сонин mn
Цар тахлаас шалтгаалан нам жим байсан урлагийн салбар хөдөлгөөнд орж эхэллээ. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалт намжихгүй байгаа ч тэд шинэ улирлын нээлтээ хийхээр хэдийнэ ажилдаа оржээ. Манай улсын урлагийн байгууллагуудын хувьд ч эртнээс төлөвлөсөн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Цар тахлын үед урлагийн байгууллагууд хэсэг хугацаанд үүдээ хааж, зарим нь цахим хэлбэрээр уран бүтээлээ хүргэсээр байсан юм. Монголоос дэлхийн сонгодог урлагийн тавцанд цойлон гарсан баритонууд шинэ уран бүтээлийн мэдээ дуулгаж байна. Тэдний зарим нь аль хэдийнэ тайзнаа гарчээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд алдарт Мариинский театраас мэндчиллээ.
 
 
Түүхэн театрын 239 дэх улирлын нээлтэд тэрбээр бэлтгэж буйгаа дуулгасан юм. Шинэ улирлын тоглолтоо Ж.Вердийн “Аида” дууриар нээсэн байна. Харин энэхүү дуурийн Амонасро-н дүрийг “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар бүтээх нь.
 
 
Тэрбээр мөн энэ сарын 18-нд Ж.Вердийн “Бал Маскарад” дуурьт Ренато-ын дүрийг театртаа анх удаа бүтээхээр бэлтгэлээ хийж, сэтгэл догдлон хүлээж байгаагаа дурдсан байлаа. 150 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болсон “Аида” дуурь монголчуудын хувьд шинэ танил биш. Учир нь, энэхүү бүтээлийг өдгөөгөөс 10 жилийн өмнө Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа олны хүртээл болгосон юм. Энэхүү дуурийг театрын тавилтын стилиэрээ сүрлэг тайз засалт, цог жавхлантай жагсаал, хүчирхэг ансамблиудаас бүрдсэн. Гял цал сэтгэгдэл төрүүлэх сүрлэг чимэглэл бус, харин том хэмжээний гол цөмийн нэгдэл бүхий дуурийн стиль бөгөөд утга уянгын сэтгэцтэй үзэгдлүүдээс хөгжмийн гүн гүнзгий илэрхийллийн биеллийг шингээсэн бүтээл хэмээн тодорхойлдог юм.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин