sonin.mn
ТЕХРАН. /TASS/. Исламын шашны хэм хэмжээ, олон нийтийн ёс суртахууны хэрэгжилтэд хяналт тавьдаг “Гашт-и-Эршад” буюу шариатын ёсзүйн цагдаагийн газрыг татан буулгаж байгааг Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдэгджээ. 
 
 
 
Тэрбээр нийслэл Техран хотод ням гарагт олон нийттэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. 
 
 
 
“Ёсзүйн цагдаагийн газар нь шүүх тогтолцоотой ямар ч холбоогүй тул татан буулгасан” гэж Ираны Ерөнхий прокурор тэмдэглэжээ. Тэрбээр мөн эрх баригчид эмэгтэйчүүд толгойн алчуур заавал зүүх тухай хуулийг дахин хянаж магадгүйг мэдэгдсэн байна. “Хуульчид энэ асуудлаар ажиллаж байгаа, нэгээс хоёр долоо хоногийн дотор саналаа парламентад өргөн барина” гэж Монтазери онцлон хэлжээ. 
Үүнээс өмнө лалын шашинт эмэгтэйчүүдийн хэрэглэдэг хижаб буюу толгойн алчуурыг заавал зүүх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн үндэслэлийг бэлтгэхийг шинэчлэгч-ерөнхийлөгч асан Мохаммад Хатамиг дэмжигч Ираны Исламын Ардын Намын холбооныхон эрх баригчдаас шаардсан ажээ. 
 
 
 
Шинэчлэлийг дэмжигчид мөн шариатын ёсзүйн цагдааг татан буулгахыг уриалсан байна.  
 
 
 
Иранд өнгөрсөн есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараахан нас барсан хэрэг гарч, бүсгүйн үхэлд цагдаа нарыг буруутгасан жагсаал дэгдсэн билээ.
Саудын Арабын “Asharq Al-Awsat” сонинд мэдээлснээр, хоёр сар хагасын хугацаанд 157 хот, сууринд жагсаал, цуглаан болжээ. Жагсагчид ардчилсан өөрчлөлтөд уриалж, эрх баригчдын хэлмэгдүүлэлтийг буруушааж, баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байв. Есдүгээр сарын дунд үеэс хойш Иранд 18 мянга гаруй хүн саатуулагдсан гэж тус хэвлэл мэдээлжээ. Үймээнийг дарах үеэр 459 идэвхтэн, 49 цагдаа амиа алджээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг