sonin.mn
Олон улсын ойн өдөрт
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танаа
 
Ил захидал 
 
Сайд танд олон улсын ойн өдрийн мэндчилгээг дэвшүүлж,  санал бодлоо энэхүү захидлаар тоймлон хүргэлээ. Авах гээхийн ухаанаар хандана биз дээ. 
Манай оронд ойжуулалтын ажлыг 1980-оноос эхэлж шинэс, нарсны 2-3 настай тарьцаар гүйцэтгэж ирлээ. 2020 он хүртэлх 40 жилийн хугацаанд 221,8 мянган га талбайд ойжуулалтын ажил хийж хагас тэрбум мод тарьжээ. Гэвч  ургах орчны нөхцөл сайтай Тужийн нарс гэх мэт цөөн хэдэн газрыг эс тооцвол үр дүн нь туйлын чамлалттай байгаа. 
 
Удаан өсөлттэй, амьдрах орчны өндөр шаардлагатай шилмүүст модны тарьцыг ойн нөхцөл нь алдагдаж  хээржсэн, хуурайшилт ихтэй, малын нөлөөнд өртөмтгий талбайд суулгаад 3-хан жил арчилаад орхиж байгаа нь дэндүү эрсдэлтэй байна. 
 
Тэгвэл ойн шинжлэх ухаанд пионер үүлдэр, хөөгч мод гэж нэрлэгддэг мод сөөгүүдийг ойжуулалтад ашиглах, ойн үүлдэр солигдох процессыг зориудаар явуулах асуудлыг авч үзэх шаардлага гарч байна. 
Ойгүй болж  нүцгэрсэн талбайд зохицон ургаж ойн нөхцөлийг анхлан бий болгож чадах навчит модыг пионер үүлдэр хэмээн нэрлэдэг. Манай орны шилмүүст ойн голлох пионер үүлдрүүд бол  хус, улиангар юм. Эдгээр  мод хөрсний үржил шим, ус чийгийн шаардлага харьцангуй бага, халуун хүйтэн, хуурайшилтыг маш сайн тэсвэрлэж, үндэс нь бэхжиж, малд идэгдсэн ч үндэснээсээ сэргэж ургах боломж өндөртэй байдаг. Тэрчлэн  нүүрстөрөгч шингээлтийн эрчим өндөртэй, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн  хөрс  үүсэхэд онцгой нөлөөтэй. Хус улиангарын 1,5-2 настай тарьц 30-40 см өндөртэй байх бөгөөд маш  хурдан  ургаж 30-40 жилд өсөлтийнхөө  дээд хэмжээнд хүрдэг. Аж ахуйн үүднээс авч үзвэл сүүлийн жилүүдэд ойн химийн үйлдвэр, мебель, шүдэнз, савх зэрэгт навчит үүлдрийн модны хэрэгцээ үндсэн үүлдрүүдээс дутахгүй нэмэгдэж байна. Хус улиангаран ойгоос 80-90 жилийн хугацаанд шилмүүст ойгоос 2 дахин илүү хэмжээний модлогийг ашиглах боломжтой. 
Пионер үүлдрийн навчит модод ургаж томрохын хэрээр нүцгэн газарт ойн орчин, нөхцөл бий болж  үнэт үүлдрийн шилмүүст ой ургах тохиромжтой нөхцөл бүрддэг. Энэ үед шилмүүст модны тарьцаар ойжуулалтыг явуулах шаардлагатай.
Энэхүү ойжуулалтын үр дүнд завсрын шинжтэй холимог ой бүрэлдэнэ. Холимог ой нь шилмүүст болон  навчит  ойтой харьцуулахад экологид  үзүүлэх нөлөө, бүтээмж өндөртэй,  температурын эрс өөрчлөлт, гал түймэрт нэрвэгдэх, өвчин хорлогчдод хөнөөгдөх, хүчтэй салхи шуурганд гэмтэх нь  бага байна, 
 
Шилмүүст модны өсөлт эрчимжих үед навчит модны насжилтын хугацаа дуусч үүлдэр солигддог. 
 
БНСУ 1960-аад оноос Японы колончлогчдод цөлмүүлж, Солонгосын дайнд нүцгэрсэн ойгоо нөхөн сэргээх ажлыг яг ийм дарааллаар зохион байгуулсан байдаг. Ойжуулалтын эхний 6 жилийн хугацаанд  1 сая га талбайг ойжуулж  2 тэрбум навчит мод  тарьсан байна.  
Үүний дараа  ойн үүлдэр солигдох байгалийн хуулийг зохиомлоор явуулж  навчит ойн дор шилмүүст мод  тарьж ойн үндсэн үүлдрийг  сэргээжээ. 
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын ажилд шинжлэх ухаанчаар хандаж, шилмүүст ойд хийгдэх ойжуулалтын ажлын  тодорхой хэсгийг судалгаа, тооцооны үндсэн дээр хус, улиангараар явуулах санал гаргаж байгаа юм. Хус, улиангарыг  үрээр тарихад нарс, шинэсийг бодоход цаг хугацаатай өрссөн, ур чадвар шаардсан нарийн чимхлүүр ажиллагаатай ч манай ойжуулагчид амжилттай хэрэгжүүлэх боломжтой.  Мөн энэ ажилд биотехнологийн эд, эсийн өсгөврийн аргыг нэвтрүүлбэл санаанд оромгүй үр дүнд хүрэх боломж бий. 
Тэрчлэн ойжуулах ажлын үнэлгээ, менежментийг сайжруулж, бүртгэл тооцоог чамбайруулж, урамшуулал, хариуцлагыг зөв хослуулах шаардлагатайг надаар хэлүүлэх шаардлагагүй бизээ. 
 
Энэ жил тарьж суулгасан модны тоогоор биш, урьд жилүүдэд  тарьсан модны амьдралтын хувийг жил жилээр тооцож ойжуулалтын ажлыг үнэлдэг, бас сурталчилдаг шинэ хандлагыг хэрэгжүүлэхгүйгээр  “Салан баавгай”-н  үлгэрээс салж чадахгүй. 
 
БОАЖЯ-ны ахмад ажилтан,  Говийн бүсийн анхны ойжуулагч инженер,  
Биотехнолгич, Доктор(Ph.D), профессор Д.Энэбиш