sonin.mn

Энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг маань олон хүн асууж авч үзэж байгаа тул энэ удаад нийтэд толилуулахаар хүргэж байна. Олон улсын эрдэмтэд МНТ-ныг шүтээн судар, хувилгаан судар, ариун судар гэж нэрлэж, бичиж ирсэн байдаг. Энэ тухай дор жишээлэн өгүүлнэ. Энэ тухай түүхэн тэмдэглэл, мэдээ баримт 20 гаруйг олж цуглуулснаасаа би энд 10 орчмыг нь дурдлаа. Дурдан буй гурван тодотгол бол МНТ-ны шинж чанарыг илэрхийлж байгаа агаад, шүтээн гэдэг нь түүнийг хүмүүс эрхэмлэн дээдэлж ирснийг, хувилгаан гэдэг нь түүний өөрийнх нь мөн чанар буюу эгэл жирийн биш, хувилж төрсөн гэдгийг нь, ариун хэмээх нь Библи-тэй адилтгам үнэт судар болохыг нь заан тодотгож байна. “Монголын нууц товчоон” Монгол төрийн чанд хатуу хамгаалалтанд хадгалагдаж байсан тухай, ер нь нүүдэлчин угсаатнууд ном судрыг дээдлэн хадгалдаг байсан тухай мэдээ баримтууд “Юань улсын судар”, “Судрын чуулган” болон бусад бичмэл эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдгаас ишлэн дурдья: 


1. “Юань улсын судар”-ын 107-р ботийн “Ураг удмын хүснэгт”-д хэлсэн нь: “Юань улсын хаадын ураг удмын түүх “Алтан дэвтэр” чулуун өрөөнд хадгалагдаад маш нууц агсан тул төрийн түшмэд ч мэдэхийн арга үгүй болой. Сударч түшмэдэд агсан ану гагцхүү тойм төлөвийн төдий бөлгөө” гэсэн маш чухал тэмдэглэл бий.


“Товчоон нь чулуун өргөөнд алтан авдарт хадгалагдаж байдаг”, “Товчооныг гадны хүнд үзүүлж огт болохгүй”, “...бичгийн мэргэд Чингис хаанаас янагших хаадын цадигийг туурвихын төлөөнөө мөнөөх чулуун өргөөнд алтан авдарт хадгалагдаж байдаг “Товчоон-ыг авч үзэж ашиглахыг хүсч хаанаас соёрхол хүсэв”, “...нарын хүсэлтийг хаан бээр зөвшөөрсөн ч, ...Ташихай, Яабуха нар “Товчооныг гадагш гаргаж бус хүнд үзүүлж болохгүй гэсэн хатуу хоригтой тул хэрхэвч гаргаж үл болно хэмээн гаргаж үзүүлсэнгүй”, “Товчооныг гадагш гаргаж бусдад үзүүлж болохгүй гэсэн хатуу хоригийг зөрчиж авч үзсэн тул түүнийг хаан бээр хатуу зэмлэн буруушааж, албан тушаал бууруулан, ажлаас нь халж шийтгэв”, ..... гэх мэт тухайн цаг үеүдэд болж өнгөрсөн бодит үнэнийг тэмдэглэн бичсэн зүйлс бий. 


“Юань улсын судар”-ын “Вэньзун Заяат хааны шасдир”-т “Хааны бичгийн дэгт “Зинши дадянь” буюу “Дэлхийг журамлах их дүрэм”-ийг найруулахаар Бичгийн мэргэд ба Улсын түүхийн хүрээлэнгээс “Товчоон” хэмээх бичгийг авчирч Тайзу Чингис хаанаас хойших үйл явдлыг тэмдэглэсүгэй” хэмээн хүссэн байна.


Энэ баримтаас үзвэл МНТ нь ерөөсөө Бичгийн мэргэд ба Улсын түүхийн хүрээлэнд хадгалагдаж байсан бөгөөд Ташихай, Яабуха зэргийн итгэл найдвартай сударч түшмэд хариуцан хадгалдаг байжээ. Эндээс маш олныг ухан ойлгож, төсөөлж гадарлах боломжтой. Өмнө өгүүлсэнчлэн, МНТ тэр үед “Товчоон”, эсвэл “Монгол товчоон” нэртэй байсан гэж. Чухам энэ үеэс л, ийм хэрэг явдалтай холбоотойгоор л “Товчоон” нь “нууц” гэдэг ойлголттой болсон байж таарна. Хожим нь хятадын бичгийн хүмүүс түүнийг олж үзээд, магад бас хувь хуулбар сэм авч “Өө, энэ өнөөх нууц түүх чинь шүү дээ” гээд “Монголын нууц товчоон” гэж нэрийдсэн байх магадтай. 


2.Дараачийн мэдээ бол “Рашид-ад-Дины “Шасдирын чуулган”-д буй мэдээ. Ил хаант улсын их Шадар сайд, Монгол хааны ордны түүхч сударч асан Рашид-ад-Диний туурвисан “Шасдирын чуулган” хэмээх алдарт бүтээлд цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр арилшгүй бичиж үлдээсэн зүйл болой. Тэр бол хааны ордны номын санд аанай л далдын далд хадгалагдаж, алтан ургийн биш хүнд огт үзүүлэлгүй чандлан хадгалж, дээдлэн шүтэж байсан “Алтан дэвтэр” хэмээх шүтээн түүх юм.


Хубилай хааны үед МНТ-г цөөн хэдэн хувь барлуулан алт эрдэнэсээр хэвлэж Цагаадайн улс, Алтан ордны улс, Ил хаант улсад тус тус хүргүүлсэн гэж үздэгийн нэг нь энэ байсан бололтой. Энэ судрыг тухайн үед Араб, Персэд тогтсон Монголын Ил хаант улсын Хааны ордны номын санд нандигнан хадгалж байсан.


“Судрын чуулган”-д дурдсанаар бол, хэн зохиосон нь тодорхойгүй ч, монгол хэлээр монгол бичгээр бичигдсэн байжээ. Түүнийг зөвхөн алтан ургийн ноёд дээдэс үзэх эрхтэй, өөр гадны хүнд үзүүлэх ёсгүй байсан нь Монголын Юань улсын хааны ордонд “чулуун өргөөнд алтан авдарт хадгалагдаж”, гадны хүмүүст үзүүлэхийг хатуу хориглосон байсан “Товчоон”-той адил шүтэгдэн хадгалагдаж байсан ариун судар болох нь ойлгомжтой. 

    

3.Гуравдахь мэдээ бол нэрт Монголч эрдэмтэн П.Пелио, Вильям Фукс нарын мөн ийм утга агуулга бүхий дүгнэлт болно: “Тобчиян (одна из китайских транскрипций этого термина то-бу-чи-янь *** — исторические хроники о деяниях монгольских ханов, составлявшиеся на монгольском языке. К ним не допускались чиновники-китайцы. О них упоминается в “Юань ши” начиная с 1312 г.” (Подробнее см.: P. Pelliot, Le titre mongol du Yuan tch’ao pi che, pp. 131-132; W. Fuchs, АAnnalecta zur mongolischen Uebersetzungs-literatur der Yuan Zeit, pp. 59-63).


Орчуулвал: “Товчоон хэмээх нь Монгол хаадын үйл хэргийг өгүүлсэн он дарааллын түүх бөгөөд монгол хэлээр бичигдсэн байдаг. Түүнд хятад түшмэдийг ойртуулдаггүй. Энэ тухай “Юань улсын судар”-т 1312 оноос эхлэн тэмдэглэгджээ.” 


4.Дөрөвдэх мэдээ бол “МНТ”-той шууд хамаагүй ч, ерөөс нүүдэлчин улсуудын төрөөс ном сударт хэрхэн хандаж, хадгалж, хамгаалдаг байсан тухай язгуурын монголчууд гэгддэг Хитаны Ляо улсын үед холбогдох мэдээ болно. Энэ бол Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, Хятад судлаач, Хитан судлаач К.К.Флугийн “X-XIII зууны Сүн улсын үеийн Хятадын ном хэвлэлийн түүх” хэмээх өгүүлэлд дурдагдсан мэдээ болно. Др.К.К.Флуг эртний Хятадын ном хэвлэл, тухайлбал, бар хэвлэлийн түүхийг маш нарийн судалснаараа онцгой байсан бөгөөд түүний дурдсан баримт, дүгнэлт нь судар номонд хандаж ирсэн нүүдэлчин ард түмнүүдийн үзэл, ойлголт, ёс заншлыг ерөөсөө уламжлалт чанартайг нь онцлон заасан маш чухал дүгнэлт мөн.


Зөвлөлтийн өөр нэг Хятад судлаач, Хитан судлаач эрдэмтэн проф.В.С.Стариков 1981 онд бичсэн “О литературе Киданей” хэмээх өгүүлэлдээ др.К.К.Флугийн 1959 онд хэвлэгдсэн “История китайской печатной книги Сунской эпохи X-XIII веков” нэртэй номоос иш татан бичихдээ: “...Словарь киданьского языка, состоявший из 26430 слов, составил 997 г. киданьский монах Син Цзюнь, а предисловие к нему написал монах Чжи Гуан. Это замечательное произведение было вывезено тайно из Киданьского государства Ляо в годы правления под девизом Си Нин (1068-1077) и напечатано ксилографическим способом в провинции Чжэцзян. К.К.Флуг сообщает, что, “говоря о “Лункань шоуцзин”, Чао Гун-У приводит слова Шэнь Цунь-чжуна, замечающего, что в государстве Киданей существовал весьма строгий закон, запрещавший под страхом смертной казни вывозить в Китай книги на киданьском языке.” Под редакцией П.Гринцер, Ц.Дамдинсурен,... “Литературные связи Монголий” г.Москва, 1981 г., статья В.С.Старикова “О литературе Киданей” стр.49.


Үүний сүүлийн өгүүлбэрийг орчуулвал: “Чао Гун-У бээр “Лункань Шоузин” судрын тухай өгүүлэхдээ Шэнь Цуньжуны үгийг иш татан, Хитанчуудад хитан хэлээрх ном судрыг гадагш гаргахыг хатуу хориглож, зөрчих аваас цаазаар аваачих маш хатуу чанга хууль журамтай байсан тухай дурдсан байдаг” гэжээ. Үүнээс үзвэл, ном судрыг нандигнан хадгалах, дээдлэн шүтэх үзэл уламжлал зөвхөн XIII зуунд холбогдох биш, зөвхөн эхэнд дурдсан гурван мэдээ баримтаар хязгаарлагдахгүй, харин түүнээс өмнө, бүр X-XI зууны Хитанчуудад ийм чанд хатуу ёс журам байсныг энэ мэдээ гэрчилж байна. 


5.“МНТ”-той холбоотой дөрөвдэх мэдээ бол түүний шүтээн судар байсан тухайд нь холбогдох сонирхолтой мэдээ болно. Монголчууд, ялангуяа алтан ургийн монгол язгууртнууд “МНТ”-ыг бичигдсэн үеэс нь буюу 1228 оноос л эрхэмлэн дээдэлж, онцгойлон хадгалж хамгаалж, дээдлэн шүтэж ирсэн нь мэдээж. Түүнийг эрхэмлэн дээдэлж, чандлан нууцлан хадгалж ирсэн тухай нь өчнөөн мэдээ баримт бий. Үүнийг хамгийн түрүүнд түүний нэрээс нь харж болно. “Монголын нууц товчоон”. Энэ бол Мин улсын орчуулагчид түүнийг хятадаар орчуулахдаа өгсөн нэр бөгөөд чухам энэ нэрийн дотор байгаа “нууц” гэдэг үг нь энэ утгыг бэлхнээ гэрчилнэ. Нууц судар ном гэдэг бол зөвхөн далд хийж нуугаад байсан гэсэн явцуу утга төдий биш, харин эрхэм, ариун, гэгээн, шүтээн гэсэн өргөн утгыг агуулж байна. 


Ном судар, бурхан тахил зэрэг эрхэм дээд, ариун шүтээн болсон эд зүйлээ монголчууд хамгийн найдвартай, далд нууц газраа, хоймортоо, хоймрын авдартаа, авдрынхаа дээр шүтээн болгон залж, цаг ямагт шүтэн биширч, тайж тахиж, мөргөж сүсэглэн хадгалсаар ирсэн эрхэм нандин уламжлал, заншилтай. Өнөөдөр ч ийм хэвээрээ л байгаа. Хятадын Фу Зөнсян гэдэг хүний бичсэн тэмдэглэл маш бодитой үзэл ойлголтыг бидэнд хүргэдэг. Үүнийг одоо энд эш татья. Шуудхан хэлэхэд энэ хэсэг тэмдэглэл бол маш сонирхолтой мэдээллийг бидэнд өгч байгаа төдийгүй, ерөөс Монголд төдийгүй, Хятадад ч “Монголын нууц товчоон”-ыг ариун гэгээн судар, шүтээн дээдийн ном, тийм ч учраас түүнийг сүлд сахиус хамгаалж байдаг гэсэн үзэл ойлголт байжээ. Хятадын Манж Чин улсын сүүлч үеийн Фу Зөнсян (傅增湘 1872-1949 он) гэгч нэрт ном цуглуулагч, Сычуань мужийн уугуул, бичгийн хүн юм. Тэрээр “Монголын нууц товчоон”-ыг хуулан авч хадгалж, бас судалж, шүтэж ирсэн хүн байжээ. Энэ тухай түүний өөрийнх нь бичсэн нэг хувь тэмдэглэлээс энд сийрүүлэх нь “Монголын нууц товчоон” судлал, ерөөс түүний хувь заяаны тухай хүмүүсийн ойлголтын талаарх сонирхолтой мэдээлэл байх нь дамжиггүй.


Энд дурдагдаж буй дайн нь 1899-1901 онд Өрнөдийн найман улсын довтолгооны эсрэг Хятад даяар өрнөсөн Ихэтуаний бослого бололтой: “Ноднин жил Чэнь Юань эрхэм Юань улсын түүхийн судалгаандаа “Монголын нууц товчоон”-ыг ашиглахыг хүссэн тул би “Ханфэн” асраас МНТ-ныг зээлж аваад илгээсэн юм. Гэтэл дайн дэгдэж “Ханфэн” асрын түм буман ном судар галд автан үнсэн товрог болж сүйдсэн болой. Харин энэ номыг би өөр газарт хүргэсэн байсан тул гамшгаас мултарсан нь их аз завшаан гэлтэй. Урьдын хүмүүс түүнийг гайхамшигт ховор судар тул шүтээн сахиус хамгаалж байдаг гэлцдэг.


20 жилийн өмнө миний гараар хайн олдож, 20 жилийн дараа мөн миний гараар бүрэн бүтэн үлдсэн нь эчнээ далдын хувь төөрөгтэй байсан мэт. Судрыг буцаан өгөхийг шаардсан тул хэдэн үг бичиж үлдээн, хожмын уншигчдад ийм нэгэн хувь төөрөг байсныг мэдүүлж, хичээнгүйлэн хамгаалахыг хүсэвэй” гэсэн байдаг.


Ерөнхий найруулагч Х.Цогтнаран “Монголын нууц товчоон судлалын нэвтэрхий толь” тэргүүн дэвтэр, Көльн хот, 2022 он, 266-р тал. Энд дурдагдан буй “Урьдын хүмүүс түүнийг гайхамшигт ховор судар тул шүтээн сахиус хамгаалж байдаг гэлцдэг” гэсэн үг зайлшгүй анхаарал татаж байна. “Урьдын хүмүүс” гэж 1900-гаад оноос өмнөх хэдэн зууны аль ч цаг үед хамаарах утга бөгөөд ер нь л тэр бүх цаг үеийг хэлж байна гэж үзэх нь зөв юм. “Гайхамшигт ховор судар” гэдэг нь “Монголын нууц товчоон”-ыг хэрхэн үзэж ирсэн тодорхойлолт. “Шүтээн сахиус хамгаалж байдаг” гэсэн нь “Монголын нууц товчоон” өөрөө шүтээн мөн, тиймээс түүнийг сахиус хамгаалдаг гэсэн утгыг илтгэж байна. МНТ-ны түүхийн урт удаан цаг хугацааны туршид Хятад оронд олон удаа дайн байлдаан, бослого тэмцэл өрнөж, тэр болгонд ном судар зэрэг элдэв зүйлс өртөн устаж үгүй болсон нь их ажээ. 1368 онд Монголын Юань төрийг мөхөөн тогтсон Хятадын Мин төрийн хаан Жу Юаньжаны зарлигаар монгол бичигтэй ном судрыг ихээр устгахад МНТ маш нууцлаг гайхалтай хувь тохиолоор үрэгдэлгүй үлджээ. 


6.Тэгвэл МНТ-ныг дэлхийд хүргэсэн гавьяатан Оросын П.Кафаров МНТ-ныг орос хэлээр орчуулж 1866 онд хэвлүүлсэн “Чингис хааны тухай эртний монгол цадиг” номынхоо оршилд ингэж бичжээ: “Хятадад гарч байсан олон удаагийн бослого, ялангуяа 1644 оны бослогын үе, Хятад орон Манжийн эзэмшилд орох үед алдарт Бээжингийн Номын сангийн хөмрөг асар ихээр сүйрсэн, хувь хүмүүсийн хулгайд их өртсөнөөс болоод үнэт судар шасдируудынх нь ердөө л 10 хувь нь үлдсэн хэмээн Хятадын их бичгийн хүмүүс ярьдаг юм. Гэсэн хэдий ч “Юаньчао миши” бүтэн үлджээ.” Ж.Нэргүй “Нууц товчооны Палладий кафаров” Улаанбаатар хот, 2015 он. 134-р тал.  


7.Японы монголч эрдэмтэн, Япон дахь МНТ судлалын анхдагчдын нэг др.Кобаяши Такаширо бүр 1930-аад оны дундуур Хятадад суралцаж, Өвөр Монголд судалгааны ажлаар явж байхдаа ингэж бичиж байжээ: “МНТ-ны талаар асуухад мэдэх монгол хүн байхгүй юм. Дэлхийн утга зохиолын түүхэнд “Хувилгаан судар” гэгддэг энэ сурвалж бичгийг монголчууд мартсан, эрдэмтэд хараахан судлаагүй байгааг мэдээд үнэхээр гайхаж байна.” Боржигин Н.Уртнаст “Япон дахь Монголын нууц товчоон судлал” Улаанбаатар, 2025 он, 44-р тал. 

  

8.Түүнчлэн Японы өөр нэг судлаач др.Ивамура Шинобу: “Дорно дахины аль нэг улсын түүх, утга зохиолын судлалд урт удаан цаг хугацааны туршид өрнө болон дорно дахины олон эрдэмтдийн анхаарлыг татсан судар ном МНТ-оос өөр байхгүй. Энэ талаараа Японы “Кожики товчоон”, Хятадын Сыма Цяний “Судар тэмдэглэл” ч энэ түвшинд хүрэхгүй” гэсэн байдаг. Боржигин Н.Уртнаст “Япон дахь Монголын нууц товчоон судлал” Улаанбаатар, 2025 он, 63-р тал.


9.Германы нэрт Монголч эрдэмтэн проф.Эрих Хэниш бол XX зууны эхэн хагасын өрнөдийн, Германы нэрт Монгол судлаач бөгөөд Монгол судлал, ялангуяа “Монголын нууц товчоон” судлалд ихийг хийсэн гавьяатан болно. МНТ-ны гадаад орчуулгын дөрөвдэх нь герман хэлээр орчуулсан нь болно. МНТ-ныг хятад хэлээр 1370-аад оны үед, орос хэлээр 1866 онд, япон хэлээр 1907 онд, тэгээд герман хэлээр 1930-аад оны сүүлчээр орчуулагдсан байдаг. Энэ гавьяа чухамхүү түүнд ногддог. Түүний МНТ-ны герман орчуулгын анхны хэвлэл нь 1941 онд хэвлэгдсэн ч тараагдаж амжаагүй байхдаа бөмбөгдөлтөнд өртсөн тул дахин хэвлэгдэх гэж хэдэн жилийг өнгөрөөсөн байдаг нь МНТ-ны ээдрээтэй, эмгэнэлт хувь заяаны, бас эртний хүмүүсийн үздэг байсанчлан шүтээн судар тул сахиус хамгаалж байдаг хэмээн үзэж ирсэн онцгой хувь заяаных нь бас нэгэн жишээ нь энэ болно.


Энэ бүхнээс үүдэн ямар дүгнэлт хийж болох вэ? гэвэл, зөвхөн XIII зууны монголчуудад төдийгүй, түүнээс ч хэдэн зууны өмнөх нүүдэлчин улс, ард түмэнд ном судрыг эрхэмлэн дээдэлж, хамгаалан хадгалдаг хатуу ёс журам, бичмэл хууль цааз байсан байна.


МНТ-ны нэрэн дэх “нууц” хэмээх үг ийм учир, угшилтай байна. Тэр өв уламжлал, ёс журмын дагуу хааны ордонд нандигнан хадгалж, дээдлэн шүтдэг байжээ. Чингэж хаадын ордонд залагдаж, гадагш тархаж, хуулбарлагдан хувилагдаж, бичгийн хүмүүс, соёлтой цуглуулагчид, барлан хэвлэгчдийн номын санд хадгалагдан, хожмын олон зууныг туулах явцдаа МНТ нь нэг бус удаагийн адал жигтэй, эмгэнэлтэй, эгзэгтэй үйл явдалтай учирч байсаар “Сахиулсан судар”, “Хувилгаан судар”, “Шүтээн судар” гэгдэх болжээ. Тиймээс “МНТ бол шүтээн судар мөн” гэж үзэж байгаагаа олон улсын Монголч эрдэмтэд судлаачид хүргэхийг хүссэн болно. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн “Монголын нууц товчоон”-ыг мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай гаргасан зарлигт “Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлалтай билээ” гэж онцлон тэмдэглэсэн нь чухам ийм учиртай байнам. 



Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар,

2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр.