сонин mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд шинээр вакцин хийлгэсэн хүмүүст 100 ам.долларын урамшуулал санал болгохыг муж улсууддаа уриалжээ.
Мөн Ерөнхийлөгч АНУ-ын холбооны байгууллагын ажилтнуудад вакцинд хамрагдах хатуу шаардлага тавьсан байна. Эдгээр байгууллага нь хоёр сая гаруй ажилтантай бөгөөд улсын хамгийн том ажиллах хүчин юм. Үүний дагуу ажилтнууд вакцинд хамрагдсан юм уу шинжилгээ өгсөн баталгаагаа үзүүлэхээс гадна амны хаалт зүүхийг шаардах ажээ.
 
 
 
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны мэдээллээр, хүн амын ердөө тэн хагас орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.
 
 
 
Ж.Байден Цагаан ордноос пүрэв гарагт мэдэгдэл хийх үеэрээ, шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалттай холбоотой гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Мөн мөнгөн урамшуулал нь вакцинд хэдийнээ хамрагдсан америкчуудын хувьд шударга бус санагдаж болох ч илүү олон хүн вакцинд хамрагдах нь бид бүгдэд ашиг тусаа өгнө хэмээн хэлсэн байна.
Өнгөрсөн сард нэгэн судалгаагаар халдвараар нас барсан хүмүүсийн 99 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байсныг тогтоожээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, насанд хүрсэн хүн амын 70 орчим хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн байна.
Гэвч вакцинжуулалтын түвшин улсын хэмжээнд ихээхэн ялгаатай байна. Тодруулбал, халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буй зүүн, баруун бүсүүдэд вакцинжуулалтын түвшин харьцангуй бага байгаа ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг