж буй орны бизнесийн боломж өргөн байдаг гэдгийг мэднэ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсад 25 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Миний энэ 25 сая ам.доллар бол бүгд хууль ёсны хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бүгд дансаар орж ирсэн. Би Монголд ямар нэг хууль бус хөрөнгө оруулаагүй” хэмээн ярьсан юм.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Монгол хүнд итгэхээр мойног хуруундаа итгэ ! Хохь чинь ! Иймэрхүү баян гадаадыг хулхидаж дээрэмдэж байх хэрэгтэй !
Чи монголын дайсан уу? Эсвэл МэСо .гэх өвчинтэй амьтан уу?!
Муухай хог юмаа энэ энхсайхан гэгч лалрррр. Ямар муухай шунахай новш вэ? Монголын нэрийг гутаажээ. Мөнгийг нь буцааж өгөх ёстой.
Пүлжин гэдэг нь СОЦ . үед аймгийн болон аймгийн намын дарга байсан архаг коммунист , эдүгээ монголд нүүрлээд байгаа залилан - хулгай - луйвар - дээрэм - гадаад , дотоодод цувчуулах бүх ГЭМТ ХЭРГИЙН ЭЗЭД нь бүгдээрээ коммунистуудын \ МА \х\ Н - ын \ үр хүүхэд , ач зээ нар , хамаатан садангийнхан ш дээ ....
МАН - г ТАТАН БУУЛГАХАД л их юм цэгцрэнэ дээ , магадгүй , монгол ёстой нөгөө " азийн хөлөг улс " болох зам шулуудаж ч мэдэх ...
Овог нь эрлийзууд зальтай
м.энхсайхан хулгайч хариуцлага хүлээх ёстой аж
Нээрээн Монголд өрнөж буй энэ их хулгай дээрмийг дандаа хуучин коммунистуудын үр ач нар гаргуун сайн хийж байгаа юм л даа !