sonin.mn

БНХАУ-ын дарга Ху Жинтао бол тун нууцлаг хүн юм. Зөвхөн албан мэдээлэлд дурдсанаас өөрөөр түүний талаар бичсэн зүйл тун хомс байдаг. Харин нөхөр Худ нэгэн цагт ус судлаач мэргэжил нь тус болсон гэдгийг хэн бүхэн мэддэг. Энэ шинжлэх ухаан түүнд байгалийн гамшигтай хэрхэн тэмцэж болох вэ гэдгийг хэлж өгчээ.
Ху Жинтаогийн бага залуу насны талаар Хятадад янз бүрийн баримт мэдээлэл байдаг.

Тэдгээрийн нэгээс дурдвал, тэртээ 1985 онд нөхөр Ху Гуйжоу мужийн намын хорооны дарга болоод байх үед нь нэгэн өглөө түүний ажлын өрөөний утас дугарчээ. Ху Жинтао харилцуураа аван “Сайн байна уу, Ху сонсч байна” гэж хэлэхэд “Ху гэж бас хэн бэ? Би мужийн хорооны шинэ захирагчтай ярьмаар байна” гэж ярилцагч цухалдангуу хэлжээ. Харин тэрбээр “Би шинэ нарийн бичгийн дарга Ху Жинтао байна” гэж тайван, намуухнаар хариулахад харилцуурт хэсэг зуур чимээгүй болсны дараа ярилцагч этгээд түүнд баяр хүргэж уучлалт гуйн ажил хэргийн ярианд шилжин орсон байна.


Хэдийгээр энэ явдлаас хойш олон жил өнгөрсөн боловч одоог хүртэл дэлхийн олон улстөрч, бизнес эрхлэгчид гээд ер нь Ху Жинтаотой холбоотой хэн бүхний санааг «урагш муут ярилцагч»-тай холбоотой асуудал зовоосоор байдаг гэнэ. Дэлхийн хамгийн олон хүн амтай бөгөөд үсрэнгүй хөгжиж байгаа улсыг удирдаж байгаа учир битүүлэг Ху Жинтао гэгч чухам ямар хүн бэ? Түүний хэрэгжүүлж буй гадаад болон дотоод бодлого чухам юунд хүргэж болох вэ? БНХАУ-ын одоогийн удирдагч үнэхээр нууцлаг хүн юм. Тэрбээр гүн ухаантан Лао Зыгийн “Жинхэнэ удирдагч хэн болохыг ард түмэн нь мэддэггүй” гэдэг дүрмийг баримталж байгаа бололтой.


Энэ нь хятадын нэгэн уламжлалыг санагдуулна. Хуучны цагт эзэн хаад болон эзэн хааны гэр бүлийн гишүүдийн хөргийг зурахыг зураачдад хориглодог байжээ. Гэсэн хэдий ч хөргөө зуруулах гэсэн захиалга бийрийн мастеруудад байнга ирдэг байв. Хаадын хүсэлд нийцүүлэхийн тулд тэд «төгс төгөлдөр дүрслэл» гээчийг бий болгосон бөгөөд хаадыг «жинхэнэ удирдагчийн» төрхтэйгөөр зурдаг байжээ.


Үнэнийг хэлэхэд, өдгөө Хятадад ч, гадаадад ч хэвлэгдэн гарч байгаа нөхөр Ху Жинтаогийн намтар бол яг л энэ “төгс хөрөг” гэсэн үг юм. Ху Жинтао өөрөө ч сэтгүүлчидтэй бараг харьцдаггүй бөгөөд өөрийнхөө тухай, гэр бүлийнхнийхээ талаар ер нь амьдралынхаа тухай ярилцахаас зайлсхийдэг. Тиймээс түүний албан ёсны намтарт хоорондоо тун зөрчилтэй мэдээлэл байгаад гайхах явдалгүй юм. Жишээлбэл, БНХАУ-ын дарга 1942 оны арванхоёрдугаар сард Зянсу мужийн нэгэн хошуунд төрсөн гэдэг бол өөр нэг хувилбараар түүнийг Аньхой мужийн Зиси хошуунд мэндэлсэн гэж тэмдэглэсэн байна. Тэрбээр бас Зянсу мужийн Тайжоу хошуунд төрсөн байж магадгүй.

Нэгэн хувилбараас үзвэл түүний эцэг цайны худалдаачин байсан бол өөр нэгд нь цайны компанийн эзэн байсан гэж тэмдэглэсэн байдаг. Ху Жинтао сургуульд ямар сурч байсан талаарх баримт ч бас зөрчилдөөнтэй. Албан ёсны намтарт өгүүлснээр бол тэрбээр онц сурлагатан байв. Харин албан бус эх сурвалжаар Ху “сайн”, “дунд” хоёроос салдаггүй байсан гэнэ. Гэхдээ тэрбээр “муу” дүн огт авдаггүй байсан, учир нь 1959 онд Бээжин хотын нэр хүнд бүхий Политехникийн Цинхуа дээд сургуульд элсэн орсон юм.


Тосгоны залууд суралцах зүйл их байлаа. Ху Жинтао гидротехникчийн ангид элсэн орж, 1964 онд сургуулиа төгсчээ. Дараа нь тэрбээр эрдэм шинжилгээний ажил хийхээр сургуульдаа үлдсэн бөгөөд энэ үед Хятадын Коммунист намд гишүүнээр элсч, түүгээр ч барахгүй тэнхимийн улс төрийн удирдагч болсон байна.
Гидротехникийн шинжлэх ухаан бол хөдөө аж ахуй нь жижиг, том голуудаас хамааралтай байдаг улсад маш чухал гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.


Гидротехникч хүн бүр гамшгаас сэргийлэхийн тулд хэдийд, хаана далан босгохыг мэддэг байх учиртай. Өөрөөр хэлбэл, аюулын өмнө хэдийд бууж өгөх вэ гэдгийг маш ойлгодог байх хэрэгтэй юм. Энэ зарчмыг Ху Жинтао маш сайн ойлгоод зогсохгүй хожим нь Дундад улсыг удирдан жолоодох цаг ирэх үед бүрэн утгаар нь хэрэгжүүлжээ.
Гэхдээ энэ хүртэлх хугацаанд их замыг туулсан байна. 1968 онд “соёлын хувьсгал” эхэлсний дараа Ху Жинтаог “дахин хүмүүжүүлэхийн” тулд Ганьсу мужид жирийн барилгын ажилчнаар явуулсан байна. Тэрбээр энэ хүнд үеийг бусад олон хятад хүний адилаар дурсах тун дургүй бөгөөд энгийн ардын амьдралтай танилцахад тус болсон гэж тэрбээр ярьсан байдаг. Гэхдээ тэрбээр тэнд удаагүй ба 1969 онд техникч болон дэвшсэн төдийгүй улмаар мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч даргаар томилогджээ.


1970-аад оны дунд үеэс Ху Жинтао албан тушаал ахиж эхэллээ. 1974-1982 онд тэрбээр далан барих ажлыг удирдаж байв. 1982 онд Ганьсу мужийн Коммунист залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Чухам энэ үед түүнийг намын нэртэй зүтгэлтэн Ху Яобан /БНХАУ-ын нууц удирдагчийн итгэлт хүн бөгөөд хожим нь Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан Дэн Сяопины шинэчлэлийн үзэл суртлыг нэвтрүүлэгч/ анзаарчээ. Чухам энэ хүн санал болгосны хүчинд Ху Жинтао Хятадын комсомолыг удирдаж байсан бөгөөд 1984 онд Коммунист залуучуудын эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон байна.


1985 оноос нөхөр Хугийн хувьд намын удирдлагад дээд албан тушаал хаших зам нэгэнт нээгджээ.Тэрбээр Коммунист намын бүрэлдэхүүнд орж, Гуйжоу мужийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. 1988 онд түүнийг Түвдийн өөртөө засах дүүргийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Тэнд тэрбээр 1989 онд болсон хятадыг эсэргүүцсэн бослогыг дарахад идэвхийлэн оролцсон бөгөөд түүний гаргасан шийдвэрийн ачаар цус бага урсчээ. Үүнээс гадна нөхөр Ху аюулыг дарахад өөрийн ур чадварыг дахин харуулсан байна. Түүний үйл ажиллагааг нэн хүчирхэг Дэн Сяопин хүртэл сайшаажээ.


1989 онд Тяньаньмэнь талбайд болсон хэрэг явдлын үеэр нөхөр Ху армийн ажиллагааг ил тод шууд дэмжиж байсан удирдагчдын нэг байв. Харин Улс төрийн товчооны гишүүдийн зарим нь энэ тал дээр эргэлзсэн байр суурьтай байлаа. Энэ явдлын дараа Ху Жинтао намын төв байгууллагуудад ажиллах болсныг гайхах явдалгүй юм. Тэрбээр тухайн үед Хятадын дарга байсан Зян Зэминьтэй үзэл бодлын хувьд ойр хүн байжээ. Учир нь тухайн үед улс оронд улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл явуулахын төлөө байсан Хятадын Коммунист намын удирдлага дахь нөлөө бүхий “шанхайн бүлэглэлийг” сөрөн зогсоход нь Ху Жинтао Зян Зэминьд тусалдаг байв.


Нөхөр Ху яваандаа хоёр дахь хүн болж, төдий удалгүй төр засгийг тэргүүлж эхлэв. 2002 оны арваннэгдүгээр сард Ху Жинтао Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон бол харин 2003 оны гуравдугаар сард төрийн хамгийн дээд албан тушаал болох БНХАУ-ын даргаар сонгогджээ. Сонирхолтой нь, тэрбээр Дэн Сяопины /1997 онд нас нөгчсөн/ зааврын дагуу энэ албан тушаалд тохоон томилогдоогүй анхны төрийн тэргүүн болсон юм. 2005 онд Ху Жинтао БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар томилогдлоо.


Зарим улс төр судлаачид нөхөр Ху, Зян Зэминь хоёрыг хооронд нь харьцуулан дүгнэхдээ, Зян Зэминийг шинэчлэгч, харин түүний залгамжлагчийг шинэчлэлийг эсэргүүцэгч гэж үзэж байв. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш юм. Ху Жинтао ч бас шинэчлэл явуулахын төлөө байдаг байсан. Нөхөр Зян хувийн хэвшлийнхнийг дэмжиж, тэднийг Коммунист намд элсэхийг зөвшөөрдөг байсан бол харин Ху Жинтао авлигатай тэмцэх болон улсын эдийн засгийн салбарыг дэмжихэд голлон анхаардаг байв. Зян Зэминь Хятадын эдийн засгийн түргэн хурдацтай хөгжиж байгаа салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталдаг байсан бол нөхөр Ху “хэт халалт» үүсэхээс болгоомжлон хөрөнгө оруулалтын энэ урсгалыг барьж байв. Тэрбээр хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг шинжлэх ухаан болон шинжлэх ухаанд түшиглэсэн аж үйлдвэрлэлийн салбарт зарцуулж байлаа.


Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, шинжлэх ухааны хотхонууд болон технологийн шинэ паркууд байгуулагдсанаас гадна бусад орнуудтай хийж буй шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа өргөжжээ. Нөхөр Ху Тяньаньмэний хэрэг явдлаас тун сайн сургамж авсан бололтой. Сэхээтнүүдийн хувьд хийх ажил нь багадаад ирэхийн үед тэмцэн босдог тал бий. Харин тэрбээр туршлагатай гидротехникч учраас энэ илүүдэл эрч хүчийг хааш нь чиглүүлэхийг сайтар мэддэг. Ху Жинтаогийн үед Хятадын төр засаг хөгжил буурай бүс нутгуудад илүүтэй ихээр мөнгө зарах болсон байна. Энэ нь Түвдэд ажиллаж байх үедээ олж авсан туршлагатай нь холбоотой болов уу. Элбэг хангалуун амьдарч байгаа хүмүүс хэзээ ч бослого гаргадаггүй гэдгийг нөхөр Ху сайтар ойлгожээ.


Ерөнхийдөө Ху Жинтаогийн багийнхан нийгэмд шударга ёс тогтоохыг зорьж байна. Тэдний үзэж буйгаар, эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс үүдэлтэй хүн амын давхаргын орлогын ялгааг төр засаг арилгах учиртай. Чухамхүү энэ бодлого нь нөхөр Хугийн хувьд “ард түмний удирдагч” гэсэн имижийг бий болгожээ.
Үзэл суртлын чиг баримжааны хувьд тэрбээр “барууны” гэхээсээ илүү уламжлалт чиглэлийг баримталдаг. Ху Жинтао өвөрмөц соёл бүхий Дундад улсад барууны либерал үзэл суртал тохирохгүй гэж үздэг юм. Түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш Хятадад үндэсний өв уламжлалыг тэр дундаа күнзийн сургаалийг идэвхийлэн судлах болжээ.


Харин Хятадын гадаад бодлого улам бүр идэвхжиж эхэлсэн. Хятад улс хөгжиж буй улс орнуудын эдийн засагт асар ихээр хөрөнгө оруулахын сацуу хямралд өртөөд буй орнуудын өрийн бичгийг нь их хэмжээгээр худалдан авч байна. Энэ нь эдийн засгийн салбарт толгойлогч гэдгээ харуулж байгаа хэрэг. Нөхөр Хугийн удирдлаган дорх Хятад улс олон улсын бүх тулгамдсан асуудлаар Америкийн эсрэг болоод Орост талтай бодлого баримталж байна гэж зарим шинжээчид үзэж байгаа боловч үнэндээ энэ нь тийм биш юм. Нөхөр Ху болон түүний өмнөх зүтгэлтнүүд олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн, тухайн мөчид хэнийг нь дэмжих нь дээр вэ гэдгийг маш сайн мэдэрдэг.


Энэ хүний тухайд өөр ямар мэдээлэл байна вэ? Тэрбээр кино болоод жүжиг үзэх дуртай, бас муугүй бүжиглэчихдэг бөгөөд харин спортын төрлөөс ширээний теннис сонирхдог. Нөхөр Ху амьдралын эрүүл хэв маягийг мөрддөг, тамхи татдаггүй, архи уудаггүй, хоолны дэглэмийг чанд барьдаг байна. Тэрбээр тийм ч нийцтэй хүн биш боловч дам ярианаас сонсоход маш сайн гэрийн эзэн гэсэн. Урьд нь комсомолын ажлыг хамтдаа эрхэлж байсан эхнэр нь түүнд хүү, охин хоёр төрүүлж өгчээ.
Одоо түүний эхнэр Бээжин хотын барилгын салбар хариуцсан хорооны дарга юм. Харин хүү Ху Хайфэн нь бизнес эрхэлдэг бөгөөд нисэх онгоцны буудлын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Nuctech” компанийн ерөнхийлөгч ажээ. Охин Ху Хайцин нь Мао Даолин гэдэг бизнес эрхлэгчтэй гэрлэсэн бөгөөд одоогоор жирийн нэгэн гэрийн эзэгтэй юм.


Хэдийгээр одоо ажил төрлийн нөр их ачаалал нь нөхөр Худ гэрийн бүлийнхэндээ цаг зав зарцуулах боломж олгохгүй байгаа боловч удахгүй бүх зүйл өөрчлөгдөнө. Учир нь БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох эрхгүй болохоор ирэх жил тэрбээр албан тушаалаа орхих ёстой. Ху Жинтао 2008 онд төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон билээ. Гидротехникийн инженер хүний хувьд тэрбээр Хятад орныг удирдах үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тус улс түргэн хурдацтай эдийн засгийн хөгжлийн явцад учирч болох хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж чадсан. Үүнээс харахад нөхөр Ху аюулыг хэрхэн сөрөх вэ, ямар үед нь түүнийг зүгээр өнгөрүүлэх вэ гэдгийг сайтар мэдэж байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"