Сүүлийн үед “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” /НӨАТ/ хуулийн хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд илэрч буйг Татварын ерөнхий газраас татвар төлөгч нарт сэрэмжлүүлэг болгон мэдээлж байна.
Уг хууль зөрчсөн үйлдлүүдэд НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах, импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах, бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авсанаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх, НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих зэрэг орж байгаа юм.
Түүнчлэн НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох, татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх, дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх, НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд 1 жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байгаа аж.
Эдгээр үйлдэлд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар ял оногдуулдаг болохыг татвар төлөгч нар сэрэмжүүлж байна.
Тухайлбал 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар татвар төлөхөөс санаатай зайлхийвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан бусад төрлийн гэмт хэрэгтэй нийлмэл байдлаар үйлдэгдэж байна. Тухайлбал 233 дугаар зүйл буюу Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах, 265 дугаар зүйл буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 266 дугаар зүйл буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн зүйл ангиудтай нийлмэл байдлаар үйлдэгдэж байгаа бөгөөд эдгээр нь баривчлах, хорих ялаар шийтгэгдэх гэмт хэрэг юм.
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
НӨАТ хэрэг байна уу аан
irgediig hohirooj bgaa sunday gruppig shalgachee .. tureesleh buyu zarj bgaa talbaigaa uridchilj mongii ni toluulsen hoinoo.. NOT iin 10% geed ochnoon $ avsan .. ene ni zov yumuu .. haana handaj shalguulah yum be ??????