sonin.mn

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед Ардчилсан намаас Америкийн “DCI” гэх лобби фирмтэй 50 мянган долларын гэрээ байгуулсан нь хоёр долоо хоногийн өмнө ил болсон. Улмаар тухай бүрт 100 мянган доллар төлж хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг худалдан авах зорилготой бөгөөд түүнийгээ ч биелүүлж Монгол Улсын дотоод үйл явдлыг мушгин гуйвуулсан мэдээллийг олон улсад цацах оролдлогууд нь баримттайгаа гарч ирсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн эх сурвалжтай тэдгээр мэдээлэлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг парламентаар хэлэлцэн хүлээн авсан асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан” зэргээр илт гуйвуулсан байсан юм. Тэгвэл энэ худал мэдээллийг яг тэр чигээр нь дурьдан АНУ-ын сенатын хоёр гишүүн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд хандан захидал бичжээ.

 

 

Сенатын гишүүд илт хуурамч мэдээллийг эш татан ийнхүү бичсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын дотоод асуудлын талаарх мэдээллийг нягтлалгүй ийнхүү явуулж байгаа нь тэдний хувийн санаачлагын гэхээс илүүтэй бэлдэж өгсөн мэдээлэл, зориудын явуулга байх магадлалтай юм. 

 

Учир нь Ардчилсан намаас Америкийн “DCI” лобби фирмтэй хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд хэвлэл, мэдээллийг худалдан авах болон бусад улстөрийн лобби үйл ажиллагаа явуулна зэргээр дурьдсан байна. Түүнчлэн “DCI” фирм нь Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад удаа дараа ажиллаж иржээ. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 380 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр  нь уг ажлаасаа халагдаж байв. Ер нь энэ компани нь АНУ-ын Бүгд найрамдах намтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд дээрх худал мэдээлэл бүхий бичгийг гаргасан сенатын хоёр гишүүн нь тус намын гишүүд юм. Тиймээс урьдын холбоогоо ашиглан ийнхүү үйл ажиллагаа явуулж байхыг үгүйсгэх аргагүй. Мөн энэ бичигт нь Төрийн нарийн бичгийн даргын зүгээс хариу ирүүлээгүй байгаа бөгөөд тэдний хувьд уг мэдээллийг нягтлан шалгах нь гарцаагүй. 

 

 

 

“DCI” фирм нь бохир технологи ашиглан сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлдөг, Мьянмар зэрэг гадаад улс орны дотоод асуудалд оролцож, цэргийн дэглэм хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллаж ирсэн зэргээс харвал Монгол Улсад ч энэхүү үйл ажиллагаагаа давтан явуулж байна гэж харагдаж байна.

 

 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын талын АН-ынхан гэгдэх хүмүүс саяханаас улс төрийн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Мөн тэдний зүгээс нэг намын дарангуйллын эсрэг гэх нийгмийг айдаст автуулах PR-ийн сурталчилгааг хэдий нь хийж эхлээд байгаа ба иргэдийг жагсаал цуглаанд уриалах хэд хэдэн удаагын үйлдэл гаргаад байгаа юм. АН-ын зүгээс явуулж байгаа эдгээр үйлдлүүд нь DCI-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэж байгаа кампанит ажлууд байх өндөр магадлалтай байна.Улс орныхоо дотоод үйл явдлыг мушгин гуйвуулж, олон улсын тавцанд нэр хүндийг нь унагаж, цаашлаад гадны улстөрийн нөлөөллийг дотоод хэрэгтээ хутган оролцуулж байгаа энэ үйл ажиллагааг Ардчилсан нам өөрөө гэрээлж, Монгол Улсын Ерөнхийлөгч захиалан явуулж, хагалан бутаргаж байгаа нь харамсалтай. 

 

Ч.Явуу