sonin.mn
/Сайн үйлсийн аян/
 
Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан, хилийн цэргийн анги, салбаруудын цахилгааны асуудлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хил, хилчдээ ярихаар л хоолой нь зангирч, нулимс нь асгардаг, өдгөө 77 нас сүүдэр зооглож байгаа азай бууралдаа сэтгэлийн дэм өгөхөөр Дотоод Хэргийн Их Сургуулийн Ахлагчийн Сургуулийн Хилийн албаны тэнхимээс санаачлан хилийн “Офицер”, “Хилчин” бэлтгэх дамжааны сонсогчид, Хилийн 0131 дүгээр ангийн төлөөлөл, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагын академд тус ангиас суралцаж буй сонсогчид хамтран ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч  С.Намжил гуайг зорьсон юм. 
 
 
Зорьсон газар
 
Намрын сүүл сарын шинийн 8-ны билигт сайн өдөр багш нарынхаа хамтаар зуугаад сонсогч ахмад хилчин азай буурлынхаа гэрийг зорилоо. Зорьсон газар Сонгино хайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг Орбитын захад агаад аглаг зэлүүд, хүний хөлөөс зайдуу газар, хөдөө сайхан нутгийг санагдуулах мэт байсан. Гэрт түүний хүү ганцаараа биднийг тосон угтсан бөгөөд азай буурай маань алс холгүй 45 км-т орших дүүгийндээ очихоор явжээ. Багш нар маань ч үүнийг мэдэж байсан. Тийм ч учраас эзгүй хооронд нь эмхэлж цэгцлэх ажлыг эртхэн амжуулахаар хүн бүр дор бүрнээ хийх ажилдаа ханцуй шамлан орцгоолоо. Ная дөхөж яваа, хүн бүлгүй гэхэд Намжил гуайнх нэлээдгүй аж ахуйч, байгальд ээлтэй хөдөлмөрч айл байсан юм. Өвлийн хүлэмжтэй, цэцэг, жимсний мод тариалчихдаг, хэд хэдэн цэцгийн мандал гээд  хөдөлмөрийн үр шим нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ажээ. Аргагүй эрийг нас, уулыг цас дарсан болохоор хүч хүрэхгүй газарт сонсогчид гэр орон, хашаа, хороо, хүлэмж гээд хүн хүрч болох бүх газарт хүрч цэвэрлэхийн сацуу, хэдэн шуудай түлээ, нүүрсийг бэлтгэн, тэргэнцэртэй хүн бууж болох зам довжоог янзалж амжлаа. Мөн ахмад хилчнээ угтаж авах сүү хадаг, идээ будаагаа ч бэлдээд амжсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг гайхалтай байлаа.
 
 
Сэтгэлийн үг
 
“Сайн үйлсийн аян”-ы эзэн Намжил гуайг дүүгийнх нь хамтаар авчирч байгаа хоёр сонсогч ирж буйгаа багш нарт мэдэгдэхэд хилчин дамжааныхан маань түүнийг угтахад бэлдэж, эгнэн жагслаа. Хаалгаар машин орж ирэхэд хилчид маань халуун дулаан алга ташилтаар азай буурлаа угтаж, эдийн дээд хадаг, идээний дээж сүүгээ өргөн барьснаар үйл ажиллагаа эхэлсэн юм. Нүдэндээ нулимстай түүнийг сандалд нь түшиж суулгаад хилийнхээ дууг хамтдаа дуулж, ажиллаж амьдарч байсан ангийнх нь зургийг дурсган, сэтгэлийн дэм болгож дугтуйлсан хэдэн бор төгрөгөө өгсөний дараа сэтгэлийн үгийг нь сонслоо.
 
Бэлтгэл ахлах ахлагч С.Намжил гуай хоолой зангируулан “Хилчид хэзээ ч намайг хаяагүй, үргэлж хамт байсан, үргэлж би та нараар бахархана хэмээн талархснаа илэрхийлэхдээ нулимсаа нууж чадаагүй ээ. Хилчид гэдэг эх орныхоо цохилох зүрх, халуун амь, хаана ч хэзээ ч хилчдийн яруу алдар мандан бадрахын ерөөл өргөж, сайн сайхныг хүсэхдээ сэтгэл нь үнэхээр их хөдөлж байсан. Тэнд байсан хүн бүрийн зүрх сэтгэл хөдөлж, нүдэндээ нулимстай байсныг нуух юун. Зарим нь бүр ихэр татан уйлж байв. Энэ бол сайн сайхан бүхэн хүний сэтгэлийг хөглөж гэрэл гэгээтэй болгодгийн тод жишээ. “Хүн юугаар ч үл дутна гагцхүү сэтгэлээр дутна” хэмээх нэгэн үг цээж дэлдсэнийг нээж гаргав. Үйл ажиллагааны дараа хамтдаа зургаа татуулж, дурсгал болгон өглөө. Сэтгэлийн жаргал, сэтгэлийн амар амгаланг хүнд өгнө гэдэг бол юунаас ч үнэтэй зүйл гэдгийг энэ завсар эргэцүүлж амжлаа.
 
Хормхон зуур хөөрөлдөөд амжив
 
Өдгөө 80 нас дөхөж яваа гэхэд хэл яриа тод, үг хэл цэгцтэй, ануухан харагдана. Ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч С.Намжил гуай Хил хамгаалах байгууллагад 22 жил ажиллажээ. Түүнээс гадна НАХЯ-нд 10-аад жил ажилласан туршлагатай. Анх Овоотын ангиас ажил амьдралынхаа гарааг эхэлж, Хил Хамгаалах Ерөнхий Газарт Барилга Орон Сууцны Хэлтэст хэлтсийн дарга хүртлээ ажиллажээ. Барилга, бүтээн байгуулалтын ажил өргөн дэлгэрээгүй үед буюу 1985 оноос эхлэн Баянхошуунд Хилийн Цэргийн офицеруудын 60 айлын орон сууц, 46 айлын орон сууц барих ажилд 90 гаруй барилгачинтай бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж байсан байна. Мөн түүний нэг гавьяа бол хилийн цэргийн бүх ангиудыг цахилгаан тогтой болгоход хүч хөдөлмөрөө зориулжээ. 
 
Нэгэн түүх
 
Азай буурай маань “Хилийн цэрэгт анх ажилд ороход аккумлятор цэнэглэдэг Л-3 гэж нэг жижигхэн мотор тавьсан чинь хэдэн өрөөний гэрэл асаачихаад дийлдэггүй. Сүүлд нь 20 киловатт, 40 киловатт, бүр 60 киловатт, хамгийн сүүлд Овоотын отрядад 200 киловатт гаргадаг К-200 мотор, отрядыг тэр чигээр нь хангадаг станцууд суурилуулаад л тэтгэвэртээ гарсан даа.  Намайг ажиллаж байх үед машинаа өөрөө барина, цахилгаанаа засна, монтероо хийдэг байлаа. Хүрээгүй газар гэж үгүй. Хилийн бүх отряд, заставаар явлаа. Ингэж хилийн ангиудаар явахдаа онигоо шиг юм ч гарна. Би дизел мэддэггүй. Дизелийн курс  л төгссөн. Харин цахилгааныг мэргэжлийн сургуулийг нь төгссөн. Цахилгаан моторууд ЗХУ-аас захиалж авчираад тараачихсан чинь цэргүүд маань эвдэж хаяад болдоггүй. Дуудлага засвараар байнга хил рүү явна. Эхний нэг, хоёр жил засаад л явахаар хойноос Намжилийн тоос нь алга болоогүй байхад нөгөө мотор нь эвдэрчихдэг гээд л улсууд шуугина. 3 дахь жилээсээ эзэн нь болж, сүүлдээ мэргэшиж, Намжил ирсэн бол найдвартай гэдэг болсон. Хүүхдүүд минь амьдрал бол үргэлж л суралцаж байдаг, суралцсаар л байдаг учиртай. Мэдэхгүй зүйлээсээ ичих биш чадахын төлөө мэдэхийн төлөө мэрийх хэрэгтэй дээ” гэж захисан юм. Хоромхон зуур ч гэсэн тандаа аз жаргалыг мэдрүүлж, сэтгэлийн дэм өгч чадсан бол хилчид баяртай байна. Азай буурайдаа аз жаргал, эрүүл энх, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсье.