sonin.mn
Хүүхдүүд хичээлээс гадуурх дугуйлан, хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдан өөрийн авьяас сонирхлоо нээн, ур чадвараа хөгжүүлэх нь ирээдүйн хувь хүнийх нь хөгжилд чухал суурь болж чаддаг байна. Хөгжих энэ боломжийг хүүхдүүдэд жигд олгож, сайн сайхан байдлыг нь тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилгоор “Дэлхийн Зөн Монгол” ОУБ нь 2018 оноос эхлэн “Монголчууд Монголчууддаа” уриан дор дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхдүүдийн төлөөх урт хугацааны  хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрт  Архангай, Өвөрхангай, Орхон аймгууд болон Сонгинохайрхан дүүргийн  4-12 насны 2500 гаруй хүүхдийг хамруулан “Нууцлаг баатрууд” буюу хүүхдийн төлөө чин сэтгэлтэй ивээн тэтгэгчдийнхээ дэмжлэгтэйгээр хүүхэд хамгаалал, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна.  
 
Хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болж, амьдрах ухаанд суралцан, бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж, цаашид бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх арга барилыг эзэмшиж байгааг хөтөлбөрийн ажилтнууд онцолсон бол бяцхан иргэдийн өнөөдрийн хөгжилд дэмжлэг үзүүлэх нь эх орныхоо ирээдүйд оруулж буй бодитой хувь нэмэр гэдгийг хөтөлбөрт сайн дураар нэгдсэн 1300 гаруй “Нууцлаг баатар”-уудын төлөөллүүд онцолж, олон нийтийг өөрсдийн эгнээнд нэгдэхийг уриалж байлаа.  
 
Хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд та энэхүү гэгээлэг хөтөлбөрт нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай холбогдох боломжтой юм.