sonin.mn
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ: "Монгол улс нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогыг 2016 онд батлаж, 2020, 2025 онд хоер үед шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг бөгөөд өнгөрсөн онд эхний үе шат дууссан байна. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн статистик үзүүлэлтээс харахад энэхүү бодлого төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоо, түвшин буурсан, ажиллах хүчнээс гадуур тооцогдож байгаа эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Зөвхөн хүүхэд, өндөр настан асарч буй шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эмэгтэйчуүд 2015 онд 91,334 байсан бол 2020 оны байдлаар 140,531 болж өслөө, цаашид ч өсөх хандлагатай байна Эмэгтэйчүүдийн оролцооны түвшин мөн онуудад 55.4%-53.4%, хөдөлмөр эрхлэлт 51.7%-48.7% болж 1 буурсан байна.
 
Нөгөө талаас, ажил хөдөлмөр хийх хэрэгцээ шаардлага байгаа хэдий ч хүүхэд харах хүнгүй, ажлын цаг уян хатан бус, ажлын байрнаас удаан хугацаагаар хөндийрсөн тул хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаа зэрэг олон асуудал бэрхшээл байгааг Цахим судалгааны дүн харуулж байна.
 
Иймд НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцэд нэгдэн орж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах үүрэг хүлээсэн, амлалт өгсөн улс орны хувьд дараахи арга хэмжээ даруй авахыг шаардаж байна. Үүнд:
1. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын эхний үе шат 2020 онд дууссантай холбогдуулан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдпагын тухай хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу энэхүү бодлогын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, гарсан үр дүнгийн тухай УИХ-аар хэлэлцэж, дүгнэх, нийтэд мэдээллэх
2. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хангагдаагүй, эдийн засгийн оролцоо хангалттүй байгаа тул “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргах талаар Засгийн Газарт чиглэл өгөх
3. "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр“-ийг хэрэгжүүлэх хүний нөөц, төсөв санхүүг оновчтой төлөвлөх Ажлын хэсэг гаргах" гэсэн байв.