Өвгөн багш Дүгэр гуайн шинэхэн орчуулсан “Коммунизмийн хар ном” хэмээх алдарт бүтээлийг эх хэл дээрээ уншиж танилцах боломж олдов. Анх 1997 онд Францад Le Livre Noir du Communisme (The Black Book of Communism) нэртэйгээр хэвлэгдсэн энэ ном зөвхөн ХХ зууны түүх судлалд төдийгүй коммунист намуудад хандах олон нийтийн хандлагыг бүхэлд нь өөрчилсөн юм.
Бид Холливүүдийн маш олон кино, түүхийн ном бүтээлүүдээс ХХ зууны хамгийн аймшигт хөнөөлт дэглэм бол Германы фашизм байсан гэх ойлголтыг авсаар ирсэн билээ. Гэтэл эл номд нотолсноор фашизмын хядлага 25 сая хүний амийг дайрсан бол түүнээс ч өмнө үүсч удаан оршин тогтносон коммунист дэглэм 100 сая орчим хүнийг хядсан байна.
ЗХУ дэлхийн II дайнын хохирлыг тооцолгүйгээр 20 сая, Хятад 65 сая, Умард Солонгос хоёр сая, Камбож хоёр сая, Африк 1.7 сая, Афганистан 1.5 сая, Вьетнам нэг сая, Зүүн Европ нэг сая, Латин Америк 150.000 хүний амиар “тоглосон” бол энэ ном хэвлэгдсэнээс хойш илэрсэн баримтуудаар дахиад олон сая хүний амийг коммунизм “хариуцах” ёстой болж байна.
Яг өнөөдөр коммунист дэглэмтэй улсуудад өрнөж байгаа хэлмэгдүүлэлт, хядлагыг хожим ахиж нэмж тооцох ажил түүхчдэд гарцаагүй гарах болно. Бараг зуун жилийн турш дэлхийн газрын зурагны дөрөвний нэгийг эзэлж, дэлхийн II дайны дараа барууны нийгмийн олон давхаргын дэмжлэг шүтлэгийг авч байсан энэ үзэл суртал 1990 онд Москвад нүд аньсны дараа л түүхэн үнэнийг мэдэх боломж дэлхий дахинд олдсон юм.
Коммунист дэглэмүүд яагаад заавал ард түмнээ ангилан “устгадаг” геноцит хийж, шарил үйлдвэрлэдэг юм бэ. Түүний дотоод шалтгаан өгөгдөл нь юу юм бэ гэдгийг энэ номд тайлбарласнаараа ач холбогдолтой байгаа юм. Хамгийн аймшигтай гэх нацизм, Германы цэргийн машин нь иргэдийг арьс үндэсний үзлээр ялгаж хядаж байсан бол коммунистууд нийгмийн анги давхаргаар нь ялгаварлаж бүх үндэстнийг хядаж байсан нь бүр аймшигтай хөнөөлтэй байжээ.
Улаан терроризмын онолын зөвтгөл нь нь өөрийгөө хамгаалах чадваргүй “пролетари” ангийн өмнөөс мэргэжлийн хувьсгалчид хувьсгал хийж бусад анги давхаргаас өшөө авах, бүрэн устгаж шинэ “диваажин”-г эхлүүлэх В.Лениний большевик онол байв. Тэрээр хувьсгалын зорилгоо тайлбарлахдаа “Ажилчин анги болон тариачдын оюуны хүчин чадал хөрөнгөтнүүд хийгээд тэдний гар хөл бологч-өөрсдийгөө үндэстний уураг тархи хэмээн хий саасагнагч жижиг сэхээтнүүд, хөрөнгөтний зарц нарыг устгасны дараа бэхжинэ. Жинхэнэ сэхээтнүүд бол уураг тархи биш баас” гэсэн байдаг.
Улаан терроризм коммунист дэглэмтэй оронд ялангуяа жижиг үндэстэнд хэрхэн гай авчирсныг хүн амынхаа дөрөвний нэгийг хядсан Камбожийн Пол Пот, насанд хүрсэн эрчүүдийнхээ тавныг нэгийг хядсан Монголын коммунист намуудын түүх нотолдог. Коммунистуудын хувьд үндэстэн, үндэсний бахархал, нэр төр гэдэг ойлголт үргэлж харш байсаар ирсэн. Бүр 1917 онд большевикууд дэлхийн I дайнд эх орноо хүчээр ялагдуулж дотоод иргэний дайн болгон өргөжүүлж засгийн эрх авах стратегээ боловсруулснаар арми нь дайтаж байхад ар хударгаар засгийн эрхийг булааж аваад ялагдаж буй Германд бууж өгч үндэстнээ гутамшиг болгож байлаа.
Дэлхийн хувьсгалын төлөө 1924 онд Гадаад Монголыг Зөвлөлтүүд Хятадад найр тавин өгсөн бол мөн л дэлхийн хувьсгалын өмнө танайх үүрэг хүлээж газар нутгаасаа өг гэсээр байгаад Молотов Ю.Цэдэнбалаас төрсөн газрыг нь булааж Зөвлөлтөд нэгтгэсэн гашуун түүх дуусахгүй. Даян дэлхийн эмгэнэлийн тухай анхны лавлах ном хэмээн үнэлэгдсэн энэ суурь судалгааны бүтээл нийт монголчуудад коммунизын үнэн нүүр царайг мэдэх эрхийг лавтайяа эдлүүлж, буруу ойлголтуудыг өөрчилж чадна. Өнөөдрийн монголчуудад коммунизмын талаар хоёр том ташаа ойлголт гүн бат суусан (суулгасан) байдаг.
Эхнийх нь коммунизмын ачаар л бид хөгжсөн гэх 90 жилийн үзэл суртал. Харин сүүлийнх нь коммунизмыг бид буруу байгуулсан, коммунизм амжилттай хөгждөгийн жишээ нь Хятад гэх гадны тархи угаалт хоёр юм. Үнэндээ хятадыг коммунизм доройтуулж, чөлөөт зах зээл, хувийн хэвшлийг зөвшөөрсөн нээлттэй хаалганы бодлого л аварсан юм шүү гэдгийг энэ ном дээрээс олж уншиж болно.
Бас коммунизмаас илүүтэйгээр орчин үежилт гэсэн дэлхий нийтийн хөгжлийн давалгаа л монголын сүүлийн зуун хөгжлийг бүтээсэн гэдгийг ч харьцуулж ойлгох боломжийг “Коммунизмын хар ном” олгож байна. Өнөөдөр коммунизм дүрээ хувиргаж ардчилсан социалистууд өөрсдийгөө нийгмийн ардчилагчид хэмээн нэрлүүлэхийг оролдох болсныг манай экс коммунистууд дагаж намирч байна.
Социализм ардчилал хоёр хамт байх онолын ямар ч боломжгүй билээ. Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн системд эргэлт буцалтгүй шилжиж хүн төрөлхтөний жам ёсны замд эргэн нийлсэн хэдий ч “коммунизмын сүнс” тал нутгийн дээгүүр амь бөхтэй тэнүүчилсээр л байна. 70 гаруй жил Монголын төрийн сүнс болж нийгмийг шүншиглэж байгаад 1990 оны хүйтэн өвлөөр хөөгдсөн энэ үзэл санаа одоо болтол хий тэнүүчилж гэнэт гэнэт илэрч гарсаар байгаа ямар үндсэн шалтгаанууд байна вэ.
Хомосоветусуудын эрин үе дуусаагүй үргэлжилж байна
Коммунизм зүгээр нэг үл гүйцэлдэх үзэл санааны түүх төдий биш юм. Энэ үзлийн хамгийн хорлонтой нь HOMOSOVEITICIUS буюу зөвлөлт маягийн хүнийг үй олноор нь “үйлдвэрлэж” үлдээдэгт байгаа билээ. Судлаачдын тодорхойлж буйгаар хомосоветус хүн нь коммунизмын дараах бүхэл бүтэн нэг үеийнхнийг хамаарч болох гэнэ. Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа өөрөө биш улс төрийн нам, төрийн дарга анги юмуу лам, бөө, шидтэний үгээр шийддэг боловч гаргасан шийдвэрт нь үргэлж гомдоллосоор бусдад хувь заяагаа даатгах сэтгэхүйтэй хүмүүс нийгмийн олонхийг бүрдүүлсэн хэвээрээ байна.
Тэд ертөнцийг сайн муу, сайхан муухай, баян ядуу, манай талынх, дайсны талынх гэсэн хоёрхон шалгуураар үнэлдэг уламжлалт үзэлтэй учраас чөлөөт нийгэмд зохицож бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгсэн хэрнээ чөлөөт нийгэмд өөрийн эрх үүргээ эдэлж чадахгүй хувь заяагаа популизмд даатгаж олон сайхан “нэгдлийг дарга” стайлтай улс төрчдийг шүтэнгээ яаж амьдрах, юу идэх, хаашаа нүүх, ямар мөнгөөр өөрийгөө тэжээлгэхээ заалгасан бэлэн амьдралын жор “нэхсэн” хэвээр л байна.
Чухам ийм амьдралын бэлэн жорыг коммунизм л санал болгож чадна. Хомосоветусууд ч хуучны сайхан нийгмийн тухай алтан дурсамжууд, коммунизм нь чөлөөт ардчилсан нийгмээс жирийн хүмүүст илүү өгөөжтэй болох тухай, муу хааныг сайн хаанаар солих “хувьсгалт жор”-ын тухай сурталчилна. Хамгийн аймшигтай нь хомосоветусууд коммунизмийн бодит түүхийг уншаагүй залуу үеийнхнээр хүрээгээ тэлэхийн хэрээр иргэдийн нийгмийн оролцоог багасгахыг сурталчилж байгаа нь ардчилалд хорлонтой авилгачдад таатай хөрс биш гэж үү.
Боловсролын системийн дампуурал үргэлжилж байна
Байгуулах төрд баатар эрс хэрэгтэй. Байгуулсан төрд багшлах мэргэд хэрэгтэй гэж домогт гүүш В. Инжинашийн сургаал байх. Байгуулж буй энэ чөлөөт нийгмийнхээ тухай иргэддээ зөв системтэй орчин үеийн суурь боловсролыг өгч чадах бодлогын болоод хүний нөөцийн чадвар социализмийн үеийнхээрээ байгаа шахуу манай нүсэр боловсролын системд алга. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт нийгмийн тухай олголтыг нийгмийн амьдралын харилцааны гол суурь гэж харахаасаа илүүтэйгээр лоозон тунхаг, хоосон уриа төдий зүйлийн түвшинд цээжлүүлэх гэж оролдох, эсвэл системгүй буруу тайлбарлахаас хэтрэхгүй багш нар дэндүү олон байна.
Ядаж Монголын түүхийн боловсрол олгодог бүх шатны сургуулиудын багш нар болон тэдний хөтөлбөр социализмын үеийнхээс ч дордсон. Социалист профессорууд ядаж марксист диалектектэй байсан бол одоогийн их дээд сургуулиудын түүхийн багш нар бөө, эзотерик, зөн билэг дээр үндэслэсэн судалгааны материал, хичээлийн хөтөлбөрийг “албан ёсны эрхтэйгээр” оюутнуудад заасаар байна.
Ийм нөхцөлд коммунист нийгмийн тухай бодит түүхийг зөвөөр ойлгуулж чадах нь эргэлзээтэй. Үр дүнд нь коммунизмыг агуу бүтээн байгуулалт байсан хэмээн итгэдэг, сурталддаг олон үеийнхэн бэлтгэгдсээр байна. Уг нь коммунизм, орчин үежилт гэсэн хоёр өөр зүйл ХХ зууны Монголын түүхийг бичилцсэн билээ.
О.Чулуунбилэг
Эх сурвалж: "News.mn"
Сэтгэгдэл0
ОРОСТ СУРСАН НЭРТЭЙ БАЛАЙ ЮМНУУД МОНГОЛЫГ УСТГАЖ БАЙНА
Коммунизм дэлхий дахинд асар их гай гамшиг тарьж 100 сая хүнийг үхэлд хүргэсэн. Хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж нэг хүнийг тахин шүтэгч болгож тархи угаасан гэхчилэн муу муухайгий нь тоочоод барахгүй. Гэхдээ коммунизм Монголын хувьд бол ээлээ өгсөн юм. Монголчууд коммунизмд дуртайдаа энэ замыг сонгочихсон юм биш. Монголыг Хятадаас салгаж аврах боломжтой цорын ганц улс Орос улс нь өөрөө энэ замыг сонгосон байсан учраас хятадаас салж л байвал ямар изм байх нь хамаагүй гээд хувь заяаны эрхээр коммунист улс болсон юм. Тэгэхдээ тэглээ гээд нийт ард түмэн хохироогүй. Соёлжсон боловсорсон, бичиг үсэгтэй болсон, эрүүлжсэн, зөвхөн мал маллахаас өөр мэдлэг мэргэжил байдгийг сурсан, тусгаар тогтносон. Их хэлмэгдүүлэлтийг авчирч 30000 хүний амийг авсан.Үүнийг 20 жил ярьж шоудлаа. Түүнээс хойш ч бусад коммунист улсуудын адилаар өөрөөр сэтгэгч сэхээтнүүдийг төрөл бүрээр хяхан хавчсан. Гэхдээ энэ бүхэн бол тусгаар тогтнолын хажууд юу ч биш. Тусгаар тогтнол байхгүй бол юун бид өнөөдөр изм яриад суух. Бид нар байх ч гүй. Оросыг дагаж далдганаж байж тусгаар улс болоогүй бол бид өвөрмонгол шиг л болох нь тодорхой. Хятадууд соёлын хувьсгалын үед 500,000 өвөрмонголчуудыг хядсан. Үлдсэнийг нь бодлогоор хятадчилсан.30000-40000 бол хажууд нь 14 дахин бага байгаа юм. Тухайн үед 600,000 гаруй хүнтэй байсанаа бодохоор үндэстэнийхээ хувьд геноцидэд өртөх байсан нь тодорхой харагддаг юм. Юуны чинь үзэл бодол, монгол үндэстнийх нь хувьд хядаж байсан аюулаас мултарсанаа яагаад ярьдаггүй юм. Ингэж хэллээ гээд коммунист хүн болоод одоо буцаад коммунист улс больёо гээд байгаа юм биш. Зөвхөн муу муухай коммунизм та дэлхийн ард түмний хувьд гай гамшиг тарьсан ч монголын хувьд өгөөтэй аваатай байж түүхэн үүргээ гүйцэтгэлээ, бидэнд иймэрхүү улсыг үлдээж өгсөнд баярлалаа, одоо гүүдбай гэж хэлээд л илүү сайн сайхан замаараа замнах ёстой болохоос нэмж харааж загнаад байх шаардлагагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл коммунизм монголын хувьд ашиг тус нь алдаа буруугаасаа илүү гарна.Коммунистаас өөр улс болох ямар ч боломж байгаагүй. Их гүрнүүд нөлөөнийхөө хүрээг хуваагаад авчихсан байсан. Оросын нөлөөний хүрээнд ази тив байсан. Энэ улс коммунизмыг сурталчилах гол туг улс байсан байхад далайн цаанаас Англи Америк 2 хүрч ирээд Орос, Хятад зэрэг том гүрнүүдийн дундах монголыг ардчилсан улс болгохоор зүтгэх байсан шахуу юм болж байна. Ийм ямар ч боломж байхгүй.
za chi bitgii balairaad bai muu baastai chuluun bileg gex novshoo..galuu duuraij xeree xuluu xulduunu gegcheer chi ter frantsiin tenegiig dagaldaj tenegteed yaxav..ted ugaasaa l kommunizmtai terseldseer irsen ,ted ch bidnii medexees ch aimaar tsust yargalaliig alan xyadaltiig yabuulj bsan yabuulj ch bgaa shy dee...odoo delxiin xaana allaga dain samuun bolj bna tednii ard amerik l abaragch tsarailaad uduun xatgaad l bj bgaa shyy dee tednii oroltsoxgyi yum gej alga ynendee...er ni garal ugsaagyi guilgachinguud chin tend l bna tednees uudtei yum garaxgyi l bolov uu..er ni xuuchin niigmee muulaad yaxav bid onoson uu gexees aldaagyi,olon yum xutsalgyi duugai bval barav...
Коммунизм фашизм хоёр яг адилхан гэж дэлхий нэгэнт үзсээр иржээ. Манайд коммунизм байсан, байгаа гэхдээ одоо ухаараад, арай өөрөөр ардчиллал руу алхам урагшлах хэрэгтэй байна. Харин түүх болоод үлдсэн коммунизмынхаа сайныг аваад, саарыг мартаад, урагшаа харж зоригтой явцгаая. Харин ардчиллаас огт ухарч болохгүй. Өнгөрснөө ч нэг их муу хэлээд яах вэ. Гагцхүү хойт, урд хоёр хөрштэйгөө дотроо бодолтой, дороо суурьтай, "улааныг үзэж урвалгүй, шарыг үзэж шарвалгүй" асар их болгоомжтой хандах хэрэгтэй болжээ. Хөршүүд өшигтай, бас төдий чинээ хорлонтой гэдгийг ухааръя. Энэ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл" гэгчид суугаа цалин хүртэгсэд жаахан ч болсон ухаараасай даа. "Газар нутаг улсын үндэс", "Миний нутгаас бурхан гуйсан ч бүү хавьтуул", "Гадны хүн хар элэгтэй шүү" гэдгийг сануулсугай.