sonin.mn
Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаараа хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд комедиан Д.Амартүвшин: "Аж ахуйн нэгжүүд цагийн хязгаарлалттай  иргэдэд үйлчилж байгаагаас болж, маш хүнд байдалд ороод байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэрт хэдэн зуун мянган хүн явж байна. Гэтэл оройдоо 30-50 хүн ордог баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаагийнхан бөөнөөрөө хүрч ирээд дарамталдаг болчихлоо. Үүнээс болоод орон байрны архидалт гэдэг зүйл утгаа алдлаа. Орой болгон байрны гадаа цагдаагийн машин ирээд нэг хүн авч яваад, зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгож байна.
 
 
Хүмүүс яг уудаг газраа биш, эхнэрийнхээ, хүүхдийнхээ хажууд, хутганыхаа хажууд архи ууж эхэлж байна.Мөн маш олон газар нууцаар ажиллаж эхэлж байна. Нууцаар ажиллаж байгаа газарт мэдээж ямар нэг хэрэг төвөг болоход  мөн л бүгдийг нь нууж хааж байна. Яагаад гэвэл тэр газрууд мөнгө олох хэрэгтэй байна. Өрөө дарах ёстой. 
 
 
Хоёр жилийн хугацаанд хаалттай байсан учраас тэр хугацааныхаа өрөө дарах, түрээсээ төлөх шаардлагатай байна. Хэдийгээр 00,00 цагаас хаах ёстой ч бараг 50 хувь нь нууцаар ажиллаж байна. Ийм хоёр нүүртэй, хуулиа гууль болгосон журмаа болиоч ээ. Бид зүгээр л ажлаа хиймээр байна." гэв. Мөн иргэн н.Булгантамир энэ үеэр: "Бар караоке, лоунж зэрэг газрууд 2 жил үйл ажиллагаа явуулаагүй.
 
 
Мөн цагийн хязгаараас болоод өрийн болон түрээсийн дарамтанд орж байна. Миний хувьд сүүлийн жил гаруй хугацаанд нийгмийн даатгалаа төлж чадаагүй. Засгийн газрын шийдвэр, УОК-оос болоод хар дансанд орсон. Яагаад гэвэл цагийн хязгаараас болоод төлбөрөө төлж чадахгүй, зээлээ төлж чадаагүй гээд намайг банк хар дансанд оруулчихсан. Манайх ажиллаагүй, удахгүй нээгдэнэ гэж хэлсэн ч банк тэр бол манай асуудал биш гэсэн.
 
 
Саяхнаас л 00:00 цаг хүртэл ажиллах болсон. Гэтэл хүмүүс орж үйлчлүүлдэг идэвхитэй цаг нь 22,00 цаг байдаг. Тэгээд тухтай суугаад үйлчлүүлэх гэтэл цагдаа, мэргэжлийн хяналтынхан нь ороод ирдэг. Манайх гэхэд 8 ширээтэй, 40 хүн л хүлээн авах чадалтай газар. Үүнээс болж би 3 удаа шүүхээр орлоо. 00:10  цаг болж байхад орж ирээд 2 ширээ байсан чинь танайх цаг хэтрүүлж ажиллалаа, зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гээд шүүхээр ороод 500,000 төгрөгөөр 3 удаа торгуулсан. Би хүнд үйлчилж, ажлын байр бий болгосныхоо төлөө шүүхээр орж торгуулсандаа гомдолтой байна. Нийгмийн даатгал, татвар, түрээс төлж хүнд үйлчилснийхээ төлөө би яагаад шүүхээр орж шийтгүүлж байгаа юм бэ? УОК-оос болж би яагаад банкны хар дансанд орж байгаа юм бэ? Бид ажлын байр бий болгодог хүмүүс. Энэ салбарыг дагаад дуудлагын жолооч, такси, ТҮЦ бүгд орлого олдог. Оюутнуудад хүртэл цагийн ажлын байр бий болгодог. Ер нь  ажил олгогчдыг яагаад ад үзээд байгаа юм бэ? Энэ цагийн хязгаар гэдэг дарамтаа больё." хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
 
 
 
 
М.Чойжал