sonin.mn

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх маш тодорхой байдаг. Тэр нь юу вэ гэвэл ерөнхийдөө боловсролтой сэхээтэн хэсгүүд нь урьдаа гарч хөгжлийнхөө бодлогыг тодорхойлж авч явж улс орон хөгждөг. Үүний хамгийн тодорхой жишээ бол Сингапур байна. 


Одоогоос 40 жилийн өмнө дэлхийн хамгийн ядуу улс байсан Сингапур улс өнөөдөр бүх үзүүлэлтээрээ дэлхийд номерт нэгт жагсаж байна. Сингапурын хөгжлийн нууц нь хамаг хөрөнгө оруулалтаа цементэд биш хүндээ хийсэнд байдаг.


Өөрөөр хэлбэл тус улсад хөрөнгө оруулалтыг цементэд биш хүндээ хийе гэсэн хөдөлгөөн 10 жил явсан байдаг. Үүний ачаар өнөөдөр тус улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсын нэг болж чадсан. Тэгвэл Монгол улс ямар билээ. Өнөөдөр Монголд бизнес хийж, юм хийж бүтээе гэсэн хүмүүсийг хавчин гадуурхах явдал газар авч байна. Бизнесийн салбарынхныг юм л бол хавчин гадуурхаж, аль эсвэл аль нэг уул уурхайг дангаараа эзэмшдэг гэж байнга л харааж зүхэх нь ердийн үзэгдэл болсон. Тэгвэл дэлхийн улс орнуудын жишээг авч үзвэл аль л чадварлаг бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэд нарынхаа хүчээр улс орон нь хөгжиж дэвшсэн байдаг. Энд хамгийн наад зах нь Өмнөд Солонгосын нэрт бизнесмен Ким Ү Жүнийг нэрлэхэд л хангалттай. Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн дэлхийд алдартай Дэү корпорацийг үүсгэн байгуулсан байдаг. Үүнтэй адил жишээ баримт олон бий. Тэгвэл Монголд үүнтэй адил улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө явж байгаа чадварлаг сайн бизнесменүүд бий юу гэвэл бий. 


Тэдгээрийн нэг бол “М-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал юм. Тэрбээр анх бизнесийн шинэ санаа, шийдэл бүхий гурван найзынхаа хамт 1993 онд Урт цагааны умгар өрөөнд ганц ширээ, 4 сандал, нэг бичгийн машинтайгаар компаниа байгуулж байсан. 


Түүнээс хойш тэрбээр бизнесээ өргөжүүлж өдгөө “М-Си-Эс” групп гэгдэх нэгэн томоохон айлыг бий болгосон бөгөөд өдгөө тус групп 7000 орчим ажилтантай, Монгол улсын томоохон компаниудын нэг болсон. Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд үндэсний томоохон компаниудаа аль болох бодлогоор дэмжиж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулсан байдаг. Тэр үүднээсээ өнөөдөр Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжил дэвшлийг гайхан шагширахын оронд үндэсний компаниудаа дэмжиж, тэднийг хөл дээрээ босоход туслах хэрэгтэй байна. Тэрнээс биш төр засгийн зүгээс хувийн хэвшлүүдээ дарамталж, тэд нарыг дэмжих биш, харин хааж боох байдлаар явах нь сайн зүйл хэзээ ч авчирахгүй. Тиймээс түрүүн дурьдсан гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Өмнөд Солонгосын нэрт бизнесмен Ким Ү Жүн шиг ийм хүмүүсийг аль болох дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл аливаа улс орны хөгжил дэвшлийг хувийн хэвшил бий болгодог болохоос авлигажсан төрийн тогтолцоо хэзээ ч бий болгодоггүй гэдгийг дэлхийн түүх нэгэнт батлан харуулсан байдаг. Тийм учраас Монгол Улс богино хугацаанд хурдацтай хөгжие гэвэл маш олон Ким Ү Жүн, Ж.Оджаргалуудтай болох хэрэгтэй. Учир нь тийм бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс олон байжээж энэ улс орны ирээдүй улам илүү баталгаатай болж, хөгжил дэвшил аяндаа ирнэ.  



Э.Солонго