sonin.mn

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын буудлагын спортын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир тэргүүтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлж Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал хийв.
1980 онд Герман улсын “Спорт-Техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортын иж бүрэн цогцолбор төвийг байгуулсан. Уг барилгад “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” байрлан шүхэр, мото спорт, буудлагын спорт зэрэг текникийн таван төрлийн сургалтыг явуулдаг. Мэргэжлийн 9 дасгалжуулагчтай тус нийгэмлэгийн цалин, дулаан, цахилгааны зардлыг төрөөс хариуцдаг.  Тус нийгэмлэг оронд нь олимп, тив, дэлхийн медальтнуудын бэлтгэлийг хангаж нэр хүндтэй тамирчдыг төрүүлэн гаргасаар иржээ.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн захирал Б.Алтанцэцэг, “Захиргааны хэргийн шүүхээс Техникийн спортын төвийн барилгыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл сүүлийн үед олон нийтийн байгууллагын өмчийг хувьчилж авахыг санаархаж байгаа хүмүүсийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Тус байгууламж төрийх биш, батлан хамгаалах нийгэмлэгийн өмч байх ёстой” гэлээ.
Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэдгээр мэддэг 2.3 га газартай 1271 м.кав бүхий байгууламжийг Дээд шүүх төрийн өмч хэмээн тогтоожээ. Харин Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийнхэн төрийн нэрээр дээрэм хийж байна  хэмээн эсэргүүцэж байгаа юм.


 
Д.Сарантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг