sonin.mn

-Энэ жил Галдан бошигт хааны 370 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх асуудал ямар түвшинд яригдаж байна вэ?

-Одоогоор Ховд аймгийнхан ярьцгааж байна. Арван жилийн өмнө Ховдод Галдан бошигт хааны ойг тэмдэглэж, хөшөөг нь босгосон шүү дээ. Өнөө жил Засгийн газрын тогтоол гарч өргөн хүрээтэй тэмдэглэх болов уу гэсэн хүлээлт байна.

-Галдан бошигтын тухай Монголчуудын дунд таагүй ойлголт байгаад байх шиг санагддаг юм?

-Би Галдан бошигтын тухай их өргөн хүрээтэй судласан. Бээжингийн нэгдүгээр архивт орж, Галдан бошигттой холбоотой 11 ботийг уншсан. Шинжаан Уйгарт Тод бичгийн номын хүрээлэнд очиж Галдан бошигттой холбоотой бүхий л намтар түүх, судар ном, хууч яриаг судласан. Ховд, Увс, Говь-Алтайгаар явж хууч яриа, домог судласан.

Монголчуудад Галдан хааны тухай тун бүрхэг мэдээлэл байгаад байдаг юм. Галдан зургаан наснаас 21 жил буддын таван ухаанд нэвтэрхий боловсорч Богд Зонховын суудалд заларсан анхны монгол лам. Таван хэлийг төгс эзэмшсэн, шүлэг яруу найраг бичдэг байсан. Чингис хааны удмын хүн гэдэг нь тодорхой болоод байгаа.

Галдан хааны аав, Эрдэнэбаатар хунтайж найман хатантай байсан. Эрдэнэбаатар хунтайжийн зургадугаар хатан Юм-Агагаас төрсөн хүү нь. Түвдэд бурхны ном судлаж байхад нь түүний нэг эхээс төрсөн Сэнгэ хаан алагдаж, Галдан түүний орыг залгаж хаан ширээнд суусан хүн. Манжийн ноёрхол хүчээ "авч байх үед түүний эсрэг сөрж боссон ганц хүн нь Галдан хаан.

-Галдан бошигтыг Өндөр гэгээн Занабазартай ах дүүсийн холбоотой байсан гэдэг юм билээ?

-Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёр түвдэд хамт ном үзэж байсан. Энэ хоёр эхийн талаараа тун ойр хамаатнууд. Шүхэрт дачин гэдэг торгууд хүний хоёр охиноос төрсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл эгч дүүсийн хүүхдүүд гэсэн үг.

-Гэхдээ Занабазар, Галдан бошигт хоёрын хооронд хэрүүл тэмцэл өрнөж, Занабазар түүнээс зугатааж, Манжийн хаан Энх-Амгалангийн дэргэд очсон гэж л ойлгогдоод байдаг шүү дээ?

-Бээжинд байгаа түүхэн бичиг баримтуудыг үзсэн. Галдан бошигт, Өндөр гэгээн Занабазар хоёрын хооронд таагүй харилцаа байсан гэдэг баримт байгаагүй. Харин ч Өндөр гэгээн Галдангийн тухай нэг ч муу зүйлийг Энх-Амгаланд ярьж байгаагүй. Түшээт хан Чихундорж цэрэглэж очоод Засагт хан Шарыг алчихсан.

Засагт ханыхан Галдан хаанаас цэргийн тусламж хүссэн. Галдангийн цэргүүд ирж, Түшээд ханыг дайлаар мордож, Түшээд ханд элч илгээсэн байдаг юм. Адилхан монголчууд нэгдэж, нийлье. Хүчээ хавсарья гэсэн бичиг явуулсан. Гэвч Түшээд хан 300 цэрэгтэй очсон элчийг нь бүгдийг нь хядаж орхисон. Эндээс том зөрчил үүссэн.

Галданд хаан цолыг Манжийн хаан өгсөн. Харин бошигт цолыг Далай ламаас олгосон юм. Түүнд хаан цол олгосонд монголын ноёдууд дургүйцэж түүнийг элдвээр хавчиж байсан юм билээ. Нөгөө талаар Галдангийн ганц хүү Цэдэнбалжирыг Манжийн хаан дуудаж аваачаад барьцаанд авсан.

Үүнээс үүдэн Галдан халхын аймгуудыг эзлэж, өөрийгөө Их Монгол улсын хаанаар өргөмжилсөн. Ойрдын хаан Галдан дагаар орохгүй гэж эсэргүүцэж, халхын аймгуудыг өөртөө нэгтгэж Их Монгол Улсын хаан гэж зарласан учраас Манжийн хаан Галданг буулгаж авахаар цэрэг хөдөлгөсөн. Галданг Манжуудтай дайтаж явах хойгуур түүний төрсөн ах Сэнгийн хүү өөрийгөө хаанаар өргөмжилсөн.

Төв аймгийн 100 модны ойролцоо болсон хүч тэнцвэргүй тулаанд Ану хатан алагдаж, өөрөө Манжид ялагдсан. Асар их сэтгэлийн дарамтанд байсаар одоогийн Говь-Алтай аймаг Тонхил суманд өөд болсон гэдэг юм.



-Таныг Галдан бошигтын түүхийг судлаад зогсохгүй түүний удам судрын хүмүүсийг тогтоосон гэж сонссон? Галдан бошигтын удмын хүмүүс хэр олон байдаг юм бэ?

-Судлаж тогтоосон зүйлүүд байгаа шүү. Галдан бошигтын ээж, аавын талын маш олон хүмүүс өнөөдөр бидний дунд амьдарч байна. Монгол угсаатны зүй судладаг Баяндалай гэж хүн байна. Галдан бошигт сангийн тэргүүн Батболд гэж залуу бас бий. "Монгол ньюс" компанийн захирал агсан Ц.Балдорж, Ж.Авхиа генерал гээд олон хүн бий.

Ялангуяа, Галдан бошигтын ээжийн талын маш олон хүн бий. Судлагаа хийж үзсэн. Галдан бошигт хааны удмын хүмүүс дотроос Монголын том компанийн захирал 50 гаруй хүн бий. Тэдний 11 нь том холдинг байгаа. "Монгол газар", "Номин", "Таванбогд", "Туушин" гээд олон том компанийн захирлууд бий.

Дээрээс нь 11 генерал бий. Галдан бошигт хаан бол Манжийн дарангуйллыг эсэргүүцэж үхэн үхтлээ тэмцсэн ганц хаан. Чингис хааны алтан ургийн хүн. Түүний ээж Юм-Ага хатан Өндөр гэгээн Занабазарын ээж хоёр эгч дүүс.

Өөрийгөө Их Монгол улсын хаан гэж зарлаж, тархай бутархай байсан халхын аймгуудыг нэгтгэх гэж тэмцэж явсан баатар эр. Энэ хүний удам угсаа гэдэг өөр байдаг юм байна гэж бодож байгаа шүү.

-Тэгвэл ч одоо өөрсдийгөө Галдан бошигт хааны удам угсааны хүн гэж дөвийлгөсөн олон хүн гарч ирэх нь дээ?


-Удам судар нь тодорхой болчихсон олон хүн бий. Ер нь Монголчууд чинь хаан угсааны хүмүүс шүү дээ. Дэлхийд Монгол шиг олон хаантай улс байгаагүй. Яагаад гэхээр манай он тоолын өмнө 239 онд Модун хаан анхны төрт улсыг бий болгосон. Дэлхийн анхны төрийг Монголчууд байгуулсан. Өнөөдөр гадны том том эрдэмтэд, түүхчид "Дэлхийн түүх Монголоос эхэлдэг" гэж ярьж байна шүү дээ.

-Таныг Галдан бошигт хааны тухай кино хийх гэж байгаа гэж сонссон?

-Би Галдан бошигтын тухай түүхэн роман бичсэн. Дараа нь "Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэсэн түүхэн уран сайхны кино зохиол бичсэн. Киноны зохиол бэлэн болчихсон. Киноны төсөл, төсөв санхүүг нь гаргачихсан. Энэ киноны зураг авалтад ажиллах 150 хүний бүрэлдэхүүнтэй баг нь бэлэн байгаа.

Гадаадын уран бүтээлчидтэй ажиллаад сурчихсан. Киног гадаадад хэрхэн зардаг, яаж мөнгө санхүү босгодог вэ гэдгийг сайн мэддэг хүмүүс байна. Энэ киног Орос, Монгол, Америкийн хамтарсан баг англи, монгол хэл дээр хийнэ. 34 мм-ийн хальсны кино байна.

Дэлхийн кино наадмуудад өрсөлдөх боломжтой, бүх оронд худалдаалах боломжтой кино хийхээр том төслөө биччихээд бэлэн болгочихоод сууж байна. Дэлхийд тавхан байдаг 280 сая долларын өртөгтэй кино хийх тоног төхөөрөмжийг ашиглахаар тохирчихсон байгаа. Харамсалтай нь кино хийх мөнгө л алга даа.

-Киноны өртгийг хэдээр тооцож байгаа юм бэ?


-Бид өмнө нь Япончуудтай хамтарч Чингис хааны тухай кино хийсэн. Энэ киног хийхэд ашигласан дээл хувцас, зэр зэвсэг, гэр, эдлэл хэрэглэл бүгд байгаа. Тиймээс зөвхөн киноны зардал, жүжигчдийн цалин хөлс, унаа машины зардлыг л тооцож, хамгийн багаар төсвөө гаргасан. Нэг тэрбум, зургаан сая төгрөгөнд энэ киног хийхээр төлөвлөөд байгаа.

Галдан хаан Их Монгол гэдэг үзлийг дэлгэрүүлэх гэж, тархай бутархай монголчуудыг нэгтгэх гэж тэмцэж явсан Чингис хааны дараа орох том хаан байсан юм гэдгийг бид сайн ойлгох учиртай.

Нэгэн зүйл сонордуулга байна. Ирэх жил Хубилай хааны 800 жилийн ой тохиох юм. Биднийг чимээгүй сууж байхад гадаадынхан энэ ойд анхаарлаа хандуулаад эхэлчихлээ.

АНУ тэргүүтэй олон орны эрдэмтэд "Хубилай бол дэлхийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн, соён гэгээрүүлэгч хаан" байсан гэж дүгнэж, олон улсын эрдэмтэн, судлаачид Хубилайг дэлхийн хаан хэмээн хүлээн зөвшөөрч байна.

П.Батнайрамдал

Эх сурвалж: "Соёмбо" сонин