sonin.mn
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Адарсүрэнгийн ээж Ц.Паламсүрэнгээс энхийг сахиулагч хүүдээ илгээсэн захидал ирлээ.
 
Сайн байна уу, миний хүү. Ажил алба өндөр, бие сэтгэл тэнхлүүн тунгалаг биз дээ. Ээж нь сайн. Арвайхээр хотдоо тогоочийн ажлаа хийгээд л гүйж явна. Урин цаг ирж яваа гэсэндээ сайхан дулаахан байна, нутагт нь. Миний хүүгийн хань Л.Гандолгор, бяцхан охин А.Алтансарнай хоёр нь саяхан Баянгол сум руу аавынх руугаа явсан. Аав, ээждээ мал төллүүлэхэд нь туслана. Манай худ “За, охин ач хоёроо санаад уйлахгүй биз дээ. Мал төллөж байгаа дээр Сарнайг жаахан борогшуулаад явуулъя” гээд аваад явсан. Охин минь орой бүр л ярина. “Ээж юу хийж байна, бид хоёр уураг уулаа, агаарт ёстой сайхан байна" гээд л. Ах нь бас ажлаа хийгээд сайн яваа. Ээж нь тэгээд хоёр хүү, алтан бэр, ганц амин эрдэнэ болсон ачийнхаа тухай л бодож, аз жаргалтай гүйж явна даа. Ээждээ огтоос санаа зовоод хэрэггүй. Харин хүний газар, олны дунд зөв байж, дарга нарынхаа үгэнд сайн орж, нөхдийнхөө сайхан сэтгэлд нь талархаж яваарай. Цэргийн алба гэдэг захирч захирагдах, тушааж гүйцэтгэх зарчимтай. Энэ зарчмыг ойлгоод авчихвал тэгээд л болох нь тэр. Ээж нь хүүгээ цэргийн алба хаагч болж гялалзаж яваад нь үргэлж талархдаг шүү.
 
Саяхан даа, 2019 онд Өмнөговь аймгийн Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан хүү минь өнөөдөр Өмнөд Суданд монгол цэргийн бахархлыг түгээж байгаа нь хувь тохиол гэлтэй.
 
Нээрээ миний хүү Судан руу нисэх гээд багийнхантайгаа эгнээд зогссон чинь хүүгээ ялгаж олж харж чадаагүй шүү дээ. Ижилхэн хувцастай болохоор бүгдээрээ л миний хүү шиг харагдаад хөөрхөн гэж. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхнаас нь “Эгчийн ажил сайн уу” гээд хэн гэнэ үү эргэж тойрч, асууж сураглаж явдаг юм. Хүнээ ажил албатай нь, ар гэртэй нь ингэж анхаардаг салбар армиас өөр лав байхгүй байх. Эх орныхоо өмнө эцгийнхээ нэртэй хамт үүрэг гүйцэтгэж яваа хүүдээ ээж нь маш их хайртай шүү. Аав нь байсан бол мөн ч их бахархаж ярина даа. Энэ завшааныг ашиглаад хүүтэй минь мөр зэрэгцэн алба хааж байгаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг.
 
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдран
суугаа ээж Ц.Паламсүрэнгээс
 
БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжид үүрэг гүйцэтгэж буй хайрт хүү, байлдагч Цэдэвсүрэнгийн Адарсүрэнд