sonin.mn
БНӨСУ-д явуулж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Юнити секторын  командлагч бригадын генерал Майк Күүпер Мужунитай ярилцлаа. 
 
Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
 
-Баярлалаа. Намайг Майк Күүпер Мужуни гэдэг манай секторт олон орны цэнхэр дуулгат энхийг сахиулагчид мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг. Тэдний нэг нь МОНБАТТ юм. 
 
Та Бентьюд ирээд хэр удаж байгаа вэ? “UNMISS” ажиллагаанд өмнө нь оролцож байсан туршлага бий юу?  
 
-Би Бентью хот буюу Юнити секторт ирээд яг 5 сар болж байна. Энхийг сахиулах ажиллагааны туршлага маань 2005 оноос эхлэлтэй. UNMISS-ийн хувьд гэвэл анх Судан Улс нэг төрийн удирдлагатай байхад үүрэг гүйцэтгэж байсан. Түүний дараагаар Өмнөд Судан Улс тусгаар тогтнолоо амжилттай зарласны дараа 2015 онд Хүчний командлалд ажиллагааны удирдлагын төвийн даргаар ажилласан. Ерөнхийдөө бол надад Өмнөд Судан болон хойд Судан Улсын тухай мэдлэг туршлага арвин бий.   
 
Та цэргийн албанд татагдан ороод хэдэн жилийн хугацааг үдэж байгаа вэ? 
 
-Одоогийн байдлаар миний бие армид зүтгээд 33 жил болж байна.  
 
Та өөрийн улсын цэргийн албаны онцлогийн талаар танилцуулна уу?
 
-Манай армийн бүтэц зохион байгуулалт нь Хуурай замын цэрэг, Агаарын хүчин, Нөөц хүчнээс бүрддэг. Мэдээж эдгээр төрлийн цэрэг нь бусад орны адилаар  дотроо өөр өөрсдийн бүтэц зохион байгуулалтаар ажилладаг.  
 
Таны үндсэн мэргэжил юу вэ?
 
-Би явган цэргийн командлагч мэргэжилтэй.  Та секторын захирагчийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байгийн хувьд Монголын батальоныг удирдан чиглүүлж байна. 
 
Монгол цэргүүдийн талаарх таны бодлыг сонсвол ... 
 
-Тийм ээ, Миний Монгол цэргүүдтэй харилцах харилцаа маань зөвхөн өнөөдөр энд секторын командлагчаар ажиллах хугацаагаар хязгаарлагдахгүй. Өмнө нь би Өмнөд секторын штабын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед Монголын батальон Бентьюд байсан бөгөөд хариуцлагын бүс нь Хойд сектор гэж явдаг байсан. Тэр үед буюу 2015-2017 онд Монголын цэргийн багийн удирдлагуудтай ойрхон ажиллаж байсан. Түүний адил өнөөдөр ч би Монголын цэргийн багтай гар нийлэн амжилттай ажиллаж байна. Надад төрсөн анхны сэтгэгдэл гэвэл Монгол цэргүүд үнэхээр мэргэжлийн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ чанар нь улам тодордог юм билээ. Удирдлагын түвшинд бол тэд найдвартай бүх талаар мэргэжлийн гэдэг нь улам мэдрэгдэж эхэлсэн. Учир нь тэдэнтэй харьцахад хялбар, бааз дотор явж байхад тэд хамгаалалтаа төгс зохион байгуулж үргэлж сонор сэрэмжтэй мэргэжлийн түвшинд үүргээ гүйцэтгэж байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөдөг. Цэргийн албанд нэлээд удаан хугацаагаар ажилласан хүний хувьд энэ бол сайн чанар бөгөөд би ийм мэргэжлийн цэргийн багийн командлагч болон ажиллаж байгаадаа бахархаж байна.
 
Өмнөд Судан, Юнити секторын өнөөгийн нөхцөл байдлын талаар та бидэнд танилцуулна уу? 
 
-Юнити мужийн аюулгүй байдал тун ээдрээтэй. Бид үргэлж сонор сэрэмжтэйгээр ажиглаж байх ёстой мужийн нэг яах аргагүй мөн. Учир нь гэвэл энд аюулгүй байдлын болон, улс төрийн хэд хэдэн хүчин зүйл байна. Үүнээс үзвэл 2013 оноос эхлээд энэ мужид хэд хэдэн асуудал гарсан бөгөөд өнөөг хүртэл цагийн байдал эгзэгтэй хэвээр байна. Ялангуяа мужийн урд хэсгээр овог аймгийн болоод улс төрийн хүчний мөргөлдөөн буурахгүй байна. Үүнээс болж энх тайван тогтвортой байдал төдийлөн бий болохгүй байна. Түүнчлэн энэ мужийг сайн судлан харвал одоогийн төрийн 2 тэргүүн төрөн гарсан. Нэг нь Лийр аймагт төрсөн Риак Мачар (дэд ерөнхийлөгч), нөгөө нь Вийт аймагт төрсөн Стоборн Динк юм. Энэ хоёр хүн улс төрийн эсрэг хүчинд зүтгэдэг. Юнити муж нь газрын тосны баялаг ихтэй. Африкийн ихэнх улс орон газрын баялгаас үүдэлтэй маш их асуудалтай тулгардаг. Шинэ асуудлууд ч ар араасаа гарч ирж байна. Улс төр, эдийн засаг, овог аймгийн болоод газрын баялгаас шалтгаалсан асар олон талын маргаантай асуудал тогтворгүй байдал үүсгэхэд нөлөөлж байна. Мөн 2023 онд сонгууль болно. Үүнтэй уялдаад тогтворгүй байдал үүсэх магадлал бүр ч өндөр байна. Гэхдээ олон улсын байгууллага, хууль ёсны засгийн газраас авч хэрэгжүүлэх ажиллагаа нь сонгуулийг амжилттай явуулна гэдэгт эргэлзэхгүй байна.   
 
Баярлалаа таны ярьснаас Өмнөд Судан Улсад болж байгаа олон асуудлуудын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ завшааныг ашиглан манай энхийг сахиулагчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?  
 
-Монголын энхийг сахиулагчид мундаг, сайн ажиллаж байна гэж харж байна. Тэдний хичээл зүтгэлийг, мэргэжилтнүүдийг нь, үйл ажиллагааг нь магтмаар байна. Тэр дундаа би Монголын батальон байгаа Юнити секторын командлагчаар ажиллаж байгаадаа баяртай байгаагаа дахин хэлмээр байна. Би ийм мэргэжлийн хүчнийг удирдаж байгаадаа маш их бахархаж байна. МОНБАТТ-ын хийж буй сайн үйлсийг үргэлж үнэлдэг миний талархлын мэндчилгээг цааш нь дамжуулж, баярлаж явдгийг минь хүлээн авна уу. 
 
 
"Соёмбо" сонин