Би их эзэн Чингис хааны төрсөн газар өлгийн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын Дэлүүн болдогт зогсож байнам... Дал гаруй жилийн нас сүүдэр зооглохдоо миний сонсож дуулсан, үзэж харсан минь их ч энэ түүхт нутгийнхаа тухай бичиж байсан минь бага.
Тэмүүжин энд төрсөн гэдгийг дэлхий даяараа мэддэг болж байгаа ч энэ ариун дагшин газар нутагт аж төрөн суугаа Дадал нутгийн үндсэн иргэд, данагар данагар баавай нарын ярьсан дорвитой мэргэн үг, туулсан замналынхаа тухай уншигчидтайгаа хуваалцъя.
Түүхт нутгийн дээлтэй дээдэс
1960-аад оны Монголын улс төрийн зүтгэлтэн академич Д.Төмөр-Очирын анх санаачлан босгосон Чингис хааны хөшөө цагаан хаш шиг гэрэлтэн сүмбэрлэнэ.
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн био минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай гэж Чингис хааны айлдаж хэлсэн үг хөшөөн дээрээс тодорно. Хөшөөний араар өндөр өндөр нарс модод тэнгэр өргөж түүх хүүрнэх мэт сүрлэг харагдана. Нарс модыг урт настай, зуугаас дээш зуун тавь насалдаг гэдэг. Ингэж бодоход энэ нарс модод дааган бага насандаа Тэмүүжин хүүгийн тоглон наадаж, нуугдаж наргиж явсан бүхнийг харж инээж суусан бизээ гэж бодогдоно.
Хөшөөний урд талаар зэрэгцээ гурван нуур цэнхэртэн байсныг би мэднэ. Дундах нуурыг Тэмүүжин хүүгийн төрсөн газар гэрийх нь буурь, баруун нуурыг Чингисийн хатны ордны суурь. зүүн нуурыг Чингис хааны хөвүүдийн байшингийн туурь гэж нутгийн баавай нар ярьдагсан. Одоо энэ нууруудын түүх домог мартагдах тийшээ хандаж, баруун нуур нь ширгэжээ.
Дунд нуур дундарч, зүүн нуур нь мэлтэлзсэн хэвээрээ байна. Энэ нууруудын хувь заяа дэлхий ертөнцийн дулааралтай холбоотой юу? Аль эсвэл? Гэсэн асуултын тэмдгийн доор бүдгэрсээр байна... Их эзэн Чингис хааныхаа төрсөн газраас урагшаа баруун хойт зүгт харахад Онон Балж Агац Гэсэн, омог түргэн урсгалтай гол мөрд, тэдгээрийн дээгүүр дэлхийг харж, саравчлан тольдож байх шиг Баян-хаан, Баян-овоо, Сант- хаан, Цагаан тэнгэр, Халзан бүргэдтэй, Ёл гэж, ёстой сайхан нэрэндээ тохирсон уулс сүндэрлэнэ.
Дээлтэй манай дээдсийн
Дээжилж хүртсэн рашаантай
Дэлгэр Монголоороо тэлгүүлнэ гэж дэврүүн залуу насандаа миний зохион дуулж явсан нутгийн минь голууд энэ. Онон мөрөн гэхэд Чингис хааны тоонот нутаг тойроод 120 гаруй км урт зам туулан мяралзаж байдаг юм. Чингис судлалын түүхэндээ бидний урдаа барьж босдог Нууц товчоонд гардаг Түнхлэг горхи Дэлүүн Болдогоос баруун тийш арваадхан км хүрэхгүй газар жирэлзэж байна.
Түүнээс холгүй Нууц товчоонд гардаг Дувасохор, Добумэргэний булш хэмээгддэг хирэгсүүр байдаг. Есүхэй баатар үүгээр ан хийж яваад дээрх нөхдийн харж зааснаар Өүлэн хатны шээхийг шинжвээс сайн хүү төрүүлэх хатан байна гэснээр мэргэдийн их Чилэдүгээс булааж авсан түүхт газар энэ гэж баавай нар домоглон ярилцдаг. Түнхлэг горхи нэрээ сольж өөрчлөгдөлгүй зуу зуун жилүүдийг улбаалан урссаар нутгийнханы аялгаар Тэнгэлэг гэж дуудагдсаар байгааг бодоход “баатар” горхи гэлтэй.
Ардчиллын ач буянаар ард иргэд хэн ч гэсэн үгээ чөлөөтэй хэлж үнэнийг дууддаг болсон энэ үед нутгийн дүү Худай Ц.Намсрай “Чингис хааны тоонт нутаг” гэсэн бэсрэг ном бичиж Тэмүүжин Чингисийнхээ төрсөн газрын талаар, зарим нэгэн мэдэмхийрэн мэдээлэгчидтэй мэтгэлцэж маргалдсаныг академич доктор профессор Ч.Далай ариутган шүүж дүгнэлт хийсэн байдаг.
Дээрх ном залуу үеийнхний маань үзэж судлахад хэрэгтэй гэдгийг нэмж хэлээд үеийн үед үрийн үрд Монгол хүн бүхний шүтэн бишрэх дээд тэнгэрээс заяатай төрсөн Тэмүүжин Чингисийн маань тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог юм шүү гэдгийг дахин давтаж өгүүлнэм. Мэргэн уншигчид, эрхэм дүү нартаа учирлахад өвгөн сэтгүүлч миний үсэнд хяруу унасан ч, үгэнд минь сүүдэр байхгүй шүү гэдгийг сануулъя.
Ажилсаг ард зон
1931 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын зүүн хойд хязгаар нутагт зургаан багтай 24 мянгаад малтай анх байгуулагдаж байсан Баян сумыг 1954 онд Дадал сумтай нэгтгэж Дадал сум гэж нэрлэсэн түүхтэй. Улаанбаатараас 700-аад км-ын алс хол оршдог энэ сум Тэмүүжин Чингисийнхээ нэрээр дэлхий нийтийн анхаарал татахаас гадна ажилсаг хөдөлмөрч ард зоныхоо ач буянаар аялал жуулчлалын томоохон бүс нутаг болон өргөжсөөр байна.
Ойт хээрийн бүсэд багтдаг энэ нутаг нарс, шинэс, хуш, хус, гацуур, улиас, бургас модтой, хандгай баавгай, гахай, чоно, бүргэд, тас, хэрээ, харцага, шонхороос эхлээд алтан хараацай жиргэн дуулдаг, агь, ганга, улаагана, улаалзай, мойл, жимс цэцэглэсэн үзэсгэлэнт нутаг юм. Ард зоны нь ажиглан мэдэж судалснаар алт, мөнгө, хар тугалга, хайлуур жонш, чулуу нүүрс, төмрийн хүдрийн баялаг нөөцөө дарж хадгалсан нутаг.
Энэ нутгийн ард зон 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийг туулан давсан түүхтэй. 1933 оны Лхүмбийн хэрэг гэгч зохиомол хэрэгт баривчлагдаж шийтгэгдсэн 251 хүн, Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү гэсэн хэрэгт хэлмэгдэгсдийн олонхи нь буриад баавай ижийнүүд байсан гэдгийг түүх гэрчилдэг.”Улсын бага хурал, төв хорооны гишүүн, буриад хошууны дарга асан Д.Дугаржид, Богд хааны хатан болж тодорсон буриад басган Н.Цэенпил нарыг жирэмсэн байхад нь егүүтгээд буриад баавайг хүүтэй нь, ахыг дүүтэй нь хомроголон хороосон байдаг.
Буриад зоныг шоронд хийж шороонд булж байсан их хэлмэгдүүлэлтийг Дадал нутгийн тэр үеийн хөвүүд басгад туулж гараад одоо баавай ижийнүүд болж үр ач нараа өсгөж өнтэй сайхан эх нутгаа хөгжүүлсээр байна. Эх орныхоо бүтээн босголттой гар хөдөлмөрөө нийлүүлсэн Дадал сумын хан ганцхан зун гэхэд 40 тонн цөцгийн тос үйлдвэрлэж байлээ.
Өрөм, зөөхий, тосоор бялхаж байдаг Дадал нутгийнхны тансаг Хангалуун амьдрал нь ажилсаг хөдөлмөрч чанарт нь байдаг. Ус ургамал элбэгтэй газар нутагтаа найдаад гараа дэрлээд хэвтдэг буриад хүн энэ нутагт байхгүй. Зуны сартай уралдан хадлан өвсөө хадаж өвөлдөө өвдөгнөөс нь дааруулахгүй гэж малдаа бууц хашаа саравчийг нь бэлтгэж дулаална. Ингэж тордсон үеэд нь өвөл зуны аль ч улиралд ганц саалиндаа 8-10 литр сүү бэлэглэнэ.
Дадал нутгийн буриадууд дасч сурснаараа үхэр малаа өсгөхөөс гадна 1960-70-аад онуудад үүр, үүрээр нь зөгий үржүүлэн гахай тахиа тэжээж байсан түүхтэй. Миний мэдэхээр 1970-аад онд 70 үүр зөгийтэй болж нэг үүр зөгийнөөс 30-40 кг бал авч байсан юм. Энэ үед таргалуулж бордсон тахианы нь мах цэврээр 1500 гр татдаг байж билээ. Сүлийн үед туслах аж ахуй xөгжүүлж Дадал сумынхан газар тариалангаас ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай.
Энэ үед баавай нарын шахаж бордсон үхэр 800 кг цэвэр мах өгч дээр үеийн хотын есөн гудамжны наймаачин хужаа нарын шүлс асгаруулдаг байлаа. Энэ нутгийн хөдөлмөрч ард түмний дундаас төрөн гарсан алдар суутнууд олон.
Улсдаа анх түрүүн нэгдлийн дарга нарын дундаас шалгарч хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм цол алдар хүртсэн Цэрэнгийн Чойдорж, нутгийн үнээ бүрээс 2600- 3000 литр сүү саасан анхны манлай саальчин Аюушийн Цэрэнханд, Нанзадын Доржханд гэсэн алдартнууд төрөн гарч, домог цуутай Халхын гол, Хянганы шил, Хамар даваанд Монгол эх орныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан
Ж.Мядаг, Ц.Дашдорж, З.Дэлэг гэсэн алдарт хөвүүдээс эхлээд, 1933 онд сумынхаа төвөөс ходок тэргэнд бараа ачаад явж байх замдаа эсэргүү гэж баривчлагдан Оросын хойд туйлд цөлөгдөж тэндээсээ Дэлхийн II дайнд дайчлагдаж Москвагийн төлөөх тулалдаанд оролцож яваад эх нутагтаа эргэж ирсэн Жалсангийн Дашдорж гэсэн гавъяат үйлстнүүдээрээ Дадал нутгийнхан бахархдаг юм. Одоо ч гэсэн эзэн Чингисийн эх нутгийн унаган иргэдээс төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарсаар байна.
Удам судраа угийн бичигт тэмдэглэн үлдээж үр хүүхэддээ өвлүүлдэг эртний уламжлал энэ нутгийн буриадуудад байдаг. Аав ээжээс эхлээд ах дүүсийнхээ намтар түүхийг товч тодорхой хураангуйлан бичсэн угийн бичиг тухайн айл гэрийн нэвтэрхий толь болдог. Түүгээр ч барахгүй эндээс тэр айлын хувь хүмүүсийн зан төрх ажил үйлс, авъяас чадварыг ч мэдэж болдог.
Энэ тухай Билгүүн номч доктор академич эрдэмтэн буриад Бямбын Ренченгийн бичсэн “Хорь буриадын нэгэн угийн бичээс” гэсэн номонд тодорхой байгаа.
Буриадууд таван үед холдвол цус холилодохоо больдог гэж үздэг уламжлалтай. Эцгийн талыг ясан, эхийн талыг цусан төрөлд хамааруулдаг. Чингис хааны төрсөн тоонот нутаг Дадал суманд аж төрж амьдарч байгаа хорь буриадууд ажилсаг чанар шулуун шударгаараа алдаршдаг байлаа.
Анх эхлээд харсан хүнд эршүүд, ширүүн догшиндуу дүр үзүүлэх буриад баавай нар, үр хүүхдээ ажлыг хүнд хөнгөн гэж голохгүй хийхийг хатуу сануулж сургадаг байлаа.
Малчин баавай хөвүүддээ чулуутай газарт гэрээ барьж чонотой газарт малаа өсгө гэж хэлдэг байсан тухай яриа ч байдаг. Энэ нь түймэртэй ертөнцөд тэмцэн амьдар, гэсэн нэг ёсны хатуу шаардлага баавайн зарлиг байжээ гэж боддог.
Ийм амьдралд хатуу бүхнийг давж гарсан буриад басгад хөвүүд баавайнхаа дуунаар навтас хийж намилздаг байсан нь хор болоогүй, харин жаргалд дуудсан хэрэг. Одоо ч гэсэн Дадал сумынхан өвс хадлангаа уул нурууд гэмээр өндөр өндрөөр нуруулдан бэлтгэж өвлийг өнтэй тарган давж, ямар ч зуд болсон өршөөл эрж, алгаа тосохгүй амар тайван жаргасаар байна.
Баавай нарын барьсан заамал дүнзэн байшингууд нь зуун жилийн салхинд навсайж муудахгүй нарсан ойтой Баянхааныхаа өврөөр налайж байна. Ардтүмэн, түүхийг бүтээдэг мөнх настан гэж мэргэд хэлжээ. Агац, Балж, Ононгийнхоо уснаас ундаалж явсан баавай ижийнүүдийн түүх үргэлжилсээр...
Талх зөөхийгөө тавиад
Тавхайж сууна баавайнууд
Тараг аарцаа дүүргээд
Тавлаж сууна ижийнүүд! Тиймээ! Монголд маань 20 гаруй угсаатан ястан ард байдгийн 40600 нь буриадууд гэсэн судалгаа түүхчид гаргасан байна. Нийт буриад зоны нэгэн хэсэг Хэнтий аймгийн Дадал сумынхан 2014 онд болох Алтаргана наадмаа өндөр амжилтаар угтах өрнүүн бодолтой хөдөлмөрлөж байгааг харж явахад таатай байлаа.
Түүхээс төрсан Алтаргана
Ард түмэн түүх соёлоо бүтээдэг. Эрт галавын уламжлалтай. Энэ нь ширгэшгүй их ундаргатай далай гэлтэй. Буриад зоны түүх Монгол түмний түүхээс эхлээд дэлхийн түүхтэй холбоотой. Дэлхий даяар тархан амьдарч байгаа Монгол туургатны үндэсний ухамсар сэргэн мандаж байгаа өнөө үед Их эзэн Тэмүүжин Чингисийн төрсөн тоонот нутгийн ард зон буриад түмний бодож сэтгэх нь хол тусч энхийг уриалан дуудаж, дуулалдан нааддаг боллоо.
Алтарганаа! дуулж нааддаг энэ цэнгүүнд ОХУ-ын буриад монголчууд, Хятадын өвөрмонголын буриад баргууд, ойрд монголчууд, Шинжаан, Шинхээнийхэн, Халимаг Монгол, Тува Монголчуудаас эхлээд Афганистаны хазаар монголчууд, Австрали, Франц улсуудад суурьшсан буриад монголчууд, АНУ-ын халимаг монголчууд цөмөөрөө Чингисийн нутгийн чимээ сонсож, наашаа харж инээлдэж наадан цэнгэхээр ирдэг боллоо.
Буриад зоны түүх соёл, зан заншилаа сэргээн сурталчлах гэсэн бодол тэмүүллийн баяр юм. 1994 оны зургадугаар сард Чингис хааны төрсөн тоонот нутаг Дадал сумын Дэлүүн болдог Баян-овоо уулын энгэр дээр Анхны Алтаргана наадам болж Хэнтий аймгийн засаг дарга Дадал сумын уугуул иргэн, усны бодлогын гавъяат ажилтан Цэдэндамбын Балдандорж, аймгийн соёлын хэлтсийн дарга Дуламжав, Хан хэнтий чуулгын дарга Мөнхжаргал нарын санаачлагаар улаан тууз хайчилж, Алтаргана дуугаа дуулж, ёохороо хатиран ёслол төгс эхэлсэн түүхтэй.
Анх анкет түүхийг нь бичиж түлхүүрийг нь гардуулсан нөхдийг төр засаг дэмжиж Оюуны өмчийн газрын 8597 тоот гэрчилгээ гардуулж баталгаажуулсан байна. Алтаргана наадам жилээс жилд өргөжин хүрээгээ тэлсээр Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар гээд сумдаас, сум дамжин өртөөлсөөр 5 дахь Алтаргана наадам 2002 онд ОХУ-ын Агад болж буриад, Усть Орда, Ага, Эрхүү, Чити, Москва хотын төлөөлөгчид, Буриад Автономат тойргийн Дулмын дарга Д.Дугаров, ЗХУ-ын ардын жүжигчин Кимазарсадаев, зохиолч Ц.Жамбаев нар оролцож байлаа.
Алтаргана наадам үргэлжилсээр 2006 онд Буриадын Улаан-Үд, 2009 онд ОХУ-ын Эрхүүд, 2010 онд Улаанбаатарт, 2012 оонд ОХУ-ын Өвөр байгалийн Агын тойрогт 7 сарын 20-23-нд болсон юм. Тэнгэрээс дээд эцэг Тэмүүжин Чингис, дэргэдээс төр засаг нь дэмждэг болсон Алтаргана наадмыг амьд яваадаа үзнэ гэж монгол туургатан буриад зон бүхэн хүсэн хүлээдэг болжээ.
2008 онд Эрхүү хотод болсон Алтаргана наадамд Монгол, Орос, Хятад, Канад, Солонгос, Япон, Франц улсуудын зочид төлөөлөгчид оролцож, Ольхон арал дээр Чингисийн 29 үеийн угийг тахих тайлга болж өдөр нь цагаан талын бөө, шөнө нь хар талын бөөнүүд тахилга үйлдсэнийг ихэд билэгшээж сонирхосон юм.
Дэлхийд ганцхан байдаг Монгол эрийн гурван наадмын маань хэмжээнд зэрэгцэн очиж яваа Алтаргана наадмын бэлтгэл ажил ямаршуухан байгааг дэлхийн Монгол туургатны нэгэн бүл Дадал нутгийнхнаас төдийгүй цаашлаад Монгол түмнээс дэлхий асууж байна?... Цаг хугацаа харвасан сум шиг хурдан гэж хүн бүхэн ярьдаг. Ярилцсаар мэтгэлцсээр суутал 2014 он болно гэдгийг бидний Монголчууд дээр дооргүй анхаарах учиртай.
Дээд эцэг Тэмүүжин Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогт болох гэж байгаа Алтаргана наадмыг бэсрэг наадам гэж багаар бодож боломгүй санагдана. Яагаад гэвэл дэлхийн галыг дагуулж хамаг монголыг нэгтгэн хаан ширээнд сууж байсан Чингис хааныг дэлхий даяар мэддэг болж байгаа ч гэсэн төрж өссөн тоонто нутаг гал голомтоо бадрааж байсан газар, ган дөрвөн туурайгаараа дэлхий тамгалсан найман шарга морьдын нь унасан шороо уусан усыг нь нүдээрээ үзэж, гараараа илэхсэн гэсэн хүсэлтэй хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа. Тэд яарч, давхиж ирнэ.
Түүгээр ч зогсохгүй Тэмүүжин Чингисийн ууж байсан Онон Балж Агацын голын уснаас ууж, хажуу булгийнх нь харгиа мөнгөн рашаанаас дээжилж, үхэр тэргээ өнхөрүүлж явсан харгуй замаар нь алхаж үзэхсэн гэсэн жуулчид ч ирнэ. Ийм үед Их эзэн Чингисийн өлгий нутгийнхан нэрээ бодох учиртай. Үүнд бэлтгэх ажлыг одооноос эхлэхгүй бол оройтож мэднэ гэдгийг би өргөн түмэн дүү нартаа сануулж сонордуулмаар байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмдэгдэнэ гэдэг. Хүн хөгжил дагуулаад ирнэ гэж би хэлнэ. Дэлхий ертөнц даяарчилагдаж байна гэж ярьж бичих боллсон.
Ийм эрин үед хэл соёл, ёс заншил гээд монгол үндэснийхээ онцлогийг хэвээр хадгалж баяжуулан хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд ч Алтаргана наадмын ач тус орших бөлгөө. Даяаршиллын үйл явцад мартагдаж магадгүй байгаа үндэсний монгол хэл соёлоос эхлээд уух цай идэх хоолоо хүртэл угийн монгол уламжлалаараа хадгалж үлдэх нь одоогийн монголчууд бидний үүрэг, залуу өсвөр үеийнхэндээ өвлүүлэх эрхмийн дээд эрдэм байх ёстой.
Энэ ажилд төрийн түшээд санаа тавьж санаачлага гарган түмэн олноо дагуулан дээд өвөг эзэн Чингисийнхээ нутагт болох Алтаргана наадамд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж сууна. Олон буриад зоны дуулалдан ёохор бүжгээ хатрилдахад Онон Балж Агац голууд оргилон шуугиж наадах шиг болдог юм. Энэ сайхан дуу эзэн Чингисийн тоонот нутагт эгшиглэх цаг наашилсаар...
Батнай угийн Дашболхойн Дамбадаржаа
Сэтгэгдэл0
CHINGES CHINI HUJAA BAIHGUIYUDAA PZDAANUUDAAAAA,ZAIL ZAIL.
Чингисийн төосөн нутаг гэсэн чинь юун хэдэн буриад болоод явчив
БУРИАДУУД ЧИНЬ 1920-ООД ОНД ХААНЫ НУТАГИЙГ БАЙЛДАЖ ЭЗЭЛСЭН ЮМАА ДҮҮ МИНЬ, ХЭХЭ
буриадууд чинь жинхэнэ монголчууд юм шүү, монгол үндэстний нэг гол үндэс салаа, тулах тулгуур, монголчууд гэх үндэстэний бүрдүүлэгч үндсэн хэсэг юм...
Яагаад буруу нэр томьёо хэрэглээд унаваа. Элбэгдорж Тэмүүжин Чингис хаан гэж хэлснээсээ болж их хаанаа далдуур доромжилсон болж буруудаад явж байхад. Их гурвалжин ном бичсэн эрдэмтэн Эрдэнэ гуайн шүүмжийг уншаагүй юмуу?
ТЭМҮЖИН ЧИНГЭС ХААН гэхэд юунд бурууддаг юм, харин ч зөв, Тэмүжин бол нэр, Чингис хаан бол цол шүү дээ
Бишээ Тэмүүжин чинь хууль зүйн сайд биз дээ Андуураад байна
Mongoliin buryaduud chin bur suuld orj irsen shdee
Хүний биеий н 70-н хувь нь ус гэдэг тэгвэл миний биений 35 -нхувь Онон мөрнийх35-хувь ньБалж хатан Ээжийнх 10-н хувь нь Агын буриад ястай,10-н хувь нь Хорийн буриад цустай 10-н хувь нь цэвэр буриад мяхтай, төмөр биетэй,туулай жилтэй,Мохоо хутгаар мунц зордог,мугуйд зантай,эд зөөриншө,эрдэм номтой иргэд болой, гэдэг уриатай. Эзэн Чингэсийн тоонот нутаг Дэлүүн болдогыг хамгаалхаар төрсөн,Дээд тэнгэрээс заяатай Монгол түмний нэг 100-н хувь буриад иргэн байна.Хүн төрөхдөө нэг л эцгээр овголж,нэг л Улсаар цоллуулж явдаг шүү дээ ,халх буриад гэх нэг л муухай үнэр гаргахаа больцгооё. Одоо үеийнхэн бид чинь Эзэн Чингэс хааныхаа байгуулж өгсөн Дэлхийн талаар омогших Монгол хүмүүс биш билүү биднийг дунд нь хагаралдуулах гэж холоос чидсэн чулууг газар хүргэлгүй барьж авах, өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр, гэдэгийг сануулж явах,өвгөдийн сургаалтай ахан дүүс мөн биздээ.Бид энд л төрсөн,бид эндээ л оршино.
МАХН-н сонгуулийн сурталчилгааны хурал дээр Энх баяртай хамт зогсож байгаад "Хамнигад"-аас Монголоо аврая гэдэг уриа гаргасан Орфлемын Оюун гэрлээс Буриад,Хамнигад хэзээ монголын төрлүү дайрсан вэ та юунаас нь айгаад байна наад Энх баярын чинь Ээж нь Буриад хүн шүүдээ Энх баяраасаа ай гэж Хааны төрсөн нутгийнхан хэлж байна та радио телвизээр уучлал гуйх хэрэгтэй тэхгүй бол бид нэг юм бодхоос.
зүйтэй тэр бум төг нэхэмжилж алтаргана наадамдаа хэрэглэе
Хан хэнтийн хөрс шорооны тасархай Хатан ононы ариван усны дусал Хэзээнээс алдартай буриад ардай хүвүүн. Хэнтий Дорнодоор нютагтай хүвүүд басгадуудhаа мэндийтнэй мэдэжэ амаршалнаб Алтарганаа яаха зонбийвдь эртhээ хөөрөлдеийл?????
Дэлхий нийтийн Олимп тухайн улс орондоо ямар их хөрөнгө оруулалт хийдэг билээ .Тэр хэмжээнд очих Алтаргана наадмаа анх санаачлагчидын нутаг Дадал сумандаа хийж Монгол улсын жишэг сум болгон хөгжүүлэе Бүхий буриадууд хамтдаа жүтхэеийл бурханзүг.....