sonin.mn

БНХАУ-ын Ухань хотын метроны 12 дугаар шугам аравдугаар сарын 29-нд бүрэн ашиглалтад орсноор тус улсын хамгийн урт тойрог метроны шугам болжээ.

Хятадын хотын төмөр замын тээврийн холбооны мэдээлснээр, нийт 59.9 километр үргэлжлэх уг шугам нь газар доорх 37 өртөөтэй бөгөөд одоо ашиглагдаж буй болон цаашид барихаар төлөвлөсөн метроны 18 шугамтай холбогдох боломжтой юм.


Ухань хотын төвийн долоон дүүргийг дайран өнгөрөх 12 дугаар шугам нь Ханькөү, Үчан зэрэг төмөр замын томоохон зангилаа өртөөг хооронд нь холбож байна. Зорчигчид уг шугамаар бүтэн тойроход ойролцоогоор 96 минут зарцуулах бөгөөд хотын төвийн дүүргүүдийн хооронд зорчих хугацааг богиносгож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.


Метроны 12 дугаар шугамын бүтээн байгуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлжээ. Эхний ээлжийн 35.3 километр хэсгийг энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулсан бол аравдугаар сарын 29-нд үлдсэн 24.6 километр хэсгийг нээснээр шугам бүхэлдээ битүү тойрог хэлбэрээр зорчигч тээвэрлэх боломж бүрдсэн байна. Ингэснээр Ухань хотын метроны сүлжээний нийт урт 581 километрээс давжээ.


Хөхмөрөн болон Ханьжян мөрний бэлчирт орших Ухань хот нь газар зүйн онцлогоос шалтгаалан нийтийн тээврийн дэд бүтцээ хөгжүүлэхэд инженерийн нарийн шийдэл шаарддаг. Тиймээс метроны 12 дугаар шугамыг барихдаа гол мөрний доогуур хонгил байгуулах дэвшилтэт технологи, инженерийн шийдлүүдийг ашигласан нь Хятадын хотын төмөр замын бүтээн байгуулалтын томоохон жишиг төсөл болж байна.


Энэхүү шугам ашиглалтад орсноор Хөхмөрөн, Ханьжян мөрнөөр тусгаарлагдсан хотын хэсгүүдийн хоорондын тээврийн ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Хөхмөрний эдийн засгийн бүсийн голлох төвүүдийн нэг Ухань хотын тээвэр, эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Г.Бямба