sonin.mn

 

Монгол хүн сансарт ниссэний 32 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээх өдрүүдэд улаан бүч дэрвүүлсэн пионерууд бүрээн дуун дор жагсч, дуу хуур хөгжөөн сансрын нисгэгчдийн зурагтай жижиг дарцаг намируулан алхаж байв.
 
Нийтийн тээврийн автобусны цонх, үйлчилгээний газруудын хана, хаана л бол хаана зурагт хуудас нааж марк, ил захидал гээд бүх л зүйлд сансрын нисгэгчдийн хөрөг харагдах нь хүүхэд насны дурсамжид тодхон үлджээ. Тухайн үеийн хүүхдүүд Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү Саран наран хоёртой Саадгүй уулзаад ирэв үү ... хэмээн дуулж байв. 
 
 
   Энэхүү дууны үг нь сансрын нисгэгчээ угтсан амар мэндийн үг байсан юм. Эгэл малчны хотоос эрхэс гаригийн зүг хүлгийн жолоо залсан Ж.Гүррагчаагийн тухай нэвтрүүлэг, сурвалжлага олноор гарч, тэр бүхэн хүмүүсийн сэтгэлд хүрч, хүүхэд бүр сансрын нисгэгч болохыг мөрөөддөг болж билээ.
 
 
Тэр бүү хэл хөнгөн цагаанаар хийсэн гар хийцийн буугаар дайтаж тоглодог байсан хүүхдүүд цаасаар онгоц хийж тоглодог болсон сон. Үүнээс харахад тухайн үеийн монголчуудын баяр баясгалан хүүхдэд хүртэл хэрхэн нөлөөлснийг мэдэж болохоор. Тухайн үеийн хамгийн сайн, сайхан үлгэр дууриал нь сансрын нисгэгч байлаа.
 
 
Монгол түмэн өмнө нь онгоцны нисгэгч л агаар огторгуйн дунд мөнгөн цагаан хөлгөөрөө дүүлдэг хэмээн боддог байсан бол монгол хүн сансарт ниссэн тэр цаг мөчөөс эхлэн огторгуйн уудмаас эх дэлхийгээ бүрэн харж болох юм гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байлаа. “Амны билгээс ашдын билэг, анхны алхмаас амжилтын эхлэл” хэмээх үг байдаг. 
 
 
     Эгэл түмэн маань сайн бүхнийг билэгдэн тэр л өдөр мэндэлсэн үрсдээ Сансар, Огторгуй, Гүррагчаа, Жанибеков,Гариг, Эрхэс нэрийг хайрлаж байсан гэдэг. Ж.Гүррагчаагийн төрсөн нутаг Булган аймагт гуравдугаар сарын 22 буюу энэ өдөр гурван ихэр хүүхэд мэндэлсэн нь баяр дээр баяр болж Сансар, Сансармаа, Санчирмаа хэмээх нэрийг хайрлаж байв.
 
 
Хүүгээ сайн сайхан яваг гэхдээ ирээдүй цагийг нь билэгшээн нэр хайрладаг.Түүний нэгэн утга нь Гүррагчаа хэмээх нэр юм. Эртний энэтхэг гаралтай Гүр гэдэг үг нь лам, дээд, хуварга, Рагчаа нь сахиус, сахиул гэсэн утгатай юм байна. Энэ хоёр үг нийлэхээрээ Дээд сахиус буюу Тэнгэрийн эзэн гэсэн монгол утгатай ажээ.
 
 
Ийнхүү монгол түмний дундаас хамгийн анх Тэнгэрийн эзэн нь сансарт ниссэн цаг үе нэгэнт түүх болон үлджээ. 1981 оны гуравдугаар сарын 22-ны шөнө Монголд олон хүн унтаж чадаагүй. Тэр хүмүүсийн нэг нь миний өвөө байсан юм. 
 
 
    Тэрбээр хүлээн авагчийнхаа өмнө тухлан сууж, сансрын “Союз-39” хөлөг хөөрсөн тухай мэдээг сэтгэл догдлон сонсож байлаа. “Багийн ахлагч сансрын нисгэгч Владимир Жанибеков болон БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын сансрын хөлөг Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутанд хөөрөв”.
 
 
Энэхүү үгийг радиогоороо сонссон өвөө минь “Сайн байна. Сайн яваад ирээрэй “гэж амандаа бувтнаж байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Ачит ээж нь хүүдээ Арван төгрөг бэлэглэлээ... хэмээх шүлэг хүүхэд бүхний сэтгэлээс уншигддаг байв. Алс хол мордож буй хүүдээ ээж, аав нь сэтгэлийн бэлэг өгч аяны дөрөөг нь сүүгээр мялаадаг.
 
 
Тэр л ёсоор Ж.Гүррагчаагийн ээж хүүгээ сансарт нисэхээр хөөрөхөд нь 10 төгрөг бэлэглэсэн буй заа. Тэрхүү ээжийн хайр энэрлээс бэлэглэсэн тэр мөнгө өнөөдөр шүлэг болон мөнхөрчээ. Ачит ээжийнхээ хөдөлмөр шингэсэн 10 төгрөгийг аавынхаа хөөрөгтэй хамт энгэртээ хадгалж эх дэлхийгээ тойроод ирсэн монгол хүү сансарт ниссэн түүх өнө мөнх гэгээнээр дурсагдсаар л.
 
 
В.Нэргүй 
 
Эх сурвалж: