Дорнод хил дээр 1936 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд болсон хилийн мөргөлдөөнд оролцсон баатарлаг эх орончдын дурсгалд зориулав
Аливаа үйлсийн анхдагч нь болно гэдэг эрхэм алдар гавьяа, тэр болгон хэн хүнд амархан олддоггүй ховорхон хувь заяа билээ. Чухам үүний учир тэдний гавьяаг үеийн үед дурсч залуус, хойч үе нь мартах учиргүй юм. Тийм гавьяат үйлстний нэг бол Монгол Улсын анхны нисгэгч, Ардын хувьсгалт цэргийн (МАХЦ) байлдааны нисэх отрядын анхны дарга, анхны хурандаа Дэмбэрэлийн Жамбаа юм. Анхны нисгэгчийн хувиар тэр үлгэрт л гардаг төмөр шувуу гэгчийг хөлөглөн хөх тэнгэрт дүүлсэн анхны Монгол хүн төдийгүй эх орныхоо тэнгэрт агаарын замыг анхлан нээснийг, Монгол залуучууддаа нисэх онгоц жолоодох ур ухааныг анхлан зааж сургаж явсныг, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдалд халдсан харийн түрэмгийлэгчдэд агаараас цохилт өгөх байлдааны нислэг хийсэн анхны нисгэгчдийн нэгэн болохыг, мөн цаг төрийн цөвүүнд хэлмэгдэн ид хийж бүтээх 31 насандаа хилсээр хороогдсоныг ч түүх, архивын баримт бэлхнээ гэрчилдэг юм. Тэрээр Монголын МАХЦ-ийн Нисэх бригадын байлдааны нэгдүгээр отрядын дарга, Жанжин штабын шуудангийн тусгай отрядын дарга хүртэл өндөр албан тушаал хашиж, жирийн цэргээс анхны нисгэгч хурандаа цол хүртсэн манай нисэх хүчний ууган дарга нарын нэг байлаа. Шинэ тулгар Монгол Уло нисэх онгоцтой болох хүсэл сонирхол 1924-1925 онд өрнөж ард иргэдийн дунд санаачилга өрнөж, цуглуулж хуримтлуулсан хөрөнгөөр анхны нисэх онгоцоо худалдан авсан, мөн Зөвлөлт холбоот улсаас Монголын Ардын хувьсгалт цэрэгт тусламж болгон бэлэглэсэн “Ю-13”, байлдааны “Р-1" онгоцны анхны цуваа 1925 оны тавдугаар сарын 25-нд хүрэлцэн ирснээр манай нисэх хүчний түүх эхэлсэн түүхтэй. Анхны гурван онгоцон дээр “Хувьсгалт Монгол”, “Хувьсгалт нам”, “Хувьсгалт залуучууд” гэсэн үгсийг бичсэн нь ард түмний хөрөнгөөр бүтээсэн гэсэн утга санааг илэрхийлсэн хэрэг байв. Хөрөнгө хуримтлуулан онгоц худалдан авахын зэрэгцээ тэдгээрийг эх орондоо хүлээн авах бэлтгэлийг ч төр засаг чухалчлан үзжээ. Улаанбаатар хотын зүүн хойд Консулын дэнжид онгоц бууж, хөөрөх талбайг сонгож, цэргийн сургуулийн 14 сурагчийн хүчээр засч тэгшлэн тус сургуулийн хашааны ойролцоо онгоц байрлуулах саравч, байрыг хүртэл бэлтгэжээ. Монгол Ардын хувьсгалт цэрэг /МАХЦ/ -ийн шинэ зэвсэг болох анхны онгоц 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатарт газарджээ. Улан-Үдээс хөөрсөн “Ю-13” тээврийн зориулалттай онгоцыг Зөвлөлтийн нисгэгч АА.Лапин анх жолоодон ирсэн нь энэ. 1925 оны сүүлчээс эхлэн нисэх онгоцны ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн /МХЗЭ/-ийн илгээлтээр шилдэг залуучуудыг сонгож ирүүлсэн байна. Хамгийн түрүүнд А.Содном (хожим нь Цэргийн ерөнхий сургуулийн захирал болсон), Завхан аймгийн хамгаалахын Гүржав, цэрэг Содном, Бүргэд, Нацагдорж, Гэндэнжав, дараа нь Цэргийн дэргэдэх “Жавхланг бадруулагч" үүрээс эвлэлийн гишүүн Д.Лхамжав, Н.Сандуйжав, Х.Шарав, Д.Гэлэгравжаа, бусад үүрээс Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар иржээ. Тэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдаж нисэх онгоцны моторчин, төмрийн дархны мэргэжил эзэмшсэн байна. Эдний дотроос сурлага сахилга, идэвх сонирхол, авьяас чадвараараа шалгарсан Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар Зөвлөлтийн мэргэжилтэн Лозик, А.А.Лалин нарыг хоёр жил шахам дагалдан сургуулилж, байлдааны “Р-1” онгоцны нисгэгчид болсон байна. ЗХУ-аас Монголын Ардын хувьсгалт цэргийн зэвсэглэлд 1925-1927 онд “Р-1” онгоц тавыг шилжүүлжээ. Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа нар 1930 оны тавдугаар сард уг онгоцоор Улаанбаатар-Өндөрхаан- Баянтүмэн-Тамсагбулаг-Улаанбаатар чиглэлд нисч хоёр талдаа 2000 гаруй км урт агаарын замыг анх нээж аялан ниссэн нь ард олонд нисэх онгоцыг сонирхуулан сурталчлахын хамт улс орныг батлан хамгаалах хэтийн зорилготой байлаа. Тэдний энэхүү гавьяа зүтгэлийг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Тэд мөн “Ю-13" онгоцоор алс холын замд чадамгай аялан, Монгол орныхоо нутаг дэвсгэр дээрх агаарын шинэ шинэ замыг нээсэн түүхтэй. ЗХУ-аас 1931 онд худалдан авсан нисэх онгоцуудыг галт тэргээр тээвэрлэн Улан-Үдэд авчирсныг сургагч Жигалин, моторчин Ш.Монгоо, О.Жигжидсүрэн. Т.Шагдар, Т.Лувсанбалдан, Рагчаа нар угсран нислэгт бэлтгэснийг Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа, Б.Батцэрэн нар тэнд нь агаарт шалгаж удалгүй Улаанбаатарт жолоодон авч ирж байсан нь олон улсын нислэгийн замын анхны харгуйг гаргасан эрхэм үйлс байлаа. Монголын анхны нисгэгчид болох дээрх гурван залуу 1930-1932 онд Оренбург хотын маршал К.Е.Воршиловын нэрэмжит нисэхийн сургуульд суралцан “Р-5” онгоцны багш- нисгэгч мэргэжил эзэмшсэн байна. Д.Жамбааг нислэгийн ур чадвар, орос хэлний мэдлэгээрээ бусдаасаа онцгойлон шалгарсан учир тус сургуульд нь багш нисгэгчээр үлдээж Орос залууст онгоц жолоодох эрдмийг зааж сургахын зэрэгцээ тухайн үед Улаан армийн зэвсэглэлд шинээр нэвтэрч байсан “И-3” сөнөөгч онгоцоор чадмаг нисч суралцан мапгагдаж түүхэнд сөнөөгч онгоцны анхны Монгол нисгэгч болон тодорсон байна. МАХЦ-ийн нисэх онгоцны ангийг 1934 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр өргөтгөн Нисэх бригадыг гурван отряд болгон зохион байгуулахад бригадын даргаар Ардын Хувьсгалын партизан Ц.Очир, сургуулийн отрядын даргаар Ч.Шагдарсүрэн, байлдааны нэгдүгээр отрядын даргаар Д.Жамбаа, хоёрдугаар отрядын даргаар Лонжидыг томилсон байна. 1930-аад оны эхээр Япон улсаад Алс Дорнодод явуулж буй түрэмгий үйл ажиллагаа нь улам идэвхжиж 1932 оны гуравдугаар сард Манжуур, Хятадын зүүн хойд нутгийг эзлэн авч “Манж-Го” гэх тоглоомын улсыг байгуулж, түүний нутгийг ЗХУ, Монголын эсрэг байлдааны талбар болгохоор бэлтгэсэн юм. Япон, Манжийн тал 1934 оны дунд үеэс эхлэн Монгол Улсын Дорнод хил дээр удаа дараа өдөөн хатгалга үйлдэж хилийн зөрчил гаргаж эхэлсэн байна. БНМАУ- ын зүүн хязгаарын байдал түгшүүртэй болж ирсэн 1935 оны сүүлчээс нисэх бригадын байлдааны нэг отрядыг Тамсагбулагт шилжүүлэн байршуулжээ. Түүнчлэн Баянтүмэнд онгоц, онгоцны хөдөлгүүр засварлах газрыг байгуулав. Тамсагбулаг, Баянтүмэнд шилжин байрласан манай нисэх хүчний анги салбарууд 1936 оноос эхлэн хил дээр гарч байсан будилаанд газрын цэргийн ангиудтай нягг харилцан ажиллаж, Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалгыг удаа дараа амжилттай няцааж байсан юм. Хил хязгаарын байдал туйлын түгшүүртэй болж ирсэн 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр Цэргийн Явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид зөвлөхийн хамт Баянтүмэнд ирж хил хязгаарыг бэхжүүлэх, хэрэв дайсан томоохон хүчээр довтолбол түүнийг няцаах зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэв. Монгол Улсын эсрэг Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалга 1936 оны гуравдугаар сар гарсаар улам өргөжив. 1936 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагийн үед Япон, Манжийн талаас найман машинтай 200 гаруй цэрэг манай улсын дархан хилийг нэвтрэн “Адаг дулаан”-ы харуул руу довтолсон мэдээ иржээ. Энэ үед зүүн хязгаарт өөрийн биеэр хүрэлцэн очоод байсан Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар 13 цаг 10 минутад тус бүр 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сум бүхий “Р-5” онгоцоо жолоодон Тамсаг булагаас нисэв. Тэд “Адаг дулаан”-ы харуул дээр ирж, дивизийн даргын тушаалыг дамжуулаад цааш нисч дайсны цуваа руу довтолж эхлэв. Халдан ирсэн дайснууд манай нисэх онгоцуудыг үзмэгц цуваагаа задлан талаар нэг тарж өөдөөс пулемёт, винтовоор эсэргүүцэн галлаж гарав. Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар эхлээд дайсны суманд өртөхгүйн тулд 1000 метрийн өндрөөс анхны бөмбөгөө хаясан нь дайсны нэг машиныг оножээ. Манай хоёр “Р-5” онгоц дайралтаа үргэлжлүүлэн бөмбөгдөж дахин нэг машиныг жагсаалаас гаргав. Манай зоригт хоёр нисгэгч дайсны байрлал дээр тус бүрийн онгоцонд тээж явсан бөмбөгөө хаяж дуусгаад үргэлжлүүлэн шумбан дайрч пулемётоороо галлаад даруй дээш цойлон өндөр авч дайсан этгээдийн байрлалыг сайтар ажиглан тогтоогоод дахин дахин эргэн шумбан дайрч байлаа. Дайснууд манай хоёр онгоц руу байгаа хамаг буу, галт хэрэгслээр завсаргүй галласан ч тэр хоёр дахин давтан шумбан дайрч дайсны автомашин хүн хүч рүү галласаар байв. Гэтэл байлдаан эхлээд бүтэн хагас цаг болж байтал нисгэгч Д.Жамбаагийн онгоцны радиаторт сум тусч улмаар хөдөлгүүр нь татгалзсаны учир байлдаанаас гарч, Тамсагбулагаас баруун хойш 10 км газарт аргагүйн буулт хийсэн байна. Цэргийн нисгэгчийн эр зориг, ид хав нь бахдуулсан тэд ур чадвартаа эрдэн хэт доогуур шумбан дайрч дайсны хамаг буу хэрэгслэлийн хараанд өртөж байсан нь тодорхой байна. Ингээд Д.Дэмбэрэл ганцаараа хагас цагийн турш дайралтаа үргэлжлүүлж сум галт хэрэгслээ дуустал нийт хоёр цаг гаруй байлдаад тулаанаас гарчээ. Тэрээр “Адаг дулаан”-ы харуулын даргад дайсны онгоцыг мөрдөн хөөхөө зогсоож, эвдэрсэн машин, хүмүүсийг олзлон авах тухай мэдээ өгөөд буцсан байна. Дайсныг тосч манай газрын хүч мөн хөдөлсөн боловч тэр жил их хүйтэн төдийгүй маш их цас орсон тул зарим газар цасны зузаан нэг метр хүрч байсан нь хуягт машинууд цасанд сууж газраар явахад төвөгтэйн дээр зам будилан “ төөрч тулалдааны талбарт хоцорч ирсэн байна. Ийнхүү дайсны хүчийг хоёрхон нисэх онгоцны хүчээр бут цохисноор байлдаан дуусч дайсны үлдэгдэл хүч хилийн чинад руу ухарчээ. Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа тус тус оногдсоноос өөр хохирол гараагүй бөгөөд ямар их ширүүн тулалдаан болсныг илтгэж байв. Япон, Манжийн талаас дөрвөн машин эвдэрч, 100 шахам хүн алагдаж шархадсан ажээ. Япон, Манжийн цэрэгт цохилт өгч эрэлхэг гавьяа байгуулсан нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нарыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 11 дүгээр тогтоолоор “Байлдааны гавьяаны II зэргийн” одонгоор хөхиүлэн шагнажээ. Японы нисэх онгоцны ажиллагаа гуравдугаар сарын 30-ны өдөр идэвхжиж эхэлсэн боловч онцын хохирол учруулсангүй. “Буландэрс”-ний харуулаас гуравдугаар сарын 31-ний өглөөний 06.00 цагийн орчим Улаантолгой хавиас баруун урагш “Адагдулаан”-ыг чиглэн Япон, Манжийн цэргийн хоёр хэсэг автомашины цуваа хөдөлсөн тухай мэдээ ирэв. Тэр нь 90 шахам машин 1000 гаруй цэрэг, 12 танк, их буу, долоон нисэх онгоцоор дэмжүүлсэн урьдынхаас том хүч байв. Мөн “Адагдулаан”, “Ар шаврын харуул”-аас дайсны ихээхэн хүч ирж буй тухай мэдээ ирж эхэлжээ. Дайсны цуваа “Адагдулаан”-ы харуулыг чиглэн хөдөлсөн тухай мэдээг хүлээн авсан. Бүх цэргийн жанжин Г.Дэмид түүнийг тосч байлдах шийдвэр гаргаж, зургаадугаар морьт дивизэд, нисэх онгоцны нэгдсэн отряд, Матадад байрлаж байсан моторжуулсан отрядын дарга нарт зохих тушаал өгөв. Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаал ёсоор А.В.Судец, Д.Жамбаа нарын жолоодсон “Р-5” онгоц Тамсагбулагаас хөөрөв. Д.Дэмбэрэлийн онгоцыг тагнах, холбоо барих үүрэгтэйгээр үлдээжээ. Япон, Манжийн тал дөрвөн онгоцоор “Адаг дулаан”-ы харуулыг бөмбөгдөж, улмаар эзлэн авсан байжээ. А.В.Судец, Д.Жамбаа нар замдаа 1000 метрийн өндрөөс дайсны хүчийг тагнавал “Адаг дулаан”-ы харуулын дэргэдэх өндөрлөгийн бэлд 60-70 машин байв. Тамсагбулаг-аас ниссэн В.А.Судец, Д.Жамбаа нарын хоёр ширхэг “Р-5” онгоц цаг хагасын дараа “Баянтүмэн” ниссэн эскадрилийг тосон авч нийлэн “Адагдулаан”-ыг чиглэн нисчээ. Нисэх бригадын сургагч В.А.Судец дайсны хүчийг тагнаж үзээд 1200 метр өндрөөс бүх онгоцны хүчээр бөмбөгдөж, дараа нь пулемётын галаар шумбан дайрах шийдвэр гаргаж есөн удаагийн дайралтыг амжилттай хийсний үр дүнд дайсанд багагуй хохирол учруулжээ. Манай нисэх онгоцнуудын нэлээд нь буудлагын зэвсгийн галд өртсөнөөс гэмтэл авч байлдаанаас гарсан байна. Энэ агаарын дайралтад нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн, хянагч Өлзийбат, Филь, Новосильцев нар шархаджээ. Дайсны бүлэглэл манай нисэх онгоцны дайралтад өртөж багагүй хохирол үзсэн бөгөөд байлдааны журам нь алдагдаж эмх замбараагүй тарж бутарсан байна. Энэ байлдаанд дайсны хүчийг бут цохиж ухраахад манай нисэх онгоцууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол, Зөвлөлтийн нисгэгчид эрэлхэгээр байлдсан юм. Нисэх онгоцны дайралт төгссөний дараахан нь байлдаан болж буй газарт Тамсагбулагаас хөдөлсөн маневрын групп ирж дайралтад оров. Сэрээтэр даргатай хуягт сумангийнхны дайралтад дайсны хоёр танк өртөж жагсаалаас гарчээ. Маневрын группийн бүрэлдэхүүн цасанд суух, машины ус халах зэргээр саатан цувааны журам сунжирснаас нэгэн зэрэг байлдаанд орж чадаагүй байна. Хуягт сумангийн хойноос Зөвлөлтийн пулемётын отряд ирж хуягтуудын хамт дайсны явган цэргийн эсрэг атакт оров. Энэ үеэр манай нэг хуягт жагсаалаас гарч машины дарга Намсрай, наводчик Гочоо, жолооч Ядамсүрэн нар баатарлагаар байлдан амь үрэгджээ. Удалгүй моторжуулсан суман, их буунууд ирж байлдаанд оров. Дайсны сөнөөл болон бөмбөгдөгч онгоцнууд маневрын группийн эсрэг дайрч бөмбөгдөж газрын цэргээ хамгаалж байв. Гэвч эдгээр дайралтууд нь онцын хохирол учруулаагүй байна. Нисэх онгоц болон маневрын группийн цохилтоос багагүй хохирол үзсэн дайсан ухарч эхэлжээ. Орой болж байлдааны ажиллагаа түр зогсон “Адагдулаан”-ы харуул өөрийн хуучин байрлалаа эзлэн авав. Дайсан дөрөвдүгээр сарын 1-нд нисэх онгоцны ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн боловч газрын цэрэг нь дахиж дайралт хийсэнгүй. Матадаас хөдөлсөн моторжуулсан отряд 31-ний өдрийн байлдаанд оролцсонгүй харин дөрөвдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Японы нисэх онгоцуудын дайралтад хэд хэдэн удаа өртсөн боловч онцын хохирол үзээгүй байна. Монголын Ардын хувьсгалт цэргийн нисэх бригадын хувьд 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр болсон энэ байлдаан анх удаагийн томоохон байлдаан болсон бөгөөд бэлэн байдал, байлдах ур чадварыг нь шалгасан бас нэгэн сорилт болов. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хил хязгаарт халдан довтолсон дайсантай эрэлхэг зориг гарган байлдаж гавьяа байгуулсан Монгол Ардын хувьсгалт цэргийн олон арван дарга, цэргийг төр засаг өндөр үнэлж сайшаан урамшуулжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор “Дайсан этгээдэд туйлын хатуу цохилтыг өгч цаг тухай дор няцаан устгаж чадсаны дээр өөрийн улсын тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт үндсэн газар нутгаа хатуу чийргээр хамгаалж Монгол Улсын эртний үеийн эрэлхэг түүхт байлдааны их сүр хөгжлийг дайсны өмнө ил тодорхойгоор үзүүлж чадсан” учир хоёрдугаар морьт корпусын агаарын отрядын штабын дарга нисгэгч Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын агаарын зоригт баатар” цол, нисэх хүчний нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэнд “Улсын эрхэм нисгэгч” цол олгож, Улаан тугийн гуравдугаар зэргийн, нисэх бригадын сургагч В.А.Судецийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнажээ. Монголын Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчин оролцсон 1936 оны байлдаан нь манай нисэх хүчний түүхэнд анхны томоохон агаарын тулалдаан болсон ба нисэх хүчин сургалт бэлтгэл, байлдах чадвараа ямар төвшинд байгааг мэдэх, харьцуулж үзэх том шалгалт болсон байна. Энэ байлдаанаар газрын цэрэгтэй тэмцэх талаар багагүй туршлага олж авсан бөгөөд байлдах арга тактикийг цаашид улам боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлж бас өөрийн сул талыг мэдэж авснаараа ихээхэн сургамжтай болсон юм. 1935-1937 оны үед манай улсын зүүн хил хязгаарын байдал түгшүүртэй байсантай зэрэгцэн Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан байна. Хүмүүсийг голдуу “Японы тагнуул” хэмээн хэлмэгдүүлж байжээ. Энэ их хэлмэгдүүлэлтээр тэр үеийн Монголын сор болсон гайхамшигт сэхээтнүүд, салбар салбарын анхдагчид хилс хэрэгт гүтгэгдэж баривчлагдан шийтгүүлж, олонх нь цаазаар авахуулсан нь нийт насанд хүрсэн эрчүүдийн 15 хувийг хамруулсан эмгэнэлт түүх юм. МАХЦ түүний дотор Монголын нисэх хүчний нийт бүрэлдэхүүн, боловсон хүчинд айхтар цохилт өгч ЗХУ-д болон дотооддоо олон жилийн турш өндөр үнээр бэлтгэгдсэн, дайн байлдааны туршлагатай, нислэгийн ур чадварыг гоц эзэмшсэн олон арван нисгэгч, техникч, албан хаагчид, авьяаслаг дарга нарыг олноор хэлмэгдүүлсэн юм. Монголын нисэх хүчний албан хаагчдыг улс төрийн талаар хэлмэгдүүлж шууд баривчлах, бусдын мэдүүлгээр нэр илэрсэн хэмээн ял тулгах, өөрийгөө илчлэх тушаал тулган хэрэг хүлээлгэх, урьдчилан судлаад улс төрийн найдваргүй этгээд гаж ажлаас халах, баривчлах, нисэх онгоцыг гэмтээж эвдэх буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан гэх гүжир ял тулгах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байсан нь туйлын жигшүүртэй. Монголын нисэх хүчнээс 115 хүн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 47 хүнийг баривчилж, янз бүрийн шалтгаанаар 71 хүнийг ажлаас нь халсан байна. Эдгээрийн дотор анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, нисэх бригадын анхны комиссар Д.Бадамхатан /маршал Г.Дэмидийн садан/, Улаан тугийн одонт нисгэгч Р.Самдан, нисэхийн анхны техникчдийн нэг Л.Дамдин, анхны хянагчдын нэг П.Цэдэв зэрэг алдар цуутай хүмүүс, нисэх отрядын дарга Ч.Санжжав, С.Гомбо, нисэх сургуулийн захирал Б.Чоймбол, эскадрилийн дарга Ж.Дашдаваа, хэсгийн дарга Т.Төмөр, нисэх эскадрилийн байлдааны ангийн дарга Г.Дорж, зэвсэглэл албаны дарга Ц.Буджав, нисгэгч Т.Дамбий, Д.Жамц, Д.Жүгдэр, техникч Д.Мэнд, Б.Сэнгэдоо нарын зэрэг гэм зэмгүй удирдах болон дунд тушаалын дарга нар, нисгэгч, нисэхийн техникийн ажилтнууд хэлмэгдэн хохирчээ. Ийнхүү МАХЦ, Монголын нисэх хүчний боловсон хүчнийг олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны болон улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, сахилга батад муугаар нөлөөлж, Монгол Улсын цэргийн боловсон хүчнийг бэлтгэх талаар явуулж байсан бодлогод хүнд цохилт болсон юм.
ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, бэлтгэл хурандаа, докторант Т.БАТЖАРГАЛ
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл0
Pa
Эх орныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан зоригт шонхруудаа гавьяагийн үнэлж Улсын баатар цолоор нэхэн шагнах хэрэгтэй. Залуу үедээ эх оронч үзлийг сурталчлах шаардлагатай
Эх орныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан зоригт шонхруудаа гавьяагийн үнэлж Улсын баатар цолоор нэхэн шагнах хэрэгтэй. Залуу үедээ эх оронч үзлийг сурталчлах шаардлагатай
Эх орныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан зоригт шонхруудаа гавьяагийн үнэлж Улсын баатар цолоор нэхэн шагнах хэрэгтэй. Залуу үедээ эх оронч үзлийг сурталчлах шаардлагатай
Энэ баатруудаа нэхэн шагнаж үр хүүхдийг нь баярлуулж, хойч үедээ алдрыг нь дуурсгах ажлыг хийх хэрэгтэй байна, хэлмэгдсэн гэж бодохоор яс янгинам... Энийг тэрлэсэн бэлтгэл хурандаад баярлалаа, энэ бол сайн үйлсийн эхлэл шүү, үргэлжлэлийг тэсэн ядан хүлээнэ