sonin.mn
Хүүхдийн хөл хөдөлгөөн, хөгжөөнт дуунд умбан байдаг сургууль, цэцэрлэг зуны улиралд нам жим болдогсон.  Харин энэ жил хүүхдийн байгууллагынхан ажил ихтэй зусч байна. Энэ талаар аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрмөрөнтэй уулзаж ярилцлаа. 
 
 
-Та бүхний ажил хүүхдийн амралтад төвлөрч байх шиг? 
 
-Тийм ээ, бид “Жаргалант” зусланд бараг суурьшин ажиллаж байна. Одоогоор таван ээлжээр хүүхэд хүлээн авсан. Үүний зэрэгцээ “Булган хангайн хүүхдүүд” ардын урлагийн наадмын гранпри шагналтнууд, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Булган хангайн хөгжил хөтөлбөр”-ийн ивээн тэтгэх болон “Шатар” хөтөлбөрт хамрагддаг багачууд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 170 хүүхэд амраалаа. 
 
Амрагч хүүхдүүдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, тоглоом, уралдаан тэмцээн, сургалт, хэлэлцүүлэг зэрэг ажлыг зохион байгууллаа.
 
Мөн амрагч хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрхийг нь хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах, хөгжил оролцоог нь дэмжих зорилгоор онцгой байдлын газар зэрэг зарим байгууллагатай хамтарч ажилласан.
 
Мөн хүүхдүүдийн дунд өртөөчилсөн арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, “Авьяас”, “Сэтгэлийн гэрчилгээ”, ”Ногоон дэлхийгээ хайрлацгаая”, “Биеийн тамир”, “Танин мэдэхүй”-н өртөөг ажиллуулснаар, гурван бүлгийн хүүхдүүд идэвх санаачилгатай хамрагдсан. 
 
 
-Саяхан болсон баяр наадамд та бүхэн чухал үүрэгтэй оролцож байгаа харагдсан? 
 
-Тэгсэн, аймгийн баяр наадмын нээлтэд 108 морин хуурч, 108 бий биелгээч, 108 уртын дуучны 60 орчим хувь нь өсвөр насны хүүхдүүд байсан. Баяр наадмын үеэр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, өсвөрийн бөх, сур харваанд оролцож буй хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор байгууллагын даргын тушаалаар “Хүүхэд хамгааллын баг” томилон ажиллуулсан. 
 
Энэ багийнхан аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороод, нийт сумын баяр наадам зохион байгуулах комисст цахимаар зөвлөмж өгч мэдээлэл сурталчилгаагаар хангасан. Ялангуяа хурдан морь унаач хүүхдүүдэд ихээхэн анхаарал тавьж санамж бичгийг холбогдох удирдах хүмүүст гардуулж өгсөн. 
 
Мөн “Хүүхэд хамгаалал-хурдан морь унаач хүүхэд” тусгай самбар, сурталчилгааны материалыг уяачид, унаач хүүхдэд иргэд эцэг эхчүүдэд санамж болгож 1000 хувь тараасан.
 
Үүнээс гадна наадамчин олонд түгээх, хурдан морины аймгийн комисст манай хэлтсийн дарга, дөрвөн мэргэжилтэн ажиллуулсан. Аймаг, сумын наадамд давхардсан тоогоор 1577 хүүхэд хурдан морь унаж, 172 хүүхэд өсвөрийн бөхөд барилдаж, 34 хүүхэд нум сум харвасан. 
 
 
-Зарим морь хүүхэдгүй барианд орж ирж байсан? 
 
-Аймгийн наадмын явцад азарга, их насны уралдаанд тус бүр нэг, шүдлэн, дааганы уралдаанд 2-3, нийт долоон хүүхэд унаж осолдсоны кейсийг бүртгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухай бүрт нь үзүүлсэн.
 
Эдгээр хүүхэд ослын даатгалд хамрагдсан байсан тул даатгалын компаниас нөхөн олговор авах, цаашдын эмчилгээ үйлчилгээнд нь онцгой анхаарах талаар зөвлөмж өгсөн. Бэртлийн төрөл хэлбэрээс шалтгаалж 250 мянган төгрөгийн нөхөн олговор нэг хүүхдэд өгөх тооцоо гарсан. 
 
Аймгийн баяр наадмын морин уралдаанд оролцож байгаа хурдан морь унаач хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хамгаалах хэрэгслээр хангагдсан. 
 
 
-Цаг үеийн чанартай эдгээр арга хэмжээнээс гадна өөр нэлээд ажилтай зусч байгаа гэсэн байх аа? 
 
-Тийм шүү, заримаас нь хэлэхэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажлын үр дүн мэдээллийг сонсох зорилгоор Могод, Тэшиг сумын ИТХын дарга нарын илтгэл мэдээллийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсч, тогтоол гаргууллаа. 
 
Мөн сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны үр дүн, аймгийн Засаг Даргын захирамжийн хэрэгжилтийг үнэлэх, хяналт тавих зорилгоор Рашаант, Гурванбулаг, Булган сумын Засаг Дарга нарын илтгэл мэдээллийг аймгийн Засаг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
 
Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд баримталж ажиллах “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги”-ийн баримт бичгийг боловсруулах ажил хийж байна. Холбогдох байгууллага, албан тушаалтан, хүүхэд багачууд, эцэг эх, иргэдээс баримт бичигтэй холбоотой санал авч нэгтгэн Засаг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. 
 
 
-Зуслангийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа гэл үү? 
 
-Тендер зарлаж Улаанбаатар хотын “Эрхэт констракш” компани шалгарсан юм. Тэд зусланг шинэчлэн тохижуулах, цаашид хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж саяхан хүлээлгэн өгсөн. 
 
Энэхүү төлөвлөгөөг хүлээн авахад аймгийн Засаг Даргын орлогч Д.Чимгээ, аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Ганболд, нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Хулан, худалдан авах ажиллагааны албаны дарга Л.Алтангэрэл, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Ганзориг, “Эрхэт констракш” компанийн захирал Г.Ариунболд, тус компанийн хот төлөвлөлтийн зөвлөх архитекторч, зохиогч С.Түмэн- Өлзий нар оролцож манай хэлтсийн дарга Д.Оюунбилэгт хүлээлгэн өгсөн. Ирэх жил манай зуслан улам тохилог сайхан болно.
 
 
Ж.Мөнх-Очир (Булган) 
 
Эх сурвалж: