Хотын удирдлагуудын анхаарлыг хамгийн ихээр татаж, шагнал урамшууллын хур буусан салбар бол нийтийн тээвэр. Тус салбарынхны үзэж буйгаар тээврийн хэрэгслийнх нь өнгө үзэмж сайжирч, кондуктор, жолооч нарын зан харьцаа өмнө нь байгаагүйгээр өөрчлөгдсөнөөс ийнхүү шагналдаа даруулсан гэнэ.
Харамсалтай нь энэ бүхэн цаасан дээр хэрэгжсэн хий хоосон зүйл бололтой. Бодит байдал дээр нийтийн тээврийн үйлчилгээ туйлын хангалтгүй байгаа нь бүгдэд ил байна. Тухайлбал, автобус хоорондын эргэлтийн хугацааг дагаж мөрддөг нийтийн тээврийн чиглэл үгүй аж.
Иргэдэд үйлчилж, чиглэлийн шугамд хамаарах автобусны зорчих эргэлтийн хугацаа, хоорондын цагийг нарийвчлан гаргаж, тогтоосон байдаг аж. Тодруулбал, автобус хоорондын хүлээлтийн дундаж хугацаа 7-8, алслагдмал дүүрэг, хороодод 30 минут байх ёстой гэнэ. Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд мөрдөх учиртай.
Гэтэл үүнийг удаа дараалан зөрчиж, иргэдийг хохироож буй том оврын автобусны талаар гомдол бидэнд ирсэн юм. Энэхүү мэдээллийг лавлаж үзвэл “ДЮЦ” компанийн “Монел-Офецеруудын ордон-Сансар-56A”, “Монел-100 айл-МУИС”, “Монел-13 дугаар хороолол-56Б” чиглэлийн автобус иргэдэд үнэхээр чирэгдэл учруулдаг болох нь тогтоогдсон байна.
Уг нь, нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээ ёсоор бол 56А буюу “Монел- Офецеруудын ордон-Сансар” чиглэлд өдөрт тав, 56Б буюу “Монел-100 айл-МУИС-100 айл” чиглэлд найман автобус үйлчилгээнд гарах графиктай аж. Түүгээр ч зогсохгүй автобус хоорондын хүлээлтийн хугацаа нь 9-10 минут байхаар тогтжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлүүдэд тус компаниас 13 автобус явдаг гэсэн үг. Гэтэл хүйтний эрч чангарч, ес эхэлсэн энэ үед автобус ирэхийг хүлээн, дор хаяж 30 минут зогсож байна.
Зөвхөн энэ чиглэлийн автобус ч биш, бусад чиглэлд ч хүлээлтийн хугацаа 20, цаашилбал 30, 40 минут болжээ. Чиглэл бүрт автобусны тоо хангалттай бус ч гэлээ эргэлтийн цагаа бариад, түргэн шуурхай үйлчилбэл иргэд гар, хөлөө хөлдөөх шахам буудал дээр дэвхцэж зогсох эмгэнэлтэй дүр зураг арилахсан.
Гэтэл албаныхан эл асуудлыг харсан ч хараагүй мэт дүр эсгэж, шагнаж урамшуулахаа л бодож сууна. Харин бодит байдал ямар байгаа талаар иргэдээс тодруулснаа хүргэе.
Хүлээхээс өөр сонголтгүй юм даа
МУИС-ийн автобусны буудал дээр “Монел-100 айл-МУИС-100 айл-XIII хороолол” чиглэлийн автобус хүлээн зогсох Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Нямцогт “Автобусаа хүлээн 20 орчим минут зогсож байна. Энэ чиглэлд зөвхөн 56Б автобус л явдаг юм. Даанч ирнэ гэж байхгүй. Өвлийн хүйтэнд алхалтай биш” гэсэн юм. Иргэн Б.Нямцогтын хүлээсэн автобус удахгүй ирсэн. Харин түүний суусан автобус хөдөлсөн цагаас дараагийн автобус ирэх хүртэлх хугацаа 30 минут байлаа.
Троллейбус удаан явдаг ч цагтаа ирдэг
Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Буян “Автобус хоорондын хүлээлтийн хугацаа хэрээс хэтэрлээ. Би “Таван шар” чиглэлийн автобус хүлээж,45 минут зогсож байна. Тэсгэм хүйтэнд автобус хүлээснээс гар, хуруу хайрагдаж, эрүүл мэндээрээ ч хохирох тохиолдол байна шүү дээ. Жилийн аль ч улиралд энэ явдал байнга давтагддаг. Ямар нэг зохицуулалт хийхийг хүлээсээр цөхөрлөө.
Нэгдүгээр эгнээгээр автобус явуулдаг болсон нь сайшаалтай. Гэвч Яармаг, Нисэх, Чулуун-Овоо, Таван шар зэрэг алслагдмал газруудад автобусны хүрэлцээ муу, хүлээлт их байдаг. Миний бодлоор чиглэл бүрт троллейбус явуулмаар санагддаг. Удаан гэж шүүмжилдэг троллейбус харин ч цагтаа ирдэг шүү” гэлээ.
Хяналтад өртдөггүй цагийн хуваарь
Иргэдийг өдөр бүр хүлээлгэсэн тохиолдол гарсаар байхад бурууг замын түгжрэл, хальтиргаа руу чихэж, салбарынхаа нэрийг цэвэрхэн аваад үлдчихдэг, нийтийн тээврийнхэн, энэ удаа ч мөн адилхан хандаж байна.
Нийтийн тээврийн диспетчерийн албаны дарга Г.Доржпалам энэ талаар “Бүх автобус өөрийн чиглэлдээ тогтсон цагийн хуваарийн дагуу явж байна. Үүнийг Замын удирдлагын төв, Авто тээврийн хяналтын улсын байцаагчид байнга хянадаг. Хэдийгээр автобусууд тогтсон цагтаа хөдөллөө ч гаднаас нөлөөлж буй шалтгаануудаас болж хоцрох, хүлээлт үүсгэх нь ажиглагддаг. Тийм тохиолдолд авах арга хэмжээ алга.
Үнэхээр тухайн аж ахуйн нэгж 10 автобус гаргах байснаа тавыг явуулсан, эсвэл бүрэн биш тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсоноос гэмтэл гарч, хүлээлт үүссэн бол авто тээврийн тухай хуулийн дагуу торгох, цаашилбал хамтран ажиллах гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн юм.
Тэгвэл яг адилхан түгжрэлтэй, хальтиргаатай замаар зорчиж байгаа бага оврын автобус буюу микро автобуснууд хүлээлт үүсгэхгүй иргэдэд үйлчилдэг байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд бага оврын 226 микро автобус 24 чиглэлд зорчих эрх авч, гэрээ байгуулжээ. Үнэ төлбөрийн хувьд арай илүү ч хэзээ ирэх нь тодорхойгүй том оврын автобусыг хүлээж, хайран цагаа барж, даарч зогссоноос л дээр гэж иргэд үздэг.
Түүнчлэн үйлчилгээ сайжирсан гэх том оврын автобусандаа тавих анхаарлаа сайжруулж, тогтсон цагтаа хуваарийн дагуу үйлчилдэг болгомоор байна. Хэдий болтол өвөлд нь хальтиргаа гулгаанаас, дулааны улиралд зам засвараас боллоо хэмээн түмэн янзын шалтаг тоочиж хариуцлагаас мултрах вэ.
Үнэхээр тэргүүний, шилдэг эсэхийг нь иргэд дүгнэдэг. Тэд зохих дүнгээ ч өгөөд эхэлчихэж. Тиймээс эл асуудлыг хотын удирдлагууд анхааралдаа авч, иргэдэд чирэгдэл учруулдаггүй жинхэнэ шилдэг нийтийн тээврийг бий болгох цаг болжээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0