sonin.mn
Сүүлийн жилүүдэд Монгол, Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон тэлж хоёр улсын хил орчмын байгаль экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. 
 
Жишээлбэл, 2006- 2009 онд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн улсын хилийн дагуух бүс нутгаар 39 удаагийн түймэрт дөрвөн сая орчим ой, хээрийн талбай шатаж, 5,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. 
 
Тиймээс Монгол, Оросын Засгийн газар хооронд “Ойг түймрээс хамгаалах тухай” хэлэлцээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх хэлэлцээр нь хил орчмын нутгаар хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх аж. 
 
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг Оросын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг, Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хиллэдэг байна. 
 
Тиймээс дээрх шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоосон байна. Улмаар хилийн цаана гарсан түймрийг цаг алдалгүй унтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлэх аж. 
 
Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллахаар болжээ.
 
Эх сурвалж: