sonin.mn

2012 оны 02-р сарын 12-ны өглөө. Франц улс, Парис дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан Д.Мөнхжаргалын гэрийн үүдийг хэн нэгэн зөөлөн тогшив. Би ухасхийн үүд тайлав. Хаалга нээгдэн З.Түмэнжаргал орж ирээд ихэд гайхсан шинжтэй нүдээ томруулан,

-Хүүе! Сайн байна уу?

-Сайн байна аа. Сайн сууж байна уу? Намайг ирсэн гэж элчингээс дуулаа юу?

-Үгүй чиш, бүр гайхлаа байна, хэзээ ирээв?

-Гурав хонож байна аа. Германы Вурцбургт үзэсгэлэн гаргаад, Парист ойрхон ирсэн тул хүрээд ирлээ.

-Ёстой зөв байна ш дээ. Бүүр, чамайг хараад гайхлаа байна. Чи тэгээд эднийд буусан юм уу?

-Тийм ээ. Миний нялх багын найз, архитектор Бадамханд маань Мөнхжаргалын ээж байхгүй юу! Найз маань энд ирсэн болохоор би Парис гэхээсээ илүү найздаа татагдаад ирлээ гэхүү дээ. Би Бадмаа, Бямбаа гэж хоёрхон "төрсөн найзтай" гэж ярьдаг даа.

-Сайхан юм аа. Овоо хэд хоножээ. Их юм үзэв үү?

-Бид хоёр өглөө гараад л шөнө дөлөөр буцаж гэртээ ирэх юм. Үзэх юм ч их, ярих зүйл ч бид хоёрт мундахгүй юм. Парис хотоор хөтлөлцөөд л зүгээр явахад л музей мэт сайхан урлагийн хот юм аа.

-Тийм шүү! Би ч чамтай өнөөдөр гадуур явмаар байна. Даанч өнөөдөр хүү Тэнгисийн маань төрсөн өдөр тул эндээс найз нөхдийг нь цуглуулж аван гэр лүүгээ очиж баяр тэмдэглэх гэж байна. Гэхдээ би дараа чам дээр заавал ирж уулзана аа. Харин одоо юу, юу үзэхийг чинь хэлж өгье!

-Бид хоёр овоо их зүйл үзсэн. Лувр, Клин музей, Дорсей музей, Нотр Дам, Мон Матрыг үзчихсэн.

-Помпеду төвийг заавал үзээрэй! Гучаад танхимтай, Шагалийн бүтээлүүдийг тэнд үзэж болно. Харин Клод Монегийн япон гүүртэй гэр музей даанч хаалттай байгаа, өвөл хаачихдаг юм.

-Доктор Гашегийн байшин, Ван Гогийн оршуулгын газар зэргийг үзэх сэн...

-Тийшээ галт тэргээр явах хэрэгтэй болно...

-За, за... Чамаар сонин юу байна? Юу туурвиж байна?

-Энд хамт ажилладаг Францын монголч эрдэмтэнтэй хамтарч шинэ ном бэлдэж байна. Нэг хүүхдийн шинэ номын зураг    чимэглэлээ Байдыдаа захиалчихлаа. Бас хүүхдүүдийн зургаар ном гаргах санаатай байна. Манай Сур, Чимэддорж сайн уу? Уулзах сан!

-Сайн сайн. Сүүлийн үед олон сайхан шинэ бүтээлүүд хийж байгаа. Сониноос, миний ач охин Дөлгөөн яруу найрагч Төгсжаргалын номын зураг чимэглэлийг надтай хамт хийсэн шүү. Гурван нас ч хүрээгүй байхдаа зурсан зургууд нь орсон. Би Монголд очихоор чинь өгнө өө.

-Их сонин юм. Хүүхдүүд чинь маш сонин зурдаг байхгүй юу. Хийх ажил ч их байна даа. Өнгөрсөн намар чи солонгосуудтай говиор сайхан явсан уу?

-Хачин сайхан байсан. Зураач Ц.Цэгмид, Батнасан, Я.Одончимэг, Сэрээтэр нартайгаа хэд хоног говиор аяллаа ш дээ.

-Энд удахгүй Погжоон Гамбаа ирнэ.

-Ноднин ч билүү бас ирсэн гэл үү?

-Тийм тийм, ахин ирнэ. Манай хүү Ардын жүжигчин Цолмон багшаар төгөлдөр хуур заалгадаг юм. Одоо хүүгээ аваад хүүхдүүдтэй хамт гэр лүүгээ буцлаа.

-Танай эндэхийн бүх хүүхэд заалгадаг юм биш үү? Дандаа л гэрээс нь хөгжим дуугарч байдаг юм.

-Тийм тийм, гадаад хүүхдүүд ч заалгадаг. Их том боломж шүү, ийм багштай байна гэдэг.

-Өнгөрсөн намар Цагаан Дариум музей дээр чамтай таарч, дараа нь Солонгосын зураачидтай хүлээн авалтанд орж овоо хуучилж билээ. За хөө, хуушуур ид! Манай Мөнхөөгийн эхнэр Удвал сайхан хоол хийчихлээ. Чи ч хоолон дээр таараад морьтой юм аа. Танай эндэхийн Элчин сайд Алтангэрэл манай орос Баяртай их ойр дотно явсан, зураачдад их элэгтэй хүн дээ. Би уулзаж морины зураг, баримлын цуглуулгыг нь үзсэн. Сайхан монгол гэртэй, халуун дулаан хүмүүс энд байна аа. Би гадаадад явахдаа бусдад төвөг удахгүй явах сан гэж боддог юм. Намайг тэд гэртээ урьж сайхан хуучиллаа, бид. Цолмон урлагийн хүн болохоор бид яриа нийлэх юм аа.

-Эднийх зургийн сайхан цуглуулгатай гэсэн.

-Би мэднэ ээ. Орос Баяраа Цолмонгийн хөрөг, Ринчен гуайн хөрөг зэрэг нилээд олон зураг Алтангэрэлийн захиалгаар зурж өгч байсныг би үзэж явлаа. Манай орос Баярыг зургийн ертөнцөд хөл тавихад Алтангэрэлийн ээж их тусалж нөлөөлсөн гэж надад ярьдаг сан. Ээж нь Архангайд ажиллаж байх үед зохиолч Л.Дашням, Баяр нар 10 жилийн сурагчид байсан гэсэн.

-Чи ч бас ярих эртний дурсамж ихтэй хүн байна шүү.

-Ярих юм ч ихтэй болоод нас ч овоо яваад байна шүү хөө... За чи ч бор дарс уухаа больсон гэдгээ өнгөрсөн намар ярьсан. Уусан хүнийг хөндлөнгөөс нь харахад сонин санагддаг болоо биз дээ... Тийм болохоор би чамд өөрийн хэдэн зураг, уран бичээч Ц.Бямбажав охины уран бичлэгүүд, бас энэ таван өнгийн хадаг өгье!

-Чи бас хадагтай явдаг сонин хүн ээ.

-Удахгүй cap шинэ болно, чамд хэрэгтэй болов уу гэж бодсон юм. Харь газар суугаа элэг нэгтэндээ өгөхөд сонин шүү дээ.

-Би чамайг явахаас өмнө ирж уулзана аа.

-Зав муутай бол яахав дээ. Харин Монголд очихоор чинь уулзъя! гээд салав.

Эдгээр мөрийг тэрлэн байх үедээ Түмээ маань бурхны орноо одсон гунигт мэдээг сониноос харж радио, зурагтаар сонсов. Маргааш өглөө нь анд нөхөр Д.Төрбат нулимс цийлгэнүүлэн урлангаар минь ирэв. Байды ах, Аким гуай ч бас ирж эр хонгор нулимс дуслуулан дурсан сууцгаав. Сур, Чимэддорж маань утсаар ярьж үнэн худлыг лавлав. Намайг л үнэн гэвэл тэр итгэх хүн дээ, тэр! Хөөрхий... Энэ өдрүүдэд сонин хэвлэлээр түүний тухай дурсамж, харуусал хөвөрсөөр... Түмэнжаргал маань Монгол түмэндээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг болоосой гэсэн гэгээн мөрөөдлийг, бас монгол хүний уужим сайхан сэтгэлийг мэдрүүлсэн дуу хуурын их өвөө үлдээсэн нь одоо ч эгшиглэсээр...

2012.04.15

С.Төгс-Оюун /МУЭ-ийн шагналт зураач/

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"