Өдгөө 85 насыг зооглоод буй чөлөөнд байгаа хошууч генерал Л.Пүрэвдоржийг “Цэргийн сонин-100 жил” буландаа урьж ярилцлаа. Түүний хувьд 1972 оноос армийн анги нэгтгэлүүдэд салааны туслах, ротын дарга, улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, газрын дарга, МАХН-ын Төв Хорооны Захиргааны хэлтэст цэргийн бодлогын зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, Бүх цэргийн төв хэвлэл “Улаан Од” сонины хэлтсийн дарга, 1992 оноос “Ил товчоо” сонин, МҮОНТ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байжээ.
Тэрээр 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж өгүүллэг, туужийн “Туг зээрд" (1981), “Нүхгүй цэнхэр сувд”, “Хүний сайхан сэтгэл”, “Сэтгэлийн гэрэл, сүүдэр”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрлөөр “Егүүтгэл" (1998), “Бэтэг” (1999), “Эрлэгийн бошго” (2000), “Гилийн дадар” (2004), “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” хоёр дэвтэр (2007) тэргүүт есөн роман, баримтат уран сайхны “Үнэн гарахуйн орон буюудүүрсэн хэрэг дүнхийсэн толгой" номууд хэвлүүлж уншигч түмний хүртээл болгожээ.
“Бэтэг”, “Эрлэгийн бошго” романаараа 2004 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолыг 2010 онд “Чингис хаан буюу мөнх тэнгэрийн увдис” хэмээх түүхэн уран сайхны хоёр дэвтэр бүтээлээрээ хүртсэн юм.
Таны төрсөн нутаг, бага насны дурсамжаас тань ярилцлагаа эхэлье...
-Би Говь-Алтай аймгийн хүн. Тухайн үеийн Хасаг Жаргалан, одоогийн Шарга сумын нутагт малчин айлын ганц хүү болж мэндэлсэн. Тиймдээ ч ижий, аав минь намайг дунд сургуульд явуулаагүй. Учир нь манайх гэдэг айл 700-800 бог малтай, малаа хариулахынхаа хажуугаар сургуульд сурах боломж хомс, дээрээс нь тэр үеийн сургуулийн хүүхдүүд дотуур байранд орохоороо хамуурчихдаг байсантай холбоотой. Зун нь тэр хамууг нь арилгах гэж их л юм болдог байсан санагддаг юм. Улмаар ааваасаа уйгуржин, кирилл бичгийг хоёуланг нь сурсан. Аав минь бага залуудаа сүм, хийдэд шавилан суудаг байгаад таван жилийн цэргийн албанд мордсон хүн болохоор нутаг хошуундаа хос бичигтэй цөөхөн хүмүүсийн нэг байв. Манай хязгаар нутагт чинь 1940-өөд оны дунд үеэс л шинэ бичиг, үсэгтэй болсон юм шүү дээ. Түүхэн номуудад XX зууны эхэн үеийн монголчуудыг бичиг, үсэг мэддэггүй, дээрээс нь дийлэнх нь тэмбүүтэй байсан мэтээр бичдэгийг би худал гэж боддог. Ухаандаа уйгуржин монгол бичигтэй байсныг тухайн үеийн үзэл сурталжсан нийгэм буруушаадаг байсных биз. Намайг бага байхад аав минь сумандаа шинэ үсгийн багшаар ажиллаж эхэлсэн. Зун, намрын улиралд үдээс хойш сааль, сүүний цаг дууссаны араас л хүмүүст хичээл орно. Тэр үед нь л би аавыг дагаж явж байгаад хоёуланг нь сурч авсан хэрэг. Сургуульд орохгүй байх хэцүү, сургуульд сур гээд л хөөчихдөг байсан. Би 14 нас хүртэл сургуулиас зугтсан хүн шүү дээ. Сүүлдээ бүр хэсгийн төлөөлөгч Лувсан гэдэг офицер намайг дуудаж уулзаад яагаад сургуульд явдаггүй юм гэж загнаж байсан удаатай. Би бодвол уйлсан юм байлгүй сургуульд яваагүй үлдсэн дэг. Түүнээс хойш ч нэг их хөөхөө больсон. Тэгж сургуулийн "аюулаас" мултарсан удаатай.
Тэгвэл Армийн офицер болох, цаашлаад хойно академид суралцах үүд хаалга яаж нээгдсэн хэрэг вэ?
-1950-иад оны үед манай хэдэн малыг нэгдэлд оруулна гээд бөөн юм болсон. Манайх л ганцхан нэгдэлд ороогүй үлдчихсэн болохоор аргагүйн эрхэнд улсад малаа тушаасан л даа. Тэгээд би гэдэг хүн чинь хийх ажилгүй болж хувираад цэрэгт явах болов оо. Аав маань өмнө нь лам байсан төдийгүй цэргийн алба хаасныхаа хүчинд хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөлгүй хоцорсон учраас цэргийн салбар манайд элэгтэй шүү гэдгийг надад байнга хэлдэг байсан юм. Тэгээд яг цэрэгт явах болтол намайг айлын ганц хүүхэд гээд авдаггүй шүү.
Тэр үеийн арми гэдэг чинь татан буугдахаас наагуур, хүн хүч цөөтэй байсных биз, тэр болгон цэргийн албанд татдаггүй байлаа л даа. Гэтэл манай хамаатны нэг ах нэгдлийн даргаар ажилладаг байсан болохоор намайг Цэргийн хэлтсийн даргад хэлсэн юм байлгүй гэнэтхэн л цэрэгт явахаар болчихсон. Ингэж би цэрэг армитай холбогдсон юм.
Анх Барилгын цэргийн нэгдүгээр батальонд хугацаат цэргийн албанд томилогдож байв. Намайг ирдэг жил арми багагүй өргөтгөн зохион байгуулалтад орж Зөвлөлтөөс шинээр зэвсэглэл, техникүүд ид орж ирж байсан учир бэлтгэлээр халсан офицеруудаа эргүүлэн татаж байсан цаг. Угтаа бол армид боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болж хугацаат цэргийн алба хаагчдын дунд офицерын нэг жилийн курсийг хичээллүүлэх болоход би тэнд сурахаар шийдэн зургаахан сарын дараа бидний хэдэн залуус офицер болж байсан түүхтэй. Бас болоогүй ээ, дунд сургууль төгсөж амжаагүй хэд хэдэн залуу байсан юм л даа. Тиймээс зөвхөн бидэнд зориулж оройн Ерөнхий боловсролын дунд сургууль гэдгийг байгуулаад 7-10 дугаар ангид хуваарилж бүрэн дунд боловсролтой болгож байсан юм.
Одоо бодоход их л олон багштай, шахуу хуваариар хичээллэдэг байсан шиг байгаа юм. 10 дугаар анги төгсдөг жилээ би ЗХУ-ын Москва хотноо Цэрэг, улс төрийн академид суралцахаар хилийн дээс алхсан. Ер нь л цэргийн академи гурван жил, манай улс төрийнхөн дөрвөн жилээр сурдаг, хэлний бэлтгэлтэйгээ таван жил болдог байв.
Орос хэл гэдгийг бидэнд маш сайн заасан гэж хожим боддог. Бидний хэдэн залууст хийдэг гуравхан зүйл байсан. Орос хэл заалгадаг, хоол иддэг, тэгээд унтдаг. Зарим нь бол дөрвөн юм хийдэг, тэр нь архи уух юм уу даа. (инээв) Нэг жил болоод л орос хэлийг маш сайн сурсан. Манай багш нар гэхэд л монгол хүнд гадаад хэл заах арга зүйгээр эрдмийн зэрэг хамгаалчихсан, тэгж бэлтгэгдсэн хүмүүс байв. Нэг өдөрт хоёр авгай ээлжлээд л долоо хоногийн зургаан өдөрт нь найман цагаар хичээл орно. Ядарч унахаа шахна. Ухаандаа жил нүдүүлчихээр учиртай болоод ирнэ. Бид улс төрийн ажилтнууд учраас уран зохиол уншуулах нь олонтоо. Ангидаа ердөө дөрвүүлээ. Дөрөвхөн хүн байхад л олуулаа байна гэж ярьдаг байсан. Одоо бол манай Монголд орос, англи хэл заахдаа 30-аад хүүхэдтэй ангид нэг л багш хичээл ордог биз. Тиймээс хүүхдүүд хэлийг тийм ч сайн сурч чадахгүй байгаа хэрэг юм шүү дээ.

Хойно академиа төгсөөд ирэхдээ хаана хуваарилагдаж байв?
-Сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн Пуужингийн нэгдүгээр дивизионд хуваарилагдсан. Тэндээ нэг жил ажиллаад Армийн улс төрийн газарт лектороор ирсэн. Зургаан жилийн дараа дахин академийн дээд курст явсан. Харин эргэж ирээд улс төрийн газартаа биш сонинд ажиллах талаар хүсэлт өгсөн дөө. Д.Ёндондүйчир генерал жаал дургүйлхэж байсан ч миний гуйлтыг зөвшөөрсөн. Тэгж л би “Улаан Од” сонинтой холбогдсон, 1976 онд юм уу даа. Сониндоо би долоон жил ажилласан. Сайхан он жилүүдийг өнгөрөөсөн гэж боддог доо. Улс төрийн газрыг бодоход тэс өөр ертөнц шүү дээ, уран бүтээлч хүний хувьд яг л тохирсон газар. Ж.Ядмаа гуай сонины эрхлэгчээр, Да.Дамдиндорж хариуцлагатай нарийн бичгийн даргаар, дараа нь Магнай (хурандаа А.Баярмагнай) маань ч болсон л доо.
Чухам ямар ажлыг хариуцан ажиллаж байв?
-Тэр үед Үзэл суртлын хэлтэс гэж байсан. Би даргаар нь томилогдож ирсэн. Хэлтэс маань надтай нийлээд гурван хүнтэй. Их л сонин, сонирхолтой хоёр хүнтэй ажилладаг байлаа даа. Нэг нь зохиолч Д.Жамьян. Нөгөөх нь яруу найрагч Б.Цэдэндамбаа гуай. Б.Цэдэндамбаа гуайн манайд ирсэн түүх их сонин. Мань хүн Монголын радиод ажиллаж байгаад ажлаасаа хөөгдсөн юм гэнэ, чухам юунаас болсон юм бүү мэд ээ.
Би Б.Цэдэндамбаа гуайг Зохиолчдын хороогоороо сайн мэдэх юм чинь. "Чи намайг ажилд авалгүй бол болохгүй нь, ажилгүй, цалин мөнгөгүй болчихлоо" гэдэг юм байна. Би ч энэ талаараа Ж.Ядмаа хурандаад хэлтэл "Чи яаж бодохоороо Б.Цэдэндамбааг ажилд авна гэж боддог байна аа" гэснээ ажил, албагүй болчихсон гэдгийг нь сонсоод "Ажил хийх юм уу тэр хүн чинь, за яах вэ, аваад ир" гэсэн.
Тэгж л манайд ажиллаж эхэлсэн. Б.Цэдэндамбаа гуай гайхалтай сайхан бичдэг хүн. Ажил, алба алдагдуулна гэж байхгүй л дээ. Гэхдээ ажилдаа өглөө 8 цагт ирээд орой 5 цагт тарна гэдгийг бол ёстой мэдэхгүй, насаараа тэгж амьдраагүй хүн байгүй юу. Би энэ талаар нь хэлэхээр "Яах юм би тэгээд, юмаа л хийж байвал болоо биз дээ" л гэнэ. Д.Жамьян маань харин залуу байв. Хажуугийн хэлтсийн Н.Лхагваа тэр хоёр нийлээд жаахан уучихдаг байсан юм, яах вэ. Хамгийн сонин нь хүмүүс архи уугаад зүгээр л байгаад байхад тэр хоёр нийлэхээрээ л заавал эрүүлжүүлэхэд баригдчихна. Н.Лхагваагийн дарга нь Ц.Гаваа дэд хурандаа байв. Тэр үед дарга нь эрүүлжүүлэхээс очиж авдаг ёстой байсан юм болохоор бид хоёр ээлжлээд л явна шүү дээ. Чухам сүүлд тэр хоёрын яагаад эрүүлжүүлэхэд орчихдог байсныг асуухад маш сонин юм ярьсан. Уран бүтээлч хүний л яриа юм даа. Н.Лхагваа маань Болгарт цэргийн барилгын дээд сургууль төгссөн хүн. Болгар хэлний боловсрол мундаг.
Тэгээд Болгорын "Тамхи" романыг орчуулаад хөлсөнд нь найм орчим мянган төгрөг авсан гэж байгаа. Тэр үеийн 8000 төгрөг гэдэг чинь юу билээ. Тэгээд тэр мөнгөө авсан өдрөө жаал жуул юм ууж байгаад эрүүлжүүлэхэд хоноод өглөө босоод ирсэн чинь өнөөх мөнгө нь алга болчихсон байсан гэдэг.
Тэгээд мань хүн цагдаа нарыг авсан энээ тэрээ гээд бөөн юм болоход нөгөөдүүл нь мэдэхгүй л гэдэг юм байгаа биз дээ. Түүнээс хойш архи уух болгондоо харсан цагдаагаа дуудаж уулзаад "Миний мөнгийг өг" гэж хэлдэг. Тэгээд л эрүүлжүүлэхэд ордог. Ухаандаа уух болохоороо л цагдаагаас мөнгөө нэхдэг байсан байгаа юм. Харин ажил албандаа бол гаргууд л даа. Б.Цэдэндамбаа гуай гэхэд л найрууллыг мундаг гоё бичнэ. Хэд хэдэн сайхан найруулал бичсэн. Ер нь манай сонинд найрууллын төрөл зүйлийг нэлээн дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг шүү.
Тэр үеийн сонины нийтлэлийн бодлого юу байв? Цэргийн төв хэвлэл гэдэг утгаараа цэрэг эх оронч үзэлд уриалсан нийтлэл, бүтээлүүдийг түлхүү бичдэг байсан байх...
-Ёстой л бодлоготой доо. Цэргийн ангиудаар их явна. Тухайн үед “Улаан Од” cонин маань Оросын романуудыг орчуулаад цувуулж хэвлэж байлаа. Уншигчид ч тууштай уншина. Ангийн захирагч болон түүнээс дээш албан тушаалтнуудыг шүүмжилж бичиж болдоггүй жишиг ч байсан. Гэсэн хэдий ч шүүмжлэлтэй материал их гардаг, тэр хэрээрээ хэрэгт орох тохиолдлууд байсан. Бас Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсээс дуудаж уулзаад "Бал дарга танай сониныг уншаад шүүмжлэлтэй зүйл их байна гэж хэллээ" гэж их ярина. Яг үнэндээ Бал дарга уншиж суугаад, тэрийгээ төв хороондоо хэлээд байж байна ч гэж юу байх вэ дээ. Тийм хэл ам их гарна. Шийтгүүлэх, цалингаа хасуулах тохиолдол бишгүй. Мөн үг үсгийн алдаа ч гарна. Тэр үед тугалгаар үсэг өрж хэвлэдэг байв. Дээрээс нь сонины нугалаа хийнэ гэдэг ярвигтай. Одоо бол компьютерын программ нь өөрөө нугалчихдаг болсон болохоос биш тухайн үед зураас тавьж байгаад нөгөө талаас нь эхэлнэ л дээ. Нэг удаа Ю.Цэдэнбал гэж бичих гэж байгаад нугалаасаараа тасраад Ю.Цэдэн гээд нөгөө талаасаа бал гэж эхлэх ёстой байсан нь ал гээд эхэлчихсэн байсан юм. (инээв) Ер нь бол шоронд орох асуудал шүү дээ, энэ чинь.

Манай сонин бол Арми дотроо чөлөөт, задгай сэтгэлгээтэй цор ганц байгууллага байв. Сэтгүүлчдийг цагт бариад байна гэж байхгүй шүү дээ. Зохиолч, уран бүтээлч нар ч манай сонины хаалгаар их орж гарна. Би сонинд ажилласан он жилүүддээ баярлаж явдаг юм. Сайхан хүмүүстэй сайхан цаг хугацааг өнгөрөөж чадсан. Ер нь ч манай сонинд томчуул ажиллаж байсан. Үүний нэг жишээ нь Л.Содов гуай. Том зохиолч. Яагаад манай сонинд ирсэн юм гэхээр Л.Содов гуай бага байхдаа хуучны Офицерын сургуулийг төгссөн. Хожим Армийн Улс төрийн газар түүнтэй хамт сургуульд сурч байсан хүүхдүүд нь дарга болоод ирчихсэн тул Л.Содов гуайг ажилд авсан хэрэг. Москвагийн их сургуулийг төгссөн хүн.
“Манан”, “Хоёр цагаан хус” зэрэг тэр үедээ хэл аманд орж байсан, мундаг зохиол, тууж, өгүүллэгүүд бичсэн. Үүнээсээ болж их сургуулиасаа хүртэл хөөгдсөн түүхтэй. Түүний “Хоёр цагаан хус” өгүүллэгт нэг бүсгүйг чоно идэж байгаа талаар гардаг юм. Соц нийгмийн үед тийм юм бичнэ гэдэг хэцүү шүү дээ. Тийм л задгай, чөлөөтэй сэтгэдэг хүн байв. Л.Содов гуай манай сонины хэл, найруулгыг их л сайхан болгосон гэж боддог юм.
Би хожим “Улаан Од” сониноосоо Намын төв хороонд томилогдож ажиллахдаа энгийн байгууллагууд хариуцсан зааварлагч байсан юм, хөдөө гадаа их явна аа. Миний орос хэлний мэдлэгийг л бодож тэнд ажиллуулахаар болсон байх гэж ойлгосон. Тэр үед бүх зүйлийг л оросоор орчуулдаг байсан. Батаа гуайн хэлэх үгийг хүртэл орос хэл дээр орчуулж дээш хянуулдаг байсан. Тэндээ би найман жил ажилласан. Сүүлдээ хэлтсийн орлогч хүртэл болсон. Ардчилал гарч ирээд Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд, Г.Очирбат гуай Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга болсон. Тэр үед л намайг Армийн Улс төрийн газрын даргаар томилж генерал цол олгож байсан. Дөрвөн жил хиртэй ажилласан. Дараа нь тус газрыг татан буулгасан. Монголын түүхэнд өөрийнхөө албан тушаалыг татан буулгасан хүн гэвэл би л ганцаараа байх.
Армид тус газар байх шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Ер нь л болохгүй байсан юм. Улс төрийн газрын дарга гэдэг чинь намын Төв хорооны хэлтсийн даргын эрхтэй. Бүр сайдаасаа илүү эрх мэдэлтэй. Цэргийн салбарт олон нам гараад ирэхээр чинь утгаа алдана, тэр бүх асуудлыг ганц Улс төрийн газар хариуцаж болохгүй гэж үзсэн. Би ажлаа авангуутаа л цэргийн ангиуд дахь Хувьсгалт намын хороодыг татан буулгасан. Тэгэхгүй л бол цэргийн ангид өөр олон намын хороодууд бий болно шүү дээ. Энэ ажлыг сайд, ЗХЖШ-ын даргад ч хэлэлгүйгээр хийсэн. Улс төрийн газар өөрөө тийм давуу эрхтэй байсан юм. Дараа нь офицер, ахлагч нар намын гишүүн байх ёсгүй гэж үзээд бүгдийг нь нам бус болгосон. Намаа сонгох уу, албан тушаалаа сонгох уу гэдэг аяныг өрнүүлсэн. Нэг ч албан тушаалаасаа татгалзсан офицер, ахлагч байгаагүй. Улмаар Улс төрийн газрыг Сургалт, хүмүүжлийн газар нэртэй болгоод даргыг нь яамны дэд сайд болгосон. Энэ бол армид хийсэн томоохон шинэтгэл юм шүү дээ. Үүнийг олон хүн шүүмжилсэн, цаана нь байсан улс төрийн нарийн ширийн зүйлсийг ойлгодоггүй юм. Улс төрийн газрын анхны дарга нь С.Данзан байсан юм билээ. Харин сүүлчийнх нь би. Ингэж миний цэргийн албанд ажиллах хугацаа дуусгавар болсон юм даа. Үүний дараа П.Жасрай гуай надад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж ажиллах санал тавьж байсан. Би тэрхүү саналаас нь татгалзаад уран бүтээл рүүгээ цаг зав зарцуулмаар байгаагаа хэлсэн. Цэргийн алба хаасан түүхээ хэлэхэд нэг иймэрхүү. Нэг их уруудаж доройтсон үе бараг байхгүй шахам. Хатуужил, хүмүүжилтэй байсны тус биз. Мал хариулж өссөн хүүхэд чинь хатуужилтай өснө шүү дээ. Хотын 40 мянгатад өссөн хүүхдүүд биднээс тэс өөр, ялангуяа дарга, сайд нарын хүүхдүүд. Тиймээс надад цэргийн алба хаахад нэг их зовлон байгаагүй.
Та чөлөөнд гарсан хойноо энгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан хүн. Цэргийн болон энгийн сэтгүүлчдийн ялгааг юу гэж ойлгодог вэ?
-Тэтгэвэрт гарсныхаа дараа би “Ил товчоон” сонинд гэрээрээ хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Монголдоо анхдагч хувийн сонин юм шүү дээ. Дараа нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд томилогдоод 10 орчим жил ажилласан. Ингээд бодоход энгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ч багагүй хугацааг өнгөрөөжээ.
Миний бодлоор цэргийн ч бай энгийн ч бай сэтгүүлч л бол сэтгүүлч. Мөрдэстэй, мөрдэсгүй ялгаагүй байх ёстой, хүн бол хүн л байдаг гэдэг шиг. Сэтгүүлч л болсон хойно хэнээс ч дутахгүй чөлөөтэй сэтгэдэг байх ёстой юм.
Нэгэн жишээ дурдахад манай “Улаан Од” бол Монгол Улсад ардчилсан тогтолцоо байх ёстой гэдгийг хөндөж, түүнийг нь өртөөлсөн хэвлэл мэдээллийн байгууллагын нэг. Тэр үед Б.Чантуу эрхлэгчтэй шижигнэсэн сайхан залуучууд байв. Нийтэлсэн материал нийтлэлүүдийнх нь талаар их л хэл ам гардаг байсан.
Би Улс төрийн газрын дарга байхдаа сонин дээр иймээ тиймээ юм гарлаа гэж нэг ч юм хэлдэггүй байсан, өөрөөр хэлбэл тэгж хамгаалдаг байсан хэрэг. Сэтгүүлч хүнийг мохоож болдоггүй гэдгийг би хэзээнээсээ сайн мэднэ шүү дээ. Бусад сайд, дарга нар бол бүх зүйлийг нь шүүмжлэх гэж үзнэ. Гол нь манай газрын харьяа учраас би л эхэлж дугарахгүй бол хэн ч дугарах эрх байсангүй.
Сониныхон маань Армийн дотор байсан олон зүйлийг шүүмжилж бичдэг байсан. Шүүмжлүүлээд ирэхээр өнөөх дарга нарын чинь чих жигтэйхэн онгойно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд одоо ч сайн шүүмжилж бичиж байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал гаргалаа гэхэд энгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэхээс өмнө өөрснөө бид сонин, студиэрээ дамжуулж олон нийтэд хүргэчихвэл ядахнаа хүмүүс шинэ мэдээ уншиж байгаа мэт учиргүй шуугиж олон нийт, массыг хамарч чадахгүй шүү дээ. Сайд, дарга нар үүн дээр анхаарлаа хандуулж сонин, студитэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй гэж боддог. Угаасаа л асуудлыг нууж чадахгүйгээс хойш. Ер нь ч дотроосоо цэвэршиж байх гэдэг чинь хамгийн зөв зүйл. Хүний бие организм гэхэд л өөр өөрийгөө эдгээж засаж явдаг шүү дээ. Тэгэхгүй бол энэ салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид зэвэрнэ. Цэргийн сэтгүүлчид батлан хамгаалах салбарын хэмжээнд гарч буй дутагдлуудыг хэнээс ч илүү бичиж байх ёстой юм. Хамгийн гэм халгүй, хамгийн зөв арга бол тэр юм. Нийгэм ямар байна Арми тийм л байна.
Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Хамгийн зөв цэргийн дарга байсан шүү, тэр үед
Одоо бол сайд, дарга нарыг рекламддаг л сонин болж дээ чааваас даа
Хавь ойрынхныхоо улыг шагайж , матаас бичдэг адгийн шаар байсан гэдэг. МАХН -ын ТХ нд шургалчихсан , бүүр генерал болоод амжчихсан яаж ч хувирч мэдэх аймшиг.
Муухай хүн гэж олон хүнээс сонссон. Ариунмдүр эсгэсэн матаач, долоогч
Ер нь бол хөөрхий, хар багаасаа л НАХЯ-ны мэдээлэгч байсан хүн л дээ !
бхя үзэл суртлын хэлтсийн дарга байсан юмуу. улаан од одоо соёмбо уу. зх гатнуул нэрээр бааранд ажлаа хийж, гатнуулд явсан нэрээр хот өөр аймаг сумын өөр айлд очоод хэвтчихсэн байхын. сааид ажлыг нь шалгах гэхээр нууцын зэрэглэлтэй гээд.
sonin deer garsan yarilzlaga gedeg bol hyniig zaabal ch ygyi byryytgah gej bichdeg zyil uu?....tegbel ter har sonin deer chini bichegdeh saardlaga bna uu?....esbel eneegiin ardyyd gedeg chini iim oigorgyi sibsegiin ardyyd yy?.....yynees l saltgaalaj heblel medeelel chenzyraa tabih bolgoomjloh heregtei yu?.....esbel bid sain abyasalag negnee eldeb myy ygeer ytasaar syyh yy?......yamar yalgaa bna be?......ta nariin dotor Pyrebdorj generaliig medeh hyn tynch hobor baih....ter hyntei zeregzen ajillaj baisan hymyys l syyhees bysad hylganyyd bol er hyrteelgyi sanagdah yum?.....