sonin.mn

Нэг хоёр жишээ, хэд гуравхан баримт дээр тулгуурлан огт буруу дүгнэлт хийгээд түүнээ нийтэд сурталчилдаг, цуурхал тараадаг болчимгүй, бодлогогүй, “буруугаа зөвд тооцдог” ухвар мөчид хүмүүс сүүлийн 30 гаруй жилд олширлоо. Үг хэлэх эрх чөлөө бол цаанаа зөвхөн үнэнийг хэлсэн байх хариуцлагыг дагуулдаг. Эсрэг тохиолдолд үг хүн цуурсан, олон түмнийг төөрөгдүүлсэн гэх зэмлэл сонсдог. Ялангуяа вакцин, эм тариа, өвчин, үндэсний үнэт уламжлал, монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын маань хувьд худлыг үнэн болгон сурталчлах нь сөрөг үр дагавар ихтэй.


Ковид вирус, Ковид-19-ийн үед вакцины талаар буруу ойлгоод эндсэн тохиолдол олон гарсан. Жил бүр хийдэг томууны вакцины хувьд ч худал зүйл яригдсаар байна. Вакцины ач холбогдолын талаарх сурталчилгаа ч тун муу байна. Вакцин бол саяхан гарсан зүйл биш.


Хэрэгтэй, өндөр ач холбогдолтой гэдэг нь зуу гаруй жилийн дотор нотлогдсон зүйл шүү дээ. Энэнийг дэлхийн бүх улс орон мэднэ. Цар тахал, хурц халдварт өвчин дэгдэх бүрийд л вакцин зохион бүтээж олон зуун сая хүний амийг аварч байгаа юм. Гэтэл энэ талын ямар ч мэдлэггүй нэг хүн цуурхал тарааж, бусад нь өлгөж аваад л бие биендээ дамжуулан цуурхах болчихлоо. Дэлхийн 200 гаруй улс орны эрүүлийг хамгаалах яам вакцины талаар худал мэдээлэхгүй нь тодорхой шүү дээ! Томууны хоруу чанар нь үхэлд хүргэх эрсдлийг огцом нэмэгдүүлдэг. Жишээ нь тархинд цус харвах эрсдлийг 5 дахин, зүрхэнд цус харвах эрсдлийг 6 дахин, зүрхний үйл ажиллагааны дутагдалд орох эрсдлийг 7 дахин, астмын сэдрэх эрсдлийг 15 дахин нэмэгдүүлдэг байна. Томууны вирусууд нь уушгины судаснуудад бүлэн үүсгэж бөглөөд хатгалгаа болон хүндэрдэг. Томууны вакцин энэ бүхнээс хамгаалдаг. Худал зүйлд түргэн итгэх, мэдэмхийрч бусдад сурталчлах нь суурь мэдлэг муутай хүний л хийдэг ажил, алдаа юм. Үнэн мэдлэг, зөв мэдээллийг ганцхүү ултай үндэстэй судалгаа, нарийн шинжилгээ, экспертүүдийн үнэлгээнд тулгуурлаж л буй болгодог. Судалгааны ажлын хамарсан хүрээ, ашигласан арга, аргачлалын чанар, шинжээч нарын мэдлэг, мэргэшлийн түвшин, бусад улс орны зүгээс өгсөн үнэлгээ, практикт хэрэглэсний дараах үр дүн гэх мэтийн шалгуурыг дааж давж байж л үнэн мэдлэг, зөв мэдээлэл буй болж байх ёстой.


Эм, эмчилгээний хувьд бүгдийг нь л эргэж нягталж, чанарт нь үнэлгээ өгч байдаг. Ганц жишээ татъя. 2022 онд статин эмийн талаар элдэв цуурхал дэгдэсний мөрөөр 202 эмнэлэг, поликлиник оролцсон, нийтдээ 102,456 өвчтөнд судалгаа хийжээ.


Судалгаа АНУ-д хийгдсэн юм байна. 62 судалгааны материалд шинжилгээ хийгээд статин нь хорт хавдар тусах эрсдлийг ихэсгэдэггүй, ясны хугарлын эсрэг, гол нь тархинд цус харвах, зүрхэнд цус харвахын эсрэг үйлчилгээтэй болохыг давтан нотолжээ. Түүгээр ч барахгүй аливаа шалтгаанаар үхэх эрсдлийг 9 хувиар багасгаж байдаг нь тогтоогдсон байна. Европт хийгдсэн, 513,351 хүнийг хамруулсан зүрх-судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлийн судалгаагаар статин тогтмол хэрэглэдэг өвчтнүүдийн хувьд зүрхэнд цус харвах эрсдлээр нас барахыг 29 хувиар, тархинд цус харван нас барах эрсдлийг 14 хувиар бууруулдаг нь батлагджээ. 26 судалгааны материалд хийсэн анализ ийм үр дүнг гаргасан байна. Ялангуяа өндөр настай хүмүүс метформин, статин, даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэж, томуугийн эсрэг вакцин, менингококк болон пневмококк, гепатит А, столбняк, дифтерийн эсрэг вакциныг зохих зохих цаг үед нь хийлгэж байх ёстой ажээ. Мөн герпесийн эсрэг, корын эсрэг, гепатит В-ийн эсрэг вакциныг ч зааврын дагуу хийлгэх нь чухал юм байна. Хоол судлалын газруудын мэдээлж байгаагаар сонгино, сармисны ач тус улам л их болж дурдагдах боллоо. Сонгиныг түүхийгээр нь хэрэглэх нь хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг сайн нөлөөтэйн дээр цусны даралт бууруулдаг нь тогтоогджээ. Сонгино байнга хэрэглэдэг эмэгтэйд хөхний хорт хавдар тусах нь бараг үгүй гэнэ. Европын орнууд болон Оросод элэгний “С” вирусын халдвар ихэссэн тухай, гэхдээ түүнийг эмчилдэг хэд хэдэн эм, бэлдмэл буй болсон талаар ч энэ оны эцсээр нилээд мэдээ тарлаа. А, В, С вирусын халдвар авахгүй байх талаарх мэдлэг, зуршил хүн бүрт заавал байх ёстой болж байна. Элгээ гэмтээхгүй, хатууруулахгүй, хорт хавдартай болгохгүй байх нь урт наслахын нэгэн үндсэн нөхцөл юм. Ахмад настнууд өвдөгний үе хөндүүрлэх, гарын үеүд, мөн нурууны үеүд өвдөх үед өвчин намдаах эм их хэрэглэх болов. Гэтэл энд нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй юм байна.


Ахмадууд ихэвчлэн цусны даралт ихсэх өвчтэй байдаг. Энэнийгээ тооцож даралт ихэсгэдэггүй эм хэрэглэх учиртай гэнэ. Ийм эм бол напроксен (налгезин), мөн целекоксиб юм байна. Өвчин намдаах бусад эм даралт ихэсгэдэг, мөн үйлчлэх хугацаа нь богино байдаг ажээ.


Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд ганцхүү эмчийн зааврын дагуу л эм хэрэглэх ёстой. Тохирохгүй эмийн элдэв нөлөө, хүчтэй гаж нөлөөнд өртөн амь үрэгдэж ч болох юм. Хоолыг хэтэрхий амталж (шарж, хуурч, давсалж, элдэв амтлагч хэтрүүлэн хийж г.м) идэх нь хоруу чанарыг нь л нэмэгдүүлж буй юм. Мөн усыг хэтэрхий амтлах нь ч (саахар их хийж, давс хийж, өөр бусад хольц хэрэглэж г.м) түүнийг хоруу болгодог. Хорвоогийн бүх амьтан (өчүүхэн шавьжнаас эхлээд том заан хүртэл) цэвэр ус ууж л эрүүл, чийрэг амьдардаг шүү дээ! Ямбалах, тансаглах, мансуурах, баярхах, эх захгүй найрлахад хэрэглэгддэг бүх зүйлсийн ихэнх нь эрүүл мэндэд хортой юм. Шинжлэх ухааны олон салбар хөгжиж байж, мэдлэгийн олон төрөл буй болж байж л энэнийг хүмүүс ойлгох болов. Тохиолдлоор олж мэдээд донтотлоо хэрэглэж ирсэн олон зүйлээс одоо татгалзах нь зөв болжээ. Чихэр, саахрыг ч гэсэн наркотикийн нэг төрөл гэж үзэх, үнэлэх боллоо шүү дээ! Цэвэр эрүүл мэндийн үүднээс үзэх, үнэлэх юм бол мах, сүү, ногоо, гурилаа худалдаж аваад гэртээ л хоол хийж, усанд чанаж, эсвэл ууранд жигнэж идэж байх нь л зөв юм. Юугаар ч амтлаагүй хоол, юу ч холиогүй цэвэр усаар үйлчилдэг ресторан, гуанз буй болох байх.


Сонгино, сармис, перец, яншуй мэтээр амтлалгүй яахав. Хэмжээтэй хэрэглэхэд хоргүй амтлагч зөндөө л дөө. Боловсрол сул, мэдлэг нимгэн, хэр чадлаа ч ойлгодоггүй зарим хүн миний бичсэнийг уншаад хараах, зүхэх л байх. Гэхдээ “үгээ хэлэх эрх чөлөө бол зөвхөн, ганцхүү үнэнийг хэлэх хариуцлагыг дагуулдаг” болохоор би ямагт үнэнд тооцогддог мэдлэг, мэдээллийг л нийтэд өгч буй юм шүү.


Гуанз, ресторан, гудамжны хоол, зөөврийн хоолны эрүүл ахуйд онцгой анхаарах хэрэгтэй байна. Эс тэгвээс түргэн шуурхай хооллох хүсэл маань элдэв халдвар авах хамгийн дөт зам болж хувирах болно. Хот, хөдөөгийн хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бэлэн бүтээгдэхүүний ихэнх нь чихэрлэг, саахарын агууламж маш өндөртэй байна. Цусан дахь саахар ихсэх нь тун олон өвчний суурь шалтгаан болдог. Гэнэтийн үхлийн шалтгаан, бүх насаараа тахир дутуу болохын шалтгаан, эрт зөнөхийн шалтгаан болдог саахарын хор нөлөөнд бүр хүүхэд байх үеэсээ орчин үеийн хүмүүс өртдөг боллоо. Эрт үед бүх хүнс саахаргүй байсан бол одоо саахаргүй хүнс цөөн болжээ. Хүний цусан дахь саахарын схэмжээ 5.6-аас бага бол тархинд цус харвах болон эрт зөнөх эрсдэл байхгүй. Харин 5.6-6.9 хооронд буй бол эрт зөнөх, тархинд цус харвах эрсдэл 17 хувь байдаг. Хэрэв 7.0-өөс их болчихвол тархинд цус харвах, эрт зөнөх эрсдэл бүр 70 хувь болтлоо өсдөг байна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг креатинин гэх үзүүлэлтээр хэмждэг. Креатинин эрэгтэй хүний хувьд 65.4-119.3, эмэгтэй хүний хувьд 52.2-91.9 байх ёстой. Креатинин ихэссэн л бол бөөр өвчилжээ гэсэн үг. Шээсний хүчил эмэгтэй хүний хувьд 140-360, эрэгтэй хүний хувьд 200-430 байх учиртай. Шээсний хүчил ихсэх нь гар, хөлний үеийг өвчлүүлдэг. Шээсний хүчил ихсэх нь мөн л хүнстэй холбоотой. Малын мах, загасны мах их идэх, байнга идэх, архи, пиво их уух, чихэрлэг ихтэй ундаа их уух нь шээсний хүчлийг ихэсгэдэг.




Судлаач профессор Д.Чулуунжав