sonin.mn

Талархал

Онцгой байдлын байгууллагаар овоглосон нийт алба хаагч, мөрдөс нэгт та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 74-р ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн багны засварчин, ахлах ахлагч Г.Тэмүүл миний бие 2022 оны 11-р сараас эхлэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт муудаж, удаа дараа ухаан балартаж, зүрхний хэм алдагдан эмнэлэгт хүргэгдсэн боловч онош нь тодорхойгүй хэсэг явсан бөгөөд Солонгос болон Турк улс руу шинжилгээнийхээ хариуг явуулж, хариу хүлээж байх хугацаандаа Сонгдо эмнэлэгт үзүүлсэн. 
 
 
Харин аз тохиож Сонгдо эмнэлгийн зүрхний эмч “Зүрхний ховдол хоорондын урд салаа 80% гүн бриджтэй, тогтворгүй ховдлын тахикарди, элэгний архаг үрэвсэлтэй” гэсэн онош тогтоож, Солонгос улсаас эмч нар ирж хагалгаа хийх боломжтойг дуулгасан. Харин хагалгааны төлбөрт нийт 60-70 сая орчим төгрөг зарцуулагдана хэмээсэн.
 
 
Гэвч гэр бүлээрээ төрийн албанд ажилладаг бидэнд ийм хэмжээний мөнгө байхгүйгээс гадна бусдын тусламж, дэмжлэггүйгээр тэрхүү мөнгийг олох боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс аав ээж, ах дүү, хамаатан садан, найз  нөхөд, мөрдөс нэгт албаныхан болон нутаг нэгт ахан дүүсээсээ хандив өгөхийг хүсэж, аян өрнүүлсэн. 
 
Энэхүү аяны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас уриалга гаргаж нийслэлийн хэмжээнд бүх дүүрэг, хэлтэс, анги хамт олноос сайхан сэтгэлийн хандив цугларч, хагалгааны урьдчилгаа төлбөрийг хэдхэн өдрийн дотор бүрдүүлэн, цаг алдалгүй хагалгаанд орох боломжтой болсон билээ. Үүний ачаар 2023 оны 1-р сарын 22-ны өдөр Сонгдо эмнэлэгт хагалгаандаа орж, нэн шаардлагатай эмчилгээг хийлгэж амь аврагдсан юм. Өнөөдрийн байдлаар хагалгааны өмнөх зовиур, шаналал хамаагүй дээрдэж, биеийн байдал тогтворжиж байгаа бөгөөд эмч нар ч хагалгаа амжилттай сайн болсон гэж хэлсэн учир одоо л санаа амарч энэхүү талархлын үгээ бичих тэнхэл, урам зоригтой болж байна. 
 
 
Удахгүй 3 дахь үрээ хүлээж авах гэж байгаа мөрдөс нэгт эгэл жирийн миний гэр бүлийг бүрэн бүтэн, хагацал зовлонгүй байхад тусалж, сайхан сэтгэлээр хандив өргөж, урмын үгс хайрласан та бүхэндээ манай гэр бүлийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Маш их баярлалаа та бүхэндээ.
      
 
Буян буцаж очихдоо бороо шиг асгардаг гэдэг. Та бүхний минь амьдрал өвчин зовлонгүй, тэгш дүүрэн, аз жаргалтай байх болтугай хэмээн ерөөе. 
Онцгой байдлын алба үүрд мандан бадрах болтугай.
 
 
Ахлах ахлагч Г.Тэмүүл болон түүний гэр бүлээс
2023.02.01