
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 1 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тавдугаар сарын 9-нд Москвад хүрэлцэн очихгүй байхаар шийдвэрлэжээ. Тэрбээр Дэлхийн II дайнд Германыг ялсны 80 жилийн ойн баярын ёслолд оролцохыг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгыг хүлээж аваагүй гэдгийг Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр мэдээлсэн байна.
Н.Моди дөрөвдүгээр сарын эхээр албан ёсоор урилга хүлээн авсан боловч "ирэхгүй" гэж Д.Песков хэлжээ. "Энэтхэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ, гэхдээ дээд түвшний төлөөлөгчид биш" гэж тэрбээр хэлээд Энэтхэгийн Ерөнхий сайд ирэхээс татгалзсан шалтгааныг тодорхой дурдаагүй байна.
Дэлхийн 20 улсын удирдагч Москвад ирнэ
Кремлийн төлөөлөгч мөн Ялалтын парадад Хятадын дарга Ши Жиньпин хүрэлцэн ирнэ гэдгийг мэдээлжээ. Москвад хийх түүний айлчлалд "маш их ач холбогдол өгч, бэлтгэлийг хангаж байна" гэж Д.Песков хэлсэн байна.
Н.Моди Ялалтын баяраар Москвад ирэх урилгыг хүлээн авч магадгүй гэж ТАСС агентлаг өмнө нь мэдээлж байв. Үүнээс гадна, Улаан талбайд болох парадад Энэтхэгийн цэргийн албан хаагчдыг оролцуулах асуудлыг хэлэлцсэн гэж тус агентлаг мэдээлжээ.
“The Moscow Times” сонины цахим хуудсанд бичсэнээр, тавдугаар сарын 9-ны өдөр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Венесуэлийн удирдагч Николас Мадуро, Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зэрэг 20 орны удирдагчид Москвад ирэх төлөвтэй байна. Мөн Умард Солонгосын цэргүүд парадад анх удаа оролцоно гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Энэ 7 сард Энэтхэгийн ерөнхийлөгч Н.Модигийн албан ёсны урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Энэтхэгт албан ёсны айлчлал хийнэ,
наренда моди орсын 27 сая амиа өгсөн иргэдийн дурсгалыг хүндэтгэж ирэхгүй бол ПУТИН юу шэж очих вэ хоёр дугаар дайнтай холбоогүй өнгөрсөн юм байлгүй