sonin.mn
Монгол цэргийн түүхийн нэг сонирхолтой өнцөг бол Зэвсэгт хүчин дэх цэргийн лам нарын асуудал юм. Монгол оронд бөө мөргөл, буддын шашин дэлгэрсэн тэр цагаас эхлээд цэрэг шашин хоёр ямар нэгэн хэмжээгээр байнга холбогдож түүхийн урт хугацааг туулж иржээ. Дэлхийг эзэлсэн монгол цэргийн ялалтын гайхамшиг нь эх орон, газар нутгаа гэх сэтгэл, үндэстний орших эс оршихуйн тэмцэл, дотоод сэтгэлийн мөн чанар, ааг омог, итгэл үнэмшил билээ. Үүнийг хөгжөөгч нь эд баялаг, алт эрдэнэс бус харин шашин, бөө мөргөл гэдэг нь гарцаагүй мөн. Төрт улс үүсэн бий болсон цагаас эхлэн бөө мөргөл болоод бусад шашинг нийгмээрээ шүтэх болсон бөгөөд энэ хэрээр цэргийн хэрэгт тусгалаа олжээ.
 
 
 
Төрийн их зайран бөө, удгад, буддын шашин дэлгэрсэн сүүл үед лам, хутагт хувилгаад нар монгол цэрэг эрсийн дунд цэрэг-шашны янз бүрийн зан үйлийг үйлдэн сургаал номлолоо айлдаж байсан бөгөөд тэд нэг ёсондоо цэрэг эрсийн сэтгэл зүйч, ёс суртахууныг номлогч, тахилч, мэрэг төлөгч, зоригжуулан дайчлагч, ялалтын охь булаг болох зэрэг олон үүрэг гүйцэтгэж байжээ.
 
 
 
Монгол цэргүүд бүр эрт дээр үед дайн байлдаанд мордохдоо нар сар, тэнгэр од, онгоноо тахин шүтэж, уул овоондоо ялалт хийморио даатган, их хар сүлдээ амилуулан авч явдаг уламжлалтай байсныг баатарлаг туульсад олонтаа дүрслэн өгүүлсэн байдаг. Энэ нь монгол цэргийн шашин шүтлэгийн түүхэн уламжлал маш эртний улбаатайг гэрчилнэ. Эдгээр нь монгол цэрэг ба бөөгийн шашин хоорондоо шүтэн барилдаж, монгол цэргийн ялалт амжилтад бөөгийн шашин багагүй нөлөө үзүүлдэг байсан хэрэг. Өөрөөр хэлбэл их Монгол Улсын цэргийн гайхамшигт ялалт амжилтын нэг үндэс нь тэдний оюун санааны асар их эрч хүч, нэгдмэл цул байдал, итгэл үнэмшил, сэтгэл зүй, ёс суртахууны эрхэм дээд чанар байсан бөгөөд энэ бүхнийг тэтгэн тэжээгч гол үндэс нь бөө мөргөл байсан нь тодорхой юм.
XVI зууны үеэс бөө мөргөл буддын шашинд шахагдан буддын шашин нийгмийн бүхий л давхаргад нэвт шингэн уусаж, тэр дундаа монгол цэргийн үйл хэрэгт гүн ул мөрөө үлдээсэн. Буддын шашин манай улсад дэлгэрснээр хуучны монгол цэргийн уламжлалт баатарлаг эр зориг хүлцэнгүй ноомой зангаар солигдож, аливаа амьтны амь таслах нь нүгэл хэмээн сургаж илд агсамж дархлагчид нь бурхан урлаачид болон хувирсан гашуун түүхтэй. Буддын шашин хэдийгээр монголчуудыг хүлцэнгүй сул дорой болгосон ч гэсэн монголчуудын хувьсгал хийх оюун санааны чиглүүлэгч тойрон хүрээлэн нягтралын нэг үндэс болж өгчээ.
Энэ үйл явц нь XX зуун гараад улам бүр тодоор илэрсэн юм. Манж Чин гүрний нөлөөнд байсан монголчууд XX зуун гараад тусгаар тогтнолын төлөө хэдийнэ сэтгэл шулуудсан бөгөөд VIII Богд Живзундамба хутагтыг тойрон хүрээлэн 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлэн төрт улсаа сэргээн мандуулсан билээ. Ийнхүү Монгол оронд шашин төрийг хослон баригч Богд гэгээний удирдлага дор үндэсний цэргээ сэргээн байгуулах их үйл эхэлжээ.
 
 
 
Богд хаант Монгол Улс анхны таван яамаа байгуулсны нэг нь Цэргийн яам байсан бөгөөд энэ мөчөөс эхлэн шашин цэрэг хоёр хамгийн идэвхтэйгээр холбогдсон юм. Цэргийн бүхий л үйл хэрэгт шашин ямар нэгэн байдлаар бат гүн шингэсэн нь тодорхой харагддаг. Цэргийн дээд удирдлага нь яндагтан мяндагтан, хутагт хувилгаад байж, цэрэгт лам нарын гүйцэтгэх үүрэг ч нэмэгдэх болжээ.
 
 
 
Тухайлбал хутагт хувилгаад нь цэрэг захирсан жанжид болж аян дайнд явах, чойжин лам нар их цэргийг даган хил хязгаарт дайн тулааны талбарт хүрч очих, олон цэрэг эрсийн сүлд хийморийг сэргээн, амь насыг аврах, сэтгэлийн омог хүчийг нь бадраах ном хурж, сахиус тараах, шашны зан үйлийг үйлдэж байв. Тэрчлэн цэргийн хүрээнд туг тахих, мэргэ төлгө буулгах, чойжин буух, сор залах зэрэг зан үйлийг үйлддэг байснаас гадна цэргүүд орой болгон тоо хийж дууссаны дараа нийтээрээ ном хурдаг байжээ. Богд хааны зарлигаар 1911 оноос Буддын шашны догшин чойжин сахиус Жамсран бурханыг Цэргийн яамны шүтээн болгон залсан байна. Энэ сахиус нь буддын шашны чойжин сахиус дотроос ер бусын хүч чадал, ид шидтэйн дээр гартаа илд, нум сум зэрэг зэр зэвсэг агсан, биедээ хөө хуяг өмссөн, сугандаа туг хавчуулж маш олон цэрэг эрсээр хүрээлэгдсэн баатар жанжны дүртэй, эрт цагаас Монголын богд, ихэс дээдсүүдийн болж байсан учир түүнийг ийнхүү Цэргийн яамны бурхан болгон залсан гэдэг. Мөн Хүрээний Баянзүрх хайрханыг Цэргийн яамны тахилгат уул болгон 1911-1928 он хүртэл бүх цэргийн жанжин тугийн хамт тайж байлаа.
 
Тэрчлэн Олноо өргөгдсөн Монгол Улсын үед цэргийн туг, хувцсан дээр буддын шашны билгэдэл дүрс, тарни үсгийг дүрслэн бичиж байсан агаад эдгээр нь цэрэг эрсийн сүлд хийморийг бадраах, аюул довтолгооноос аврах, цэргийн хүчийг бадруулахад чиглэгдэж байв. Тухайлбал, Цэргийн яамны туг нь шар өнгөтэй, дундаа соёмбо үсэгтэй, дээд талд нь Ламаадангомбо, дараа нь Санжаадансран, Лүймүддогшин зэрэг төвөд үсэгтэй, улаан өнгийн гурван хэлэн дээр нь ум, аа, хум үсэгтэй байжээ. Цэргүүдийг хил хязгаарт дайн байлдаанд явахад Богд хаан тусгай элч зарж идээ, захиа, адис сахиус зэргийг олон цэрэгт хүргүүлдэг байсан ба энэ нь тэдний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, урам зоригийг нь сэргээж, Богд гэгээнээс хүртсэн адис, сахиуст бишрэн шүтэж байлдах эрч хүч нь дээшилдэг байв. Жишээ нь, 1913 оны 7 дугаар сард Богд хааны зарлигаар Өвөрмонголд байлдаж явсан дарга, цэрэг нарт чинадын дайсныг дарах хүрд дөрвийг явуулж байсан бол 1914 онд мөн цэргүүдэд 400 ширхэг сахиус явуулж байжээ. Ардын хувьсгал эхлэх үед жанжин Д.Сүхбаатар журамт цэргийг анх байгуулахдаа цэргийн лам хэмээх албан тушаалыг 1921 оны 2 дугаар сард бий болюн цэргийн ламд Ц.Хасбаатарыг томилж, улмаар 3 дугаар сард болсон томилгоогоор Ц.Хасбаатар нэгэн хорооны дарга болсон юм. Энэ нь эртний уламжлал зан үйлийн үргэлжлэл бөгөөд Хиагтыг чөлөөлөхөөс өмнө цэргүүдийн ялан дийлэх үндсийг хөгжөөсөн үйл явдал болсон юм.
 
 
 
Монгол оронд 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялж, Ардын засаг тогтон Богд хааны төрийн эрхийг хязгаарлаж хэмжээт эрхт хаанд өргөмжилж, 1924 оноос төр шашны хэргийг тусгаарлаж, уламжлалт буддын шашныг нийгмийн амьдралын бүх хүрээнээс шахан зайлуулах үйл явц өрнөсөн билээ. Гэвч олон арван жилийн турш хэвшин тогтсон итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг хүмүүсийн оюун санаанаас арчиж хаяхад багагүй хугацаа шаардсан юм.
 
 
 
 
Ц.Хасбаатараас хойш Ардын журамт цэрэгт цэргийн лам томилогдолгүй байсаар хэсэг хугацаа өнгөрсөн ч Нийслэл Хүрээг чөлөөлсний дараа байнгын Засгийн газар байгуулагдахын хамт Бүх цэргийн лам хэмээх шинэ албан тушаалыг бий болгож, түүнд урьд нь дайн байлдаанд оролцож цэрэг даан явсан цорж мяндагтай чойжин лам Д.Лосолыг томилон ажиллуулсан байна. Тухайн үед Засгийн газраас Цэргийн явдлын яам, түүний харьяа ангиудын орон тоог батлан мөрдүүлж байсан бөгөөд 1922, 1923, 1924 оны орон тоогоор Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Штабын даргын дараа “Бүх цэргийн лам” дэслэгдэн бичигдэж, түүнд 75 лангийн цалин төсөвлөж байсан нь тэрээр тухайн үедээ цэргийн удирдах бүрэлдэхүүнд албан ёсоор орж байсныг илтгэнэ.
 
Д.Лосолоос хойш цэргийн лам хэмээх албан тушаалд дахиж хүн томилогдолгүй явсаар 1925 оноос Бүх цэргийн ламын орон тоог танав. Энэ нь МАН, Ардын Засгийн газраас улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар баримталж байсан бодлоготой холбоотой, нөгөө талаар хэмжээт эрхт хаант засаг үгүй болж Бүгд найрамдах засагт шилжсэнтэй холбоотой юм. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн улмаас лам нарыг Зэвсэгт хүчнээс шахан гаргаж, тэр ч бүү хэл аливаа шашны асуудал тархахаас сэргийлж цэрэгт лам нарыг элсүүлэхийг 1930-д оноос эхлэн хориглосон ч шинээр ирэгсдийн ихэнх нь сүсэг бишрэлтэй, бараг 50-60 хувь нь хүзүүндээ сахиус зангиатай, маань унших эрхтэй ирдэг байсан тухай ахмад дайчид дурдатгалдаа бичиж үлдээсэн байдаг. Үүнээс хойш МАХЦ, МАА-д цэргийн лам хэмэсг “орон тоо” үгүй болж Марксизм, Лөнинизмын үзэл санаа дээр тулгуурлан цэргүүдийн оюун бодолд нөлөөлж иржээ. Социализмын үед аливаа бурхан шашны үйл нь хориотой байсаар 1990 он гарсан ч ардчилсан нийгэмд энэ асуудал орхигдсон хэвээр үлджээ. Шинжлэх ухаан, технологийн энэ эрин үед цэргийн лам байх эсэх дээр маргаан гарсаар буй.
Шашны номлол сургаал нь мухар сүсэг мэт ойлгогдох авч шашны зан үйлээр дамжуулан цэрэг эрсийн өөрөө өөртөө итгэл итгэл, эх орон, газар нутгаа гэх сэтгэл зүрх, ухаан санаа, оюун бодлыг хурцлан дайснаа дарах хүч чадал хайрладаг тийм нэг оюун санааны аврал юм. Шашны талаарх хүний үзэл санааг хүчээр өөрчлөх боломжгүй бөгөөд энэ эргээд тэмцэл зөрчилдөөнд хүргэдэг тул зөв бодлогоор чиглүүлэх нь цорын ганц зөв шийдэл болно. Цаашид энэ асуудлаар олон нийтийн санаа бодлыг сонсож, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх, судалгаа, санал асуулга авах гэх мэтээр олон ажил хүлээгдэж байна.
 
 
Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин