sonin.mn
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг энэ оны зургаадугаар сарын 1-нээс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханаас  тодруулга авлаа.
 
 
-Юуны өмнө Хог хаягдлын ши­нэ менежментийнхээ талаар тод­руулахгүй юу?
 
-НИТХ-ээр Хог хаягдлын шинэ менежментийг баталсан. Энэ бол ил задгай  хог хаяулахгүй байх арга хэм­жээ юм. Шинэ менежментийн дагуу гэр хорооллын айлууд жалга руугаа хогоо асгачихдаг байсан бол одоо хар уутанд хогоо хийгээд хашааныхаа үүдэнд гаргаад тавьдаг болж байна. 
 
Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй, уутандаа хогоо хийгээд байгууллагынхаа үүдэнд тавина гэсэн үг. Үүнийг хогны ма­шинууд шөнө нь ачаад явна. 
 
 
-Энэ уутыг хаанаас яаж авах вэ?
 
-Энэ уутнаас нэг айлд сардаа 15 ширхгийг  үнэгүй  тараана. Зургаа­дугаар сарын 15-н гэхэд дотоодын ком­панийн үйлдвэрлэсэн 2.25 сая ширхэг уут гарна гэсэн тооцоо бий. Сар бүр цахилгааны төлбөртэй хамт авдаг хог­ны хураамжийн мөнгөний оронд 152 хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан хогны уутаа айл өрхүүдэд түгээнэ. 
 
Харин орон сууцны айлуудад СӨХ, жижүүрүүдээр тараана. Ингэж хогны уут тараагаад байхад ил задгай хог хаявал торгуулийн журмыг хатуу хэрэгжүүлнэ. 
 
 
-Торгуулийн журамд ил задгай хог асгасан айлуудад хэчнээн төгрөгийн торгууль ногдуулах бол?
 
-Одоогоор уг журмын төсөл бо­ловсруулах шатандаа явж байна. Харин Хог хаягдлын тухай хуулиар ил задгай хог хаясан иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно гэж заасан байдаг. 
 
 
Хог хаягдлын шинэ менежмент хэрэгжиж байгаатай холбогдуулан бид цэргийн ангиудыг дайчилж, хур хогийг нэг удаа бүрмөсөн зайлуулахаар төлөвлөж байна. Үүний дараа хогоо уутлах системд шилжинэ.
 
 
-Хогны уутны өртөг гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад ямар байна вэ. Гэр хорооллын айлууд хогоо үүдэндээ гаргаад тавьчихаар нохой шувуу тараачих гээд байдаг?
 
-Харьцангуй хямд зардлаар гарч байгаа. Бид нэлээд олон уутыг судалж байж үүнийг сонгосон. Үнэхээр  ч хогоо  үүдэндээ тавь­чихаар нохой тараах, хог түүдэг хүмүүс асгах гэж зовлон бий. Гэхдээ аль юм болгон хаширлаж, хойш суух вэ. Тухайн үед нь засч, залруулах арга хэмжээ авна. 
 
 
-Гялгар уут байгальд удаан задардаг, хортой шүү дээ. Харин хар уутыг яаж устгалд оруулах юм бол?
 
-Бид ууталсан хогийг ачаад ланд­филд технологиор шууд хөрсөнд нь булж устгана. Тэгэхээр ямар нэгэн хор нөлөө байхгүй.
 
 
-Хог хаягдлын шинэ менежментийн дагуу хогийг тодорхой хуваариар ачдаг болно гэсэн?
 
-Тийм. Энэ хуваарийг дүүргүүдийг ТҮК-иуд гаргаж байна. Хуваарь гарснаар  энэ гудамжинд долоо хо­ногийн хэд дэх өдрийн хэдэн цагт хог ачих машин явах нь тодорхой болох юм. Одоо байгаа менежментээр хогны ма­шин хааяа нэг явах үед зарим айлд нь хүн байдаггүйгээс хогоо ачуулж чадахгүй хоцордог.
 
 
-Бас нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг өглөөний 05:00-аас үдшийн 22:00 цаг хүртэл хоёр ээлжээр хийдэг болж байгаа гэсэн ?
 
-Өмнө нь нийтийн эзэмшлийн зам талбайг өглөө 07:00 цагаас эхлэн цэвэрлэж, алдаг оног ажилласаар өдөр 15:00-16:00 цаг гээд буучихдаг байсан. Үүнд хяналт тавьдаг ямар ч механизм байгаагүй.
 
 
Гэтэл бид нийслэлийн төвийн хэсгүүдийн шар хан­таазтануудыг шахаж шаардаад, хоёр  ээлжтэй болгосноор хэдхэн сарын дотор хотын төвөө хоггүй болголоо.  Цаашид бид хотоо хоггүй болгохын төлөө ажиллаж байна. 
 
 
Э.Мөнхзаяа
 
Эх сурвалж: